Л.Гантөмөр: Цалин, тэтгэвэр, халамжийг тултал нэмж сонгогдчихоод…

Хуучирсан мэдээ: 2024.11.09-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр: Цалин, тэтгэвэр, халамжийг тултал нэмж сонгогдчихоод…

Л.Гантөмөр: Цалин, тэтгэвэр, халамжийг тултал нэмж сонгогдчихоод…

УИХ-аар өчигдөр Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүд “Засгийн газар төсвийн зардлыг танасангүй, данхгар төсөв оруулж ирсэн нь алдагдлыг өсгөж байна” гэж шүүмжлээд Ардчилсан намын дарга, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрт аманд дундуураа алгадуулна гэгч болов.

Тэрбээр “Засгийн газар кабинетын зарчимтай. Засгийн газар дээр төсвийн зарлагыг тал талаасаа ярьж байгаад бууруулах боломжгүй юм байна” гэж үзсэн.

Өнгөрсөн жил цалин нэмсээн, хөөе УИХ-ын гишүүд ээ. Дөрөвдүгээр сард цалин нэмсэн. Нэмсэн цалингийнхаа буянд өнөөдөр та нар УИХ-д сонгогдчихсон сууж байгаа. Тэтгэвэр нэмсэн, тэтгэвэр нэмсний буянд сонгогдоод сууж байгаа.

Асар ихээр нэмсэн зардал нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмсэнтэй холбоотой. Өнгөрсөн жил төсөвт энэхүү цалин, тэтгэврийн нэмэгдлийн зардал хагас жилээр орсон, ирэх жил бүтэн жилээр орох гээд байгаа.  Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгодог болсон, бүх халамжийг тултал тавьсан. Одоо аль халамжийг зогсоох юм. Ээжүүдэд олгодог 50 мянгыг танах юм уу. Тийм учраас та бүхнийг ажил хэрэгч санал гаргаач гэж хүсэх байна. Одоо тэтгэврээ бууруул гэвэл саналаа гаргамаар байна, орон тоог хэмнэ гэх юм бол саналаа гаргамаар байна. Хэний орон тоог хасах юм. Шүүхээ цөөлөх үү, цагдаагаа цөөлөх үү, прокуророо цөөлөх үү. Яамдууд дээр ажиллаж байгаа нийт 1000 гаруй хүн бий. Энэ орон тоо олон харагдаад байна уу. Энэн дээр хэдүүлээ ажиллая л даа, ажил хэрэгч байхыг хүсч байна.

Зардлыг тэлэхийн хувьд асар их тэлчихсэн, хэмнэе гэдэг саналыг дэмжиж байгаа. Гэхдээ хаанаас нь юуг, хэзээ хэмнэх вэ гэдгээ ажлын хэсэг гаргаад яръя гэж өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт ярьсан. Тэгсэн байтал зардал хасах саналыг гаргуулсангүй гээд бухимдаад явах. УИХ санаачлага гаргаад хэмнэлтийн саналаа оруулж ир л дээ, асуудалгүй” гэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбарлаж буйгаар Монгол Улсын нийт төсөв 20 гаруй их наяд төгрөг болдог. Түүний 7.2 их наяд нь цалин, 6.4 их наяд нь эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын салбарт, 5.8 их наяд нь нийгмийн даатгалын санхүүжилт татаасанд зарцуулагддаг болж таарч буй.

Иймээс төсвийг харанхуйгаар танах нь эргээд цалин, тэтгэврийг хасахаас аргагүй байдалд хүргэж мэдэхээр байгаа юм.

Нөгөө талдаа МАН 2024 оны сонгуульд Засгийн газрыг дангаараа байгуулах хэмжээний суудал авахад нөлөөлсөн үндсэн шалтгаан бол сонгуулийн өмнө цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн нь нөлөөлсөн. Тэр бүү хэл малчдаас санал татахын тулд "Чинээлэг малчин хоршоо" хөтөлбөр санаачилж, малчдад жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгох болсон. Авсан зээлээрээ малчид бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой ч машин, байр болж хувирч буйг учир мэдэх хүмүүс сануулах болсон. Нөгөө талдаа зээлийн хүүгийн татаасанд төсвөөс мөнгө гаргаж буй. Энэ нь татвар төлөгчдийн үсээ зулгаах шахам байж төсөвт төвлөрүүлсэн мөнгө гэж хэлж болно. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд "Төсвийн зардал хязгааргүйгээр өслөө" гэж ярих нь үнэндээ богино зайны улс төр хөөсөн алхам  болж харагдаж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
8
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж