Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна. Ярилцлагын зочдоор УИХ-ын гишүүн Б.Түвшин, эдийн засагч Р.Даваадорж, мөн бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Сүү” ХХК-ийн захирал Б.Гантулга нар оролцож, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлаар сонирхолтой яриа өрнүүлсэн болно.


"Сайд нарын лобби, хүсэлтээр үрэлгэн, том төсөв оруулж ирсэн"

 УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй  цаг үеийн асуудлаар ярилцлаа.


–Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Та ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ирэх 2025 онд орж ирж байгаа төсөв бол маш үрэлгэн, маш том төсөв гэж би хувьдаа харж байна. Төсвийн зарлага ДНБ-ий 37,7 хувьд хүрсэн төрийн оролцоо хэтэрхий өндөр болсон.

Төсвийг эдийн засгийн үр ашигтай болгохын тулд  төрийн тогтолцоог дахин инженерчилж, төсвийнхөө бодлогыг булаацалдаж задалдаг биш эхлээд макро эдийн засгийн бодлогоо гаргаад, тэндээсээ тодорхой хувь, тоо зааж өгч хуваарилдаад түүн дотор нь үйл ажиллагаа явуулдаг болохгүй бол Засгийн газрын гишүүдийн лоббигоор, хүсэлтээр, мөрөөдлөөр төсөв тэлсээр л байх дүр зураг харагдаж байна. Цаашдаа хэдий хэмжээний орлого орж ирнэ төдийг хувааж авдаг ийм л хандлага руу явж байх шиг байна. Тиймээс нэн тэргүүнд төсвийн бодлогоо том зургаар нь өөрчлөх зайлшгүй шаардлага байна. Ирэх оны төсөв дээр хөрөнгө оруулалтын шинж чанартай, зайлшгүй төсөвт суулгах ёстой сургууль цэцэрлэгийн асуудлууд төдийлөн орж ирээгүй. Ирэх жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлэхийг зорьж байгаа 14 мега төсөлтэй холбоотой зардлууд ч төдийлэн орж ирээгүй. Дээрх төслүүдийн ихэнхийг нь зээлээр санхүүжүүлэхээр тусгасан байна.

Тэгвэл юу төсөвт тусгагдсан байна гэхээр Засгийн газрын явуулж байгаа мөрийн хөтөлбөрүүд, үндсэн үйл ажиллагааны зардлууд нэмэгдсэн байна. Тухайлбал, төсвийн урсгал зардал өнгөрсөн онд 22 их наяд хүрч, маш их тэлж орж ирсэн дүн гэж яригдаж байсан. Гэтэл одоо 26 их наяд болгохоор тохирч оруулж ирлээ.

Үүнд Засгийн газраас өгдөг татаас, шимтгэл, байр сав, цалин, нийгмийн даатгал гээд бүх зүйл орж байна. Эрүүл мэнд боловсролын салбарын асуудлууд ч орсон боловч эдгээр салбаруудад чиглэсэн төсөв төдийлөн хангалттай биш. Эдгээр салбаруудын үйлчилгээ, чанар муутай байна.Гэтэл төсвөө булаацалддаг зарчмаар явж байгаа учраас эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарууд илүү булаацалдах чадвар сайтай байна гэсэн үг. Тиймээс эхлээд суурь бодлого суурь, Засгийн газар, төрийнхөө үндсэн үйлчилгээ, чиглэлийг дахиж өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нэрээр хэчнээн мянган, газар хэлтэс байдаг юм. Тэр бүгд тус тусдаа байр савтай, байр сав нь ашиглалттай, дулаан цахилгаантай, дээрээс нь харуул хамгаалалттай.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2761576/ линкээр нэвтэрч унших боломжтой.

"Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг намар, хаврын чуулганаар батлах ёстой"

УИХ-ын гишүүн А.Ганбаатартай ярилцлаа.


-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилж, сайжруулах ажлын хэсэг хуралдлаа. Ажлын явц ямар байна, энэ удаагийн хурлаас ямар үр дүн гарав?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сайжруулах чиглэлээр санал гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралдаанаар Ажлын хэсгийн захиалгаар судалгааны байгууллага, хүрээлэнгээс хийж гүйцэтгэсэн судалгаатай танилцсан. Хэвлэлийн эрх чөлөөг хангах хууль эрхзүйн орчин олон улсын жишигт ямар байна вэ, ямар, ямар зүйл заалтыг нь өөрчилбөл олон улсын стандарттай нийцэх вэ гэдгийг тодорхойлох зорилгоор хийлгэсэн судалгаа юм.

Мөн Канадад төвтэй “Ардчилал ба сэтгүүл зүй” хүрээлэнгийн захирал Тоби Мендель хуулийн төслийн эхний хувилбартай танилцсан сэтгэгдлээ хэлж, зөвлөгөө өглөө. Өмнө нь манайд олон удаа ирсэн, Монголын хэвлэлийн эрх чөлөөний талаар ойлголттой энэ хүн Засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн төслийг "Ерөнхийдөө сайн хууль болж байгаа юм байна. Гэхдээ засаж өөрчлөх, илүү нарийвчилж тодорхой болгох, бүр огт тусгаагүй ч маш олон зүйл байна" гэдэг сэтгэгдэл хэллээ.

Ер нь хэвлэл мэдээллийн байгууллага гэж юуг хэлэх вэ гэдгээс эхлээд зохицуулах үүрэгтэй Хэвлэл мэдээллийн зөвлөлийн стандартыг заавал маш нарийн тодорхой тусгаж өгөх ёстой гэх зэргээр зөвлөлөө.

Жишээ нь, Тоби Менделийн хэлснээр бол, Канадад редакцтай, аливаа мэдээллийг редакторлож гаргадаг байх ёстой гэсэн шалгууртай байдаг юм байна. Гэхдээ улс улсад өөр.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2762134/ линкээр орж унших боломжтой.

"Төр үндсэн үүргээ умартаж хувийн хэвшилтэй өрсөлдөж байна"

"Сүү" ХХК-ийн захирал Б.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Төсөв тэлэх нь хувийн хэвшилд ч ашигтай, орлоготой болно гэж ярьж байна. Гэвч хувийн хэвшлийнхэн үүнтэй санал нийлэхгүй байх шиг байна?

-Ирэх 2025 онд Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр улсын төсөв батлахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, цар тахлын өмнөх дөрвөн жилийн төсвийн нийлбэр дүнтэй тэнцэх хэмжээний зардлыг ирэх жил зарцуулах нь. Энэ бол эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгох хамгийн том шалтгаан. Эдийн засгийн үзүүлэлтүүдээ дагаад төсөв тэлж болно. Хамгийн гол нь эдийн засгаа тэлэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь нь 37.7 хувь болж өссөн байна. Энэ онд УИХ-ын сонгуультай жил байсан. Сүүлийн үед сонгуультай жил бүр улсын төсөв тогтмол тэлж ирсэн. Энэхүү гажуудлын дагуу энэ оны төсөв ч мөн өндөр тэлэлттэй орж ирсэн.

Сонгуулийн жилд зориулж эрх барьж байгаа нам иргэдийн саналыг авах зорилгоор халамжийг тэлсэн бодлого явуулж, төсөв тэллдэг энэ гажуудлыг бид өөхшүүлэх ёсгүй.

Гэтэл энэхүү бичигдээгүй хууль мэт болсон үзэгдлийн дагуу өндөр тэлэлттэй төсөв оруулж ирсэн. Энэ оны төсөв ДНБ-ний 30 хувьтай тэнцэж байна. Гэтэл ирэх 2025 оны төсвийн ДНБ- д эзлэх хувийг энэ оныхоос 7.7 хувиар нэмэгдүүлж оруулж ирсэн байна. Ирэх жил бол сонгуулийн бус жил шүү дээ. Гэтэл дөрөвхөн сарын өмнө улс төрийн намууд улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь болгож бууруулах амлалт өгч байсан. Ковидын жилүүдэд ч төсвийн зарлагынн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 31 хувьд хүрэхэд хэт өндөр байгаа талаар шүүмжлэл гардаг байсан. Гэтэл тэр цагаас хойш тогтмол өссөөр байна.

Энэ бол эрүүл биш үзэгдэл. Даргаар дамжиж эдийн засаг руу орж байна. Төрийн ямар нэг дарга хаашаа мөнгө орохыг нь гарын үсгээрээ шийдэж байна. Чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийн үндсэн суурь зарчим төрийн хэт оролцооноос үүдэн алдагдчихаад байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2762031/ линкээр нэвтэрч унших боломжтой.

"Эрчим хүчээ 2 дахин нэмэгдүүлэх мөнгөөр урсгал зардлыг тэлсэн"

Эдийн засагч, судлаач Р.Даваадоржтой ярилцлаа.


-УИХ 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх онд төсвийн зарлагыг 35.8 их наяд төгрөг байхаар тооцож оруулж ирлээ. Та үүнд ямар дүгнэлт өгч байна вэ?

-Засгийн газраас 2025 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг өргөн барилаа. Дэлхийн улс орнууд геополитикийн хурцадмал байдал, эдийн засаг, санхүүгийн зах зээл дээрх ойлгомжгүй, бүрхэг нөхцөл байдал, цар тахлаас улбаалсан хямралыг даван туулах зорилгоор төсвийн боломжит зардлыг танаж, алдагдалгүй батлахаар мэтгэлцэж л байх шиг байна. Монгол Улсын хувьд төсвийн нийт зарлага 2022 онд 18 их наяд байсан бол ердөө гурван жилийн дараа буюу 2025 онд 35.8 их наяд төгрөгт хүрч, нийт дүнгээрээ 100 хувиар тэлжээ. Дэлхийн 200 орчим улсад төсөв нь нугарч данхайсан улс Монголоос өөр байхгүй. Шинэ бүрэлдсэн парламент хоёрхон сарын өмнө баталсан Төсвийн хүрээний мэдэгдэлд,“Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ” 32.9 их наяд төгрөг байна гэж баталсан. Гэвч төсөв өргөн барихдаа бас дахин өөрчилж 3 их наядаар нэмэгдүүлжээ.

Ийнхүү дунд хугацааны бодлогын баримт бичгээ 2021 онд 3 удаа, 2022 онд 2 удаа, 2023 онд 2 удаа, энэ онд 3 удаа өөрчилснөөр Монгол Улсын Засгийн газар тооцоо судалгаагүй, алсын хараагүй гэдгээ төсвийн хуулиа хүссэнээрээ өөрчилдөг буруу жишгээр батлан харуулж байна.

Аливаа улс орны аюулгүй байдал нь тухайн орны хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн үйл ажиллагаа цэвэр тунгалаг байхаас шууд хамаардаг. Өнөө үед аливаа улс орон гадны хүчин зүйл гэхээсээ илүүтэй, дотоодын ялзралдаа идэгдэж, уруудан доройтох нь элбэг болсон.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2761756/ линкээр орж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-09 103.57.92.62

Сайд нарын багцыг дахин авч үзэж хэмнэлтийн горимд анхаарах ёстой. бизээ.

Avatar

Нэргүй 2024-11-09 202.9.40.23

Хүзүүгүй хүний сайтад АН-ын эдийн засагч Даваадорж дандаа ярилцлага өгч байх юм. Түүний зорилго бол захиалгатай ярилцлагынхаа зорилгыг биелүүлэх юм. Отгочулуу гэх хүн намын харьяалалгүй жирийн эдийн засагч гэх нэрээр бас дандаа ярилцлага өгдөг байсан. Сүүлдээ баригдсан. Одоо ил тод АН-ын гишүүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж