Дональд Трамп дахин ерөнхийлөгч болсноор АНУ-д "4B" хөдөлгөөн өрнүүлэх сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэж байна. Либерал үзэл баримтлалтай охид, эмэгтэйчүүд "TikTok", "Instagram" хуудсаараа дамжуулан Өмнөд Солонгосоос гаралтай феминист хөдөлгөөн эхлүүлэхийг уриалах болжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болох ёстой гэх хэвшмэл ойлголтын эсрэг бөгөөд амьдралд эрэгтэй хүн "тийм ч чухал" биш гэсэн утга бүхий хөдөлгөөн юм.
"4B" хөдөлгөөнийг уриалж буй эмэгтэйчүүдийн тайлбарлаж буйгаар, "Үр хөндөх эрхийг хуулиар хязгаарлаж, хүчирхийлэл үйлддэг хүнд эрэгтэй хүмүүс хамгийн их саналыг өгсөнд бухимдаж байгаа тул эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж уг хөдөлгөөнийг өрнүүлэх ёстой" гэсэн юм.
Тиймээс Дональд Трампт саналаа өгсөн эрчүүдийг зүй бус үгээр доромжилж, улс нийтээрээ нэгдэхийг уриалж байгаа аж. Сент-Луис хотод амьдардаг 36 настай Ашли Поллард уг хөдөлгөөнийг дэмжигчдийн нэг юм. Тэрбээр "CNN" агентлагт хэлэхдээ " Бид эрчүүдийнхээ аюулгүй байдлын төлөө санаа зовж, тэдний төлөө гуйж, эмэгтэй хүнийхээ хийх ёстой бүхнийг хийдэг ч тэд биднийг үзэн ядаж байна. Тиймээс эрчүүд биднийг үзэн ядаж байвал бид хүссэн бүхнээ хийх болно" гэжээ.
"4B" ХӨДӨЛГӨӨН ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ нь "bihon, bichulsan, biyeonae, bisekseu" буюу "хуримлахгүй, хүүхэд төрүүлэхгүй, болзохгүй, эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орохгүй" гэсэн солонгос үгийн товчлол юм. Анх 2015-2016 оны хооронд үүссэн бөгөөд залуу охид эмэгтэйчүүдийн дунд түгээмэл оролцдог "MeToo" эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх, феминист хөдөлгөөний өөр нэгэн хувилбар юм. 2016 онд Сөүл хотын метроны буудал дээр нэгэн эмэгтэй хэрцгийгээр алуулсан.
Түүнийг хөнөөсөн гэмт хэрэгтэн нь эмэгтэйд үл тоогдож байгаа мэт мэдрэмж авсан тул алахаар шийдсэн байжээ.
Үүнээс болж тус улсад эмэгтэй хүний үнэ цэнэ хэр хэмжээнд байгааг харуулсан үндэстний статистик гарч, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Тодруулбал, эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлж, гэр цэвэрлэхээс өөр зорилгогүй гэж үздэг эрэгтэй хүмүүсийн тоо олон байгааг харуулсан юм. Улмаар охид, бүсгүйчүүд нийгмийн хэвшсэн ойлголтоос татгалзаж, эмэгтэй хүн үнэ цэнэтэй, өөрийн хүссэн амьдралаараа амьдрах эрхтэй гэдгийг уриалсан хөдөлгөөн өрнүүлэх болсон.
Өмнөд Солонгост феминизм ба жендерийн тэгш бус байдал олон жилийн турш голлох асуудлуудын нэг байсаар ирсэн. Жишээ нь, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр, тус улсын эмэгтэй ажилчид эрэгтэй ажилчнаас хоёр дахин бага цалин авдаг. Мөн дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг ч гэлээ удирдах албан тушаалд барагтаа л эмэгтэй хүнийг томилдоггүй.
"4B" хөдөлгөөн нь онлайн болон офлайн байдлаар оршин тогтнодог тул цар хүрээг нь мэдэх боломжгүй.
Үндсэн зорилго нь феминизмийн тухай ч гэлээ сүүлийн жилүүдэд транс эмэгтэйчүүдийн эрхийг мөн адил хамгаалах эсэх дээр маргаан гарч, хөдөлгөөн хуваагдмал байдалд орсон. Тухайлбал, транс эмэгтэй буюу эрэгтэй хүнээс эмэгтэй рүү шилжсэн хүнийг "4B" хөдөлгөөнд элсүүлж, эрхийг нь хамгаалах үгүй дээр маргаан гарах болсон юм. Гэсэн хэдий ч, өнөөг хүртэл уг хөдөлгөөн хүчээ алдалгүй жендерийн эрх тэгш байдлыг уриалсан хэвээр байна.
Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулийн жендер судлалын туслах профессор Жу Хуй Жуди Хан "Энэ нь дэлхий нийтийг хамарсан томоохон хөдөлгөөн биш. Гэхдээ бий болгосон шалтгааныг нь хүн бүр ойлгодог. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл маш их гарч, тэднийг ялгаварлан гадуурхаж, эцгийн эрхт ёсоор амьдар гэж шаардаж байдаг нийгэмд гэрлэж, хүүхэдтэй болох нь маш их хүндрэлийг үүсгэж байна. Ийм нийгэмд ямар эмэгтэй хүн охин хүүхэдтэй болж, сэтгэл амар амьдрах вэ? Маш олон эмэгтэй хүн, ижил хүйстэн байна уу, транс байна уу хамаагүй, бид нэг завинд сууж байна. Энэ нь дарангуйлагч, хүчирхийлэгч нийгэмд дасан зохицох юм" гэж тайлбарлажээ.
Хэдийгээр "4B" хөдөлгөөн нь цахим орчинд түгээмэл биш ч гэлээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн үүнийг сэргээж байна.
АМЕРИК ЭМЭГТЭЙЧҮҮД ХЭРХЭХ ВЭ?

"4B" хөдөлгөөн АНУ-д эрчээ авна гэж хэлэхэд хэтэрхий эрт юм. Гэхдээ залуу охид, бүсгүйчүүдийн дунд үүнийг уриалсан бичлэг, нийтлэлүүд цахим орчинд олширсон. Зарим эмэгтэйчүүд феминист хөдөлгөөн байдгийг мэдсэн даруйдаа нэгдэхийг амлаж байгаа бол гэр бүл зохиосон эмэгтэйчүүд өөр аргаар тэмцэлд нэгдэхээ илэрхийлсэн юм. Жишээ нь, эрэгтэй хүний эрхэлдэг бизнесийн бойкот хийж, тэдний төлөө сэтгэлзүйн туслалцаа үзүүлж, дэмжихгүй байх гэх мэт.
Ашли Поллард хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгосын "4B" хөдөлгөөний талаар мэдэж авчээ. Эл цагаас хойш тэрбээр эрэгтэй хүнгүйгээр амьдрал хэрхэн үргэлжилж болдгийг судалж эхэлсэн. Мөн 2022 оноос эхлэн нэг ч эрэгтэй хүнтэй хайр сэтгэлийн болон бэлгийн харилцаанд ороогүй бөгөөд биеэ даан амьдрах нь бие, сэтгэлийн зовлон багатай гэх дүгнэлтэд хүрсэн аж. Гэхдээ хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болох ч донорын тусламжтайгаар жирэмсэлж, ганцаараа хүүхдээ өсгөнө гэж өөртөө амласан байна.
Түүний эрчүүдээс хөндийрөх шийдвэр нь өс хонзонгийн үйлдэл биш, өөрийгөө бүх зүйлийн нэгдүгээрт тавьж хайрлах явдал байв.
Одоо, тус улсын бусад эмэгтэйчүүд "4B"-г сонирхож эхэлсэн тул Ашли Поллард эцгийн эрхт ёсноос өөр амьдралаар амьдрах боломжтой гэдгийг тэдэнд таниулах ажил хийж байна. "CNN" агентлагт хэлэхдээ, "Эрэгтэй хүмүүсийг амьдралаасаа хасахад тэд яаж ч чадахгүй. Гэтэл улс төрд эмэгтэй хүнийг үзэн ядаж, эмэгтэй хүнийг эд зүйл мэт үздэг хүн ялж байна. Миний бодлоор тэр хүн/Дональд Трамп/ эмэгтэйчүүдийн аз жаргал, эрх ашгийг үл тоомсорлох болно. Тиймээс үүнийг эсэргүүцдэг эмэгтэйчүүд нэгдэх цаг болсон. Эхнээсээ нэгдэж эхэлсэн" гэжээ.
Бостон хотод амьдардаг 26 настай Алекса Варгас хэдэн жилийн өмнөөс эрэгтэй хүнтэй харилцахаа больсон аж. Учир нь тэдний хортой зан чанар, хүссэнээрээ хүнийг удирдах гэсэн бодол нь амьдралыг нь уй гунигаар дүүргэж байсан гэв. Мөн "4B" хөдөлгөөнийг мэдэж авснаар бие даан амьдарч, эмэгтэй хүмүүсийг өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг болжээ. Тэрбээр хэлэхдээ "Эрчүүд хэзээ байгаа байдлаа нэг анзаарч, сэрэх бол гэдгийг хэлж мэдэхгүй. Тиймээс миний амьдралын зорилго залуу охид, эмэгтэйчүүдийг хамгаалах болсон" гэжээ.
Мэдээж хэрэг, "4B" хөдөлгөөний талаар цахим орчинд маргаан гарч буй. Үүнийг эсэргүүцсэн эрчүүд хөдөлгөөнд яагаад орох ёстойг баталж өгдөг гэж зарим эмэгтэйчүүд үзэж байна. Учир нь эмэгтэй хүний эрх тэгш байдлыг үгүйсгэж, нийгмийн хэвшмэл байдлаас гарахад нь хортой зан авиртай эрчүүд дургүй байдаг гэж "4B" хөдөлгөөний эмэгтэйчүүд тайлбарлажээ. Түүнчлэн, уг хөдөлгөөний талаар тайлбар бичлэг нийтэлсэн нэгэн эмэгтэйг цахим орчинд эрэгтэй хүмүүс харааж, үхлийн аюул заналхийлсэн аж. Тиймээс тухайн эмэгтэй "4B" хөдөлгөөнийг дэлгэрүүлж, АНУ-д өрнүүлэх ёстой гэж уриалж байна.
3,595.72






















































Холбоотой мэдээ