Ц.Оюунгэрэл: Улс төрийн шинэ алхам хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл: Улс төрийн шинэ алхам хийлээ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон Ц.Оюунгэрэлийг “Ярилцах танхим”-ын зочноор урьж ярилцлаа.

-Юуны өмнө Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсонд тань  уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Нэлээд хэл ам дагуулсан уг сонгуулийн үйл ажиллагаа ямархуу болов?

-Шударга сайхан сонгууль боллоо. Бүх юм ил тод, гишүүд саналаа чөлөөтэй илэрхийлж байсан. Хангалттай мэтгэлцэж, асуулт хариулт өрнүүлсэн. Ширүүн өрсөлдөөнтэй, жинхэнэ АН-ын дотоод ардчилсан сонгууль боллоо.

-Эмэгтэйчүүдийн холбооны энэ сонгуулийн үеэр эрэгтэй улстөрчид дасгалжуулсан, зүтгүүлсэн, хор найруулсан гэсэн яриа тасраагүй. Тухайлбал, таныг хэн “дасгалжуулсан” бэ?

-Миний ард талд эрэгтэй улстөрч байгаагүй. Гэхдээ нам бол нам шүү дээ. Нам дотор эрэгтэй, эмэгтэй гишүүд байна. Сонгууль бүхэн намын гишүүн бүрийн анхаарлын төвд байдаг.

Тийм учраас намын эмэгтэй гишүүдийн сонгууль эрчүүдийн анхаарлыг татсанд би хувьдаа талархаж байгаа. Танхимд байсан гишүүдийн зүгээс эмэгтэйчүүдийн хурал учраас бид дангаараа шийдвэрээ гаргаж, эрх ашгийнхаа төлөө, тэр тусмаа жендерийн асуудлаар бие даасан байр суурьтай байх ёстой гэсэн бодолтой хүмүүс давамгайлж байсан.

-Харин та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Энд би “бие даасан” гэдэг үгийг онцолж хэлмээр байна. Ер нь хүйсийн тэгш байдлын тухай заалтыг  хуульд оруулах, Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг оруулах зэрэг бүх асуудалд УИХ-д олонх болсон эрэгтэй гишүүд шийдвэр гаргаж байгаа. Өнөөдөр бид тэдэнд нөлөөлөх чадвартай болохын тухай ярьж байгаа болохоос биш, тэдний нөлөөнд орох, гар хөл болох байдлаар явбал хэзээ ч тэр квотыг авч чадахгүй. Хэзээ ч Жендерийн тэгш байдлын тухай хууль батлагдахгүй. Үнэхээр энэ хуулийг батлуулъя, улс төрд эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлье гэж бодож байгаа бол эмэгтэйчүүд нь парламент дахь эрэгтэй гишүүддээ нөлөөлөхөөс өөр аргагүй.

-Ямар байдлаар, яаж нөлөөлнө гэж. Энэ нөлөөллийг дарамт шахалт, эсвэл тэмцэх байдлаар ойлгож болох юм?

-Хамгийн гол нь бодлогоо дэмжүүлэхэд л ил тод нөлөө үзүүлэх юм. Бидний гол зорилго бол  жендерийн тэгш байдлын тухай хуулийг хурдан баталж, УИХ дахь квотыг оруулж өгөөч, урьд нь квотыг авч хаясан дутагдлаа битгий давтаач хэмээн сануулж  нийгэмд яагаад жендерийн тэгш байдал зайлшгүй шаардлагатай вэ гэдгийг ухамсарлуулах нь явдал юм.

-Одоогоор УИХ, Засгийн газарт Ардчилсан намын харьяалалтай эмэгтэй гишүүн байхгүй. Тийм ч учраас танай холбооны хурал ширүүхэн болсон байх?

-Яриангүй тэгсэн. Ерөөсөө манай намд жендерийн тэгш байдал алдагдсан. УИХ-д байтугай намын удирдлагад ч эмэгтэй гишүүн байхгүй. Манай намын эрэгтэй гишүүд квотыг унагаахад биечлэн оролцсон. Энэ бүхэн манай намын эмэгтэй гишүүдэд маш том дохио өгсөн байсан. Тэмцэхгүй бол болохоо байлаа. “Та нар минь энэ хуулийг баталчихаарай, итгэж байгаа шүү” гэж хүлээгээд болохгүй юм байна. Тиймээс тулгамдсан асуудал болчихоод байгаа учраас хуралдаан өрсөлдөөнтэй боллоо. Цаашид энэ асуудлыг хэн, хэрхэн авч явах вэ, яавал шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо илүү шуурхай хүргэж, нөлөөлөх вэ гэдэг дээр гол маргаан өрнөсөн.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшсэн эмэгтэйчүүдээс та юугаараа давуу байсан учраас сонгогдсон бол?

-Шийдвэр гаргагчдад нөлөөлөх талаараа арай илүү итгэл үнэмшил төрүүлсэн болов уу гэж бодож байна. Нэгэнт бид тэдэнд нөлөөлж, өөрсдийн байр суурийг тогтолцооных нь хувьд бэхжүүлье гэсэн зорилгод нэгдсэн. Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал алдагдсанаас болж нийгмийн үр дагавар нь ядуус, эмэгтэйчүүдэд хүнд тусдаг. Тиймээс асуудлаа зөв томьёолж, олон нийтэд хүргэж, дэмжлэг авахын тулд  нэлээд бэлтгэгдсэн улстөрч, тодорхой хэмжээний тэмцэх чадвартай багтай байхыг  шаардаж байна. Хэдийгээр бид цоо шинэ, залуу хүнийг сонгоё гэсэн санал танхимаас маш их гарч байсан ч тулгамдсан асуудлаа яаж шийдвэрлэх вэ гэдэг нь илүү чухал байлаа. Би өөрийгөө танилцуулахдаа энэ талаар нэлээд зоримог тэмцэж чадна гэдгээ хэлж байсан. Мөн хүний эрхийн чиглэлээр олон жил ажилласан маань өрсөлдөгчдөд маань байгаагүй давуу тал болсон байх гэж бодож байна.

-Тэгвэл та сонгогдохын тулд юу амласан бэ. УИХ-ын ирэх сонгуульд хэдэн эмэгтэй нэр дэвших, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, орон нутагт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар ч юм уу ямар нэг тоо амласан уу?

-Агуулгын хувьд эмэгтэйчүүдийн байр суурийг шийдвэр гаргах бүх түвшинд хүчтэй оруулж ирнэ гэж амласан. Урьд нь энэ асуудлыг агуулга багатайгаар ярьж байсан дутагдал байсан. Тухайлбал, УИХ дахь эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэнэ гэх мэтээр ярьдаг байлаа. Гэтэл улс төрд манай намын амлалтын 30 хувийг эмэгтэйчүүд бичиж оруулна гэсэн амлалт бидэнд байгаагүй. Миний бодитой төсөөлж байгаагаар эмэгтэйчүүд өөрсдөө бодлогоо бичиж томьёолдог байх хэрэгтэй. Шийдлээ хамтдаа олох, олсон шийдлээ намын мөрийн хөтөлбөрт оруулъя. УИХ дахь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн 30 хувийг, нийслэл, аймгийн мөрийн хөтөлбөрийн 40 хувь, сум, дүүргийн мөрийн хөтөлбөрийн 50 хувийг эмэгтэйчүүд бичиж оруулна. Ардчилсан намаас арван зүйлтэй хөтөлбөр гаргалаа гэхэд тав нь эмэгтэйчүүдийн гараар бичигдсэн, тэдний нүдээр харсан, хэлэлцүүлгээр шийдлээ олсон байх хэрэгтэй. Ингэснээр нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлнэ. Агуулгын талаас ингэж хувь зааснаар бид үүндээ хүрэхийн тулд маш их эрчимтэй ажиллах хэрэгтэй болж байна. Дараагийн сонгууль ойрхон байна.

-Хэчнээн боловсрол, мэдлэг чадвар өндөр байлаа ч хүн бүр бодлогоо бичиж чадах уу гэдэг нь эргэлзээтэй шүү дээ?

-Энэ талаар сургалт зохион байгуулна. Одооноос эмэгтэйчүүд бодлого шийдвэр гаргах, тулгамдсан асуудлын шийдлийг олох гэсэн гурван зүйлд маш эрчимтэй сургана. Миний амлалтад ч энэ сургалтыг бүр анхан шатнаас нь эхлүүлнэ гэсэн байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэлээд хүч хөдөлмөр зарцуулж далайцтай эхлэхээр бэлтгэж байна.   

-Таныг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаас чөлөө авахад улс төрөөс түр холдохыг хүсчээ гэж бодсон. Одоо илүү эрч хүчтэйгээр эргэн ирлээ гэж ойлгож болох уу. Магадгүй ирэх сонгуультай ч холбоотой байж болох юм?

-Болно. Миний хувьд энэ нь улс төрд орж ирж байгаа цоо шинэ алхам.

-Та энэ албан тушаалд очно гэж эртнээс төлөвлөж байсан уу?

-Өнгөрсөн жил энэ албан тушаалд өрсөлдөх эхний боломж гарсан. Гэтэл сонгууль нэг жилээр хойшилсон. Өөрөөр хэлбэл, би ноднин өрсөлдөж эхэлсэн ажилдаа энэ жил дахин оролцож ялалт байгуулсан гэсэн үг. Миний хувьд эмэгтэйчүүдийн асуудлаар улс төрд дуугарах сонирхол эрт эхэлсэн. Харин дуугарахгүй бол болохгүй юм байна гэсэн итгэл үнэмшил маань эрүүл мэндийн чөлөөтэй байх хугацаанд бүрэн төлөвшсөн.  Аливаа хүнд үзэл санаагаа хатуужтал нь төлөвшүүлэхэд бодох хугацаа хэрэгтэй байдаг. Өнгөрсөн хэдэн сард  улс төрөөс, Төрийн ордноос хол байхад бодох боломж хангалттай байлаа.

-Танд өмнө нь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа ямар санагддаг байсан бэ?

-Тухайн нөхцөл байдал харьцангуй өөр. Өмнөх жилүүдэд намаа байгуулах, бүтцээ бий болгох, эмэгтэйчүүдээ олж нэр дэвшүүлэх, олонд таниулах, намын дүрэмдээ тэдний эзлэх хувь хэмжээг оруулах зэрэг шат дараалсан олон ажил хийсэн байдаг. Энэ бүх чимхлүүр ажил нь бэлтгэл буюу байшингаар бол сууриа тавьсан хэрэг. Гадаад дотоод харилцаагаа бэхжүүлэх, аймаг, сумдын гишүүдийг бүрдүүлж , хурлаа хийх зэргээр  үндэсний хэмжээний бүтэц бий болгох нь өөрөө асар том ажил байдаг. Үүнийг бүтээн байгуулалтын ажилтай зүйрлэж болно. Одоо энэ бүтэц дотроо агуулгаа яаж баяжуулах вэ гэдэг хоёр дахь шатны ажилд шилжиж байгаа хэрэг. 

-Та өмнө нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон нь улс төрийн карьерийн хувьд өсөлт мөн үү?

-Би карьер өсөх, буурах талаар ёстой анхаарал тавьдаггүй. Хамгийн гол нь тухайн цаг үед ямар асуудалд анхаарал тавихыг хүссэн бэ, түүндээ л орж байвал миний улс төрд байсны хэрэг гарч байна боддог. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахдаа иргэний оролцооны асуудлыг яаж Ерөнхийлөгчийн институцийн нэг хэсэг болгох вэ, хүний эрхийг хамгаалах ажил нь  зөвхөн төрийн бус байгууллагын ажил биш, төрийн байгууллагын ажил юм шүү гэдэг соёлыг төлөвшүүлэхэд оролцсон маань маш завшаантай хэрэг. Яагаад гэвэл энэ асуудал тухайн үед үнэхээр тулгамдаж байсан. Дараа нь хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөөд хэдэн сар эмчлүүлсэн. Ингэж эмчлүүлэх үедээ эмнэлэгт ч, гэртээ ч эмэгтэйчүүдэд, тэдэнд учирдаг зовлон, жаргалд илүү ойр байлаа. Эргээд харахад би улс төрд ийм олон жил явчихаад эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг яагаад шийдвэрлэх түвшинд тавьж амжаагүй юм бэ гэж бодсон. Ажилгүй байхдаа ажилгүй хүний зовлонг, өвчтэй байхдаа өвчтэй хүний зовлонг илүү ойлгодог юм билээ. Магадгүй, надад энэ хэдэн сарын эмнэлгийн чөлөө эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах зорилго бий болгосон. Өмнө нь энэ зорилгыг хүний эрхийн түвшин дэх бусад зорилготой л ижил хэмжээнд авч үздэг байсан. Тэгвэл одоо эмэгтэй хүний нүдээр харсан шийдлийг төрийн бодлогод зоригтой оруулахын төлөө ажиллахгүй бол болохгүй нь гэдгийг олж харсан.

-“Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг. Харин эмэгтэй хүний хувьд төрийг засахад багагүй саад учирдаг. Магадгүй биеэ, гэрээ засах ажил нь төгсгөлгүй үргэлжилдэгээс ч болдог байж мэднэ. Таны бодлоор эмэгтэйчүүдийг улс төрөөс холдуулаад байгаа зүйл юу вэ?

-Эрх мэдэл, мөнгө хоёр эмэгтэйчүүдийг “шахдаг”. Хаана эрх мэдэл байна? Тэнд цөөнх ноёлж олонхийг оруулахгүй байх эрмэлзэл, тэднийг шахах соёлын болон зиндааны ялгаа, “элитизм” зэрэг ашиг сонирхол хуваах нөлөөлөл үүсдэг. Улстөрд эмэгтэй хүн орох гэхээр л муу үгээр булдаг. Харин гэртээ цайгаа чанаад , цэвэрлэгээ хийгээд байж байвал “Монголын сайхан үзэсгэлэнт” гэж магтан дуулдаг. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, мөнгө бага байгаа газарт л эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрдөг. Зарим эрчүүд шууд хэлдэг. Эмнэлэг, сургуульд эмэгтэйчүүд олноороо ажиллаж байна. Гэтэл  заавал улс төрд олноороо орж яах гээд байгаа юм бэ гэж. Эмнэлэгт эмэгтэй хүн юу хийдэг вэ. Сард 150-хан мянган төгрөгийн цалинтай, халдвартай, халдваргүй, бохир хүнд нөхцөлд ажиллаж байна. Сургуульд мөн адил. Өдөржин тоосон дунд хоолойгоо сөөтөл нервээ баран ажиллаж байна. Тэнд эрх мэдэл, мөнгө байна уу. Зөвхөн хүнд нөхцөл, хар ажил л байна. Баялаг хуваарилалт явагдахгүй, эрх мэдэл бага энэ орчинд эмэгтэйчүүд л ажиллаж байгаа. Эрчүүд ирж булаацалдах ч үгүй. Ийм л газар эмэгтэйчүүдийг хүчээр шахдаг. Тиймээс уучлаарай, эрх мэдлийн тэгш хуваарилалтыг бид шаардах хэрэгтэй болж байна.

-Тэгвэл эрх мэдлийн төлөөх тэмцэл гэж ойлгож болох уу?

-Яагаад гэвэл баялаг ч, эрх мэдэл ч бүгдийнх байх ёстой. Жишээ нь барилга барих эрх мэдэл дандаа эрэгтэй хүний мэдэлд байдаг учраас тэд тоглоомын талбай дээр барилга барих зөвшөөрөл өгөөд байна. Наад зах нь энэ асуудлыг шийдэхэд л хүүхдээ тэврээд салхилдаг эмэгтэй хүний оролцоо байгаагүй учраас ийм өрөөсгөл шийдэлд хүрч байна шүү дээ. Эхчүүд хүүхдэдээ цэцэг үзүүлээд “Битгий тасдаарай миний хүү” гэж захихдаа энэрэнгүй, хүмүүнлэг болох “А” үсгийг заадаг. Гэтэл эрчүүд цэцэг байлгахгүй байшин барих шийдвэр гаргаж байна. Ингэхээр хүүхэд, залуус харгис болж, гэмт хэрэг нэмэгдэж байна. Харамсалтай нь төр цагдаа нарт буу, зэвсгийг нь л нэмэх талаар бодохоос хүмүүнлэгийн талын ажил хийхгүй байна. Энэ талаар эмэгтэй хүний оролцоо яах аргагүй дутаж байна. Тиймээс бүх эрх мэдэл, мөнгөн дээр эрчүүд бөөгөнөрөөд байгаа нь буруу юм гэдгийг л бид хэлж байна. Түүнээс биш улстөрч болох гээд шунаад байгаа юм биш. Шударга ёсны л асуудал байгаа юм.

-Ийм үед танд эмэгтэй улстөрчдийн нам байгуулах бодол төрдөг үү?

-Тийм бодол төрдөггүй. Тэгвэл бас өрөөсгөл болчихно. Жендерийн тэгш байдал л чухал болохоос аль нэг жендер ялах нь ерөөсөө чухал биш.

-Намын дарга шинээр томилогдохдоо багаа бүрдүүлдэг. Танд ийм боломж бий юү, хурлаас сонгогдсон хүмүүстэй хамтарч ажиллах ёстой юу?

-Манай намын эмэгтэйчүүдийн байгууллагын дүрэм их гоё шүү дээ. Ялангуяа дахин шинэчлэгдсэн дүрэмд багаар ажиллахыг заачихсан. Түүний дагуу л ажиллана.

-Ажлаа юунаас эхлэх вэ?

-Шинэ дүрэм саяхан батлагдсан. Энэ дүрмээр бид хамтын удирдлагын маш сонирхолтой тогтолцоо руу орж байгаа. Манай намын тогтолцоо, эмэгтэйчүүдийн байгууллагын тогтолцооноос жаахан өөр. Яагаад гэвэл, харилцан хяналт тавих, санхүүжилт бий болгох, бодлогын хувьд зөвлөлдөх зэрэг асуудлыг нэлээд өргөн хүрээнд, бүх түвшинд хамтын оролцоотойгоор шийдвэрлэдэг. Тиймээс миний хамгийн түрүүнд хийх ажил нь төрд эхний ээлжинд нөлөөлөх бодлогын чиглэлүүдийг гаргах, хамтын шийдвэр гаргах байгууллагуудыг бий болгох явдал юм. Дүрмийн дагуу Гүйцэтгэх зөвлөлөө яаралтай байгуулах, эмэгтэйтэй улстөрчдийг дэмжих санг бий болгохоор ажлаа эхэлж байна.

-Ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж