Оросын хамгийн залуу улс төрийн хоригдол Арсений Турбин таван жилийн хорих ял авсан. Тэрбээр давж заалдах хүсэлт гаргасан ч эрх баригчид үүнийг хүчингүй болгосон байна. Арсений Турбин 2023 оны зун баривчлагдахдаа 15 настай байжээ. Түүнийг Украины төлөө Оросын армийн эсрэг тулалдаж буй сайн дурын ажилтнуудаас бүрдсэн, хагас цэрэгжилттэй "Оросын эрх чөлөөний легион"-д элссэн гэж эрх баригчид буруутгасан юм. Тус легион нь оросуудаас бүрддэг. Мөн эрх баригчид үүнийг террорист байгууллага гэж зарласан.
Арсений таван жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн колонид өнгөрүүлэх болсон. Пүрэв гаригт болсон давж заалдах шатны шүүхээс Арсенийгийн ялын хугацааг ердөө 24 хоногоор богиносгосон байна.
Оросын арми Украин руу довтолсноос болж дайныг эсэргүүцсэн иргэдийн эрх чөлөөг боомилж эхэлсэн. Арсений бол улс төрийн зорилготойгоор эрүүгийн хэрэгт татагдсан есөн насанд хүрээгүй хүүхдийн нэг юм. Тэрбээр өөрт нь тулгаж буй бүх хэргийг үгүйсгэж байгаа бөгөөд хэзээ ч легионы талаар судалж, элсэх өргөдөл гаргаж байгаагүй гэж мэдэгдсэн юм. Түүний ээж Ирина мөн адил хүүгийнхээ талд бат зогсож, шүүхээс тулгаж буй хэргүүдийг үгүйсгэж буй. "BBC" агентлагт тэрбээр хэлэхдээ "Яллах дүгнэлтийг үйлдсэн шүүгчийг би ойлгохгүй байна" гэсэн байна. Мөрдөн байцаагчдын мэдүүлснээр Арсений легионыг төлөөлөн ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилсэн ухаалах хуудас тарааж байсан аж.
Арсений ухуулах хуудас тарааснаа хүлээн зөвшөөрсөн ч хэн нэгний заавраар бус өөрийн хүсэлтээр тараасан гэжээ.
Арсений сургуульд байхдаа Орос Украин руу довтолсон болон Владимир Путиныг ил шүүмжилдэг байсан. Тэрбээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр улс төрийн идэвхтэй байсан бөгөөд Оросын сөрөг хүчний зүтгэлтнүүдийн контентыг нийтэлж, сөрөг хүчний талийгаач улстөрч Алексей Навальныйг дэмжсэн бичлэг, нийтлэл оруулдаг байжээ. Ээж нь шүүх танхимд ухуулах хуудас тараасан нь Арсенийгийн хүсэл байсныг удаа дараа мэдэгдэж, суллахыг шаардсан байна. Анх 2023 оны найвдугаар сард Оросын аюулгүй байдлын албаны ажилтнууд Москвагаас өмнө зүгт 450 км-ийн зайд орших Ливный хэмээх жижиг хотод байрладаг гэрт нь нэгжлэг хийснээр Арсенийг буруутгаж эхэлжээ.
3,593.62













































