Гана улсын ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо хоёр дахин сонгогдож ажилласны эцэст ирэх оны нэгдүгээр сард албан тушаалаа хүлээлгэж өгөх гэж байна. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд баруун бүсээр "Баярлалаа" сэдэвт айлчлал хийх үеэрээ өөрийнхөө хөшөөний нээлтийг хийжээ. Секонди хотын Эффиа-Нкванта эмнэлгийн гадна байрлуулсан уг хөшөө нь ерөнхийлөгч Нана Акуфо-Аддогийн албан тушаалд байх хугацаандаа гаргасан санал санаачлага, хөгжил дэвшлийг хүндэтгэн тодруулах зорилготой гэдгийг бүсийн сайд Квабена Океэрэ Дарко-Менса хэлэв.
Гэвч өөрийгөө дөвийлгөх гэсэн энэ үйлдэл нь ганачуудын дургүйцлийг төрүүлжээ. "Баруун бүсийн ард түмэн ийм хувиа хичээсэн үзүүлэнгүүдээс илүү байх ёстой" гэж тус улсын сөрөг хүчин Эммануэл Арма Кофи-Буа жиргэсэн байна.
80 настай Нана Акуфо-Аддо албан тушаалд байх хугацаандаа анх амласан амлалтуудынхаа 80 хувийг биелүүлсэн гэдэг.
Айлчлалын үеэр баруун бүс хариуцсан сайд Дарко-Менса ерөнхийлөгчийн санаачилсан хэд хэдэн гол төслийг онцлон дурджээ. Гэвч дуусаагүй төсөл ч бас байгаа гэдгийг ганачууд шүүмжлэн хэлж байна. "Ерөнхийлөгч хойч үедээ түүний ажлыг хүлээн зөвшөөрч, үнэлэх боломжийг олгосон бол бахархмаар байх байлаа" гэж нэгэн "X" хэрэглэгч нийтэлжээ. Тэр бүү хэл хөшөөг нэн даруй буулга гэж шаардах хүмүүс ч гарч иржээ.
Хөшөөний ач холбогдлыг магтан сайшаагсад ч олон дунд байна. "Тэр ийм хөшөөтэй байх эрхтэй. Миний харсан хамгийн мундаг ерөнхийлөгч. Ганачууд таныг санах болно. Тэр бол Гана улсын чөлөөт боловсролын системийг үндэслэгч" гэж нэгэн хүн хэлжээ.
Ерөнхий боловсролын сургуулиудыг төлбөргүй болгосон нь түүний хойч үедээ үлдээж буй хамгийн том өв гэж Нана Акуфо-Аддо тодорхойлдог.
Нэргүй 2024-11-08 202.180.219.28
gaanaa maanaa gej medehgyi yum baina.ilyyts medee.
уншигч 2024-11-08 43.228.130.66
арай ч дээ