Есөн настай охин есөн давхраас унажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Есөн настай охин есөн давхраас унажээ

Хүүхэд бүхний тэсэн ядан хүлээдэг есдүгээр сарын 1-ний өдөр есхөн настай охин амиа хорлосон эмгэнэлт хэрэг гарчээ. Бяцхан охин есдүгээр сарын 1-ний өдөр  сургуулийн ширээний ард ердөө л хоёрхон удаа л суух хувь тавилантай байжээ. Тэрээр энэ жил гуравдугаар ангийн сурагч болох байсан ч харамсалтай нь болсонгүй. БГД-ийн гуравдугаар хорооны 54-дүгээр байрны есдүгээр давхарт амьдардаг байсан тэрээр үүрийн 06 цаг орчимд гэрийнхээ цонхоор үсэрчээ. Ийм хэрэг болсныг гэрийнхэн нь мэдээ ч үгүй байхад байрных нь хажуугаар өнгөрч явсан хүн 07 цагийн үед цагдаад дуудлага өгснөөр энэ хэрэг ил болсон байна. Уг нь тэрээр хувийн хятад сургуульд сурдаг, ар гэр нь санхүүгийн хувьд гачигдалгүй нэгэн байсан аж. Айлын бага тэрээр дээрээ нэг эгчтэй байжээ. Харин эцэг эх нь салснаар эгчийг нь ээж нь авч, тэрээр эцэгтэйгээ хамт үлдсэн тухай ойр хавийнх нь хүмүүс хэлж байсан. Энэхүү хэргийг одоо БГД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж, мөрдөн байцаалтын шатанд шилжсэн байгаа аж. Тухайн хэргийн талаар мөрдөн байцаагч Н.Батзориг “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн. Одоогоор хэрэг мөрдөлтийн шатанд байгаа бөгөөд 14 хоногийн дараа гарах задлан шинжилгээний хариунаас бүх зүйл хамаарах аж. Хэрэв задлан шинжилгээгээр гадны нөлөөтэй байх нь тогтоогдвол дараагийн арга хэмжээг авах тухай мэдэгдсэн. Харин одоогоор түүний эцэг гадуур байцаалтад байгаа аж. Баянгол дүүргийн гуравдугаар хороо нь баруун Дөрвөн замын урд байх төмөр замын хэсэг орон сууцыг хамардаг аж. Золгүй хэрэг гарсан 54 дүгээр байр “Ганзам” зочид буудлын хойно саяхан ашиглалтад орсон, шинэ, шар өнгөтэй есөн давхар барилга аж. Ойр хавийнх нь хүүхдүүд, хүмүүс энэ хэргийн талаар бүгд мэдэж байв. Хүүхдүүд талийгаач охины хаана унасныг нь ч зааж өгч байсан ч томчууд нь энэ талаар ярихыг хүсэхгүй байсан юм. Байрных нь хүмүүс ийм юм болсонд итгэхгүй байгаа. Эцэг эхийнх нь салалт л хүндээр нөлөөлсөн байх гэж бодож байгаагаа нуусангүй. Харин хүний зовлонгоор жаргал хийж байгаа юм шиг ярилцлага өгөхгүй гэж зарим нь дургүйцэж байсан. Түүний унасан  газарт нь  цус хатаж, харласан харагдана. Гэсэн ч энэ хэсэг машины зогсоол учир ийм хэрэг болсныг мэдсэн, мэдээгүй олон хүн машинаа байрлуулсан байлаа.


Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж