Ухаа худагтай танилцав

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Ухаа худагтай танилцав

ГЕРМАНЫ ЭЗХАХ-ИЙН САЙД ДИРК НИЙБЕЛ: “УХАА ХУДАГ УУРХАЙД ИРЖ ТАНИЛЦСАН МААНЬ ЗӨВ СОНГОЛТ БОЛЖЭЭ”


Монгол улсын уул уурхайн салбарыг сонирхон ирэх гадаад, дотоодын зочдын нүдийг хужирладаг талбар яахын аргагүй өмнийн говийн их бүтээн байгуулалт болоод байгаа. Өнгөрсөн 8-р сарын 19-23-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Дирк Нийбел ч энэ тал дээр санал нэгтэй байлаа.

Германы Бундестагийн гишүүд, Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч болон тус улсын яам, агентлаг, томоохон банк, санхүүгийн байгууллагуудын өндөр хэмжээний төлөөлөгчид сайдын ажлын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан юм. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Энержи Ресурс компанийн Ухаа худаг уурхайн үйл ажиллагаатай тэд 8-р сарын 20-ны өдөр биечлэн очиж танилцсан.

Айлчлалын бүрэлдэхүүнийг Монголын талаас дагалдан явсан албаны хүмүүс Ухаа худагийн хөндийг одоогоос 3 жилийн өмнөх, эзгүй тал  гэдгээр нь төсөөлж байсан болоод ч тэрүү эхэндээ гадны төлөөлөгчдийг дагуулан очихоос жаахан халширч байсан гэдэг. Харин газар дээр нь очоод танилцсан хойноо гадаад, монгол гэлтгүй бүгд уурхайн төслийн үйл ажиллагаагаар бахархаж, догдолсон гэдгээ нуугаагүй юм. Онгоцноос буумагцаа Энержи Ресурс компанийн 650 хүний багтаамжтай, орчин үеийн тохилог кэмпэд үдийн зоог барьсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Ухаа худаг уурхайг даган босч буй их бүтээн байгуулалтын ажилтай нэг бүрчлэн дэлгэрэнгүй танилцсан. Жилд 5 сая тон нүүрс боловсруулах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр, Ухаа худагийг Гашуун сухайтын боомттой холбох 245 км хатуу хучилттай зам, 18 мегаваттын цахилгаан станц, 240 тонын даацтай аварга самосвал 6-г нэг дор хүлээн авч үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай засварын төв, усан хангамжийн дэвшилтэт төсөл, нисэх онгоцны шинэ буудал гээд уурхайн бүтээн байгуулалтуудаас дурдаад байвал дуусамгүй. Энэ бүхнийг Монголчууд өөрсдийн гараар бүтээж байгааг харсан сайд Дирк Нийбел Монголын ирээдүйн хөгжилд итгэх итгэлээ нэмэгдүүлж чадсан нь лавтай.

Бидэнд ярилцлага өгөхдөө тэрээр “Энержи Ресурс компанийн Ухаа худагийн уурхайд ирсэндээ би маш их баяртай байна. Энд ирэхээр сонголт хийсэн маань үнэхээр зөв байсныг хэлэхийг хүсч байна. Богинохон хугацаанд дэд бүтцийн томоохон обьектуудыг барьж, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахаар тооцоолсон нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Мөн уурхайгаас гарсан нүүрсийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байгаа нь ухаалаг, эдийн засгийн ашигтай гарцыг нээж байна гэж ойлгогдлоо” гэсэн юм. 3 жилийн дараа Ухаа худагт дахин ирсэн Эрдэс баялаг, эрчим хүчний Дэд сайд Б.Ариунсан  ч мөн сэтгүүлчдэд хэлэхдээ “Энержи Ресурс компани асар богино хугацаанд өндөр хурдтай ажиллаж чадсаныг хараад эндэхийн үйл ажиллагаагаар бахархах сэтгэл төрж байна. Дагуулж ирсэн зочид маань их өндөр сэтгэгдэлтэй байхыг хараад бүр ч их баяртай буцаж байна” гэжээ.

Монгол Улсын гол түншүүдийн нэг төдийгүй манай оронд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн ХБНГУ-ын Засгийн газар энэ удаагийн айлчлалаар дамжуулан Монголтой хамтрах эдийн харилцаагаа цаашид улам олон чиглэлд хөгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж