Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 6

Есдүгээр сарын 6-ний баяр

Хөдөлмөрийн өдөр

Есдүгээр сарын эхний даваа гаригт АНУ ба Канадад Хөдөлмөрийн өдрийг (Labor Day) тэмдэглэдэг. Түүний үндэс нь хөдөлмөрчин ард түмэнд бүх нийтийн амралтын өдрийг олгуулах гэсэн Үйлдвэрчний эвлэлийн хүсэл байв. Анх энэ өдрийг 1882 онд тэмдэглэсэн бөгөөд 1894 оноос бүх нийтийн  амралтын өдөр болжээ. Хөдөлмөрийн өдөрт зориулсан АНУ-ын Хөдөлмөрийн яамны баримт бичигт “Энэ баяр нь Америкийн хөдөлмөрчдийн хөдөлгөөнөөр төрсөн юм. Тэр бүх нийтийнх болсон нь манай улс Америкийн хөдөлмөрчдийн улс орныхоо нийтийн өмч болсон баялаг ба чинээлэг амьдралд оруулсан хувь нэмрийг нь жил бүр тэмдэглэж байх ёстой гэж үзсэнийх” хэмээн бичсэн байна.

Канадад энэ баяр 1872 оны дөрөвдүгээр сарын 15-нд төрсөн гэж үздэг ажээ.

Болгарын нэгдлийн баяр

Пловдив. Болгар нэгдсэнд зориулсан хөшөө

Орос-Туркийн дайныг  (1877-1878) төгсгөсөн Сан-Стефанскийн энхийн гэрээгээр Болгарын тусгаар вант улсыг байгуулсан юм. Гэвч Европын хүчирхэг орнууд Балканд Оросын нөлөө ихсэж буйг үл зөвшөөрөн уг гэрээг Берлины конгресс дээр дахин харж шинэ гэрээг 1878 онд байгуулжээ. Түүгээр Болгар нь Туркийн бүтэц дэх автономит вант улс болсон байв. Балканы нуруунаас өмнө зүгийг Болгарын нутгийг зүүн Румелия гэсэн автономид муж болгон Оттоманы эзэнт улсад өгсөн байв. Болгарын хувьсгалт нууц хороо Зүүн Румелийн нийслэл Пловдив хотноо 1885 оны энэ өдөр цусгүй эргэлт хийж, түр Засгийн газар байгуулсан байна. Эргэлт амжилттай хийгдсэн тухай цахилгаан авсан Болгарын ван Александр I Баттенберг есдүгээр сарын 8-нд “Зүүн Румелийг вант улсдаа нэгтгэсэн тунхаг” гаргажээ. Серб-Болгарын дайнд Болгар ялсан нь энэ нэгдлийг батжуулж өгчээ. Европын их гүрнүүд болон Оттаманы эзэнт улс status quo-г хүлээн зөвшөөрсөн байна.

Өдрийн ишлэл

"Ямар ч төгсгөлтэй байсан ч өмнө болсон зүйл мартагдах болтугай”

(Нерчинск хотноо 1689 онд Орос-Хятадын хооронд байгуулагдсан түүхэн гэрээнээс)

Алс Дорнодын эртний орос газрын зургийг Семен Ремизов 1701 онд бүтээжээ. Доор нь Нерчинск, дээр нь Хятадын цагаан хэрмийг зурсан байв

Казакуудын Амар мөрөнд босгосон Албазин цайзыг Хятадын арми эзэлсэн зэвсэгт мөргөлдөөний дараа хэлэлцээр эхэлсэн байна. Хятадын төлөөлөгчдийг эзэн хаан Кансийн авга Сонготу , оросуудыг Федор Алексеевич Головин толгойлсон байлаа. Хятадууд хэлэлцээрт армитайгаа ирээд Амар мөрний бүх сав газрыг авахаар шаардсан байлаа.

Хэлэлцээр латин хэлээр явагдаж хятадуудын орчуулагч нь португали иезуит лам Томас Перейра байсан ба Головин өөрөө латин хэлтэй ч хариултаа сайтар бэлтгэхийн тулд орчуулагчын үйлчилгээг авсан байв.

Хятадууд түүхэндээ анх удаагаа европчуудтай хэлэлцээр хийж байсан нь асуудлыг ээдрээтэй болгосон юм. Эхлээд хотын захирагч Власов хятадуудыг шинэ ногоогоор дайлсан гэнэ. Тэд идэхээс татгалзсан байна. Перейра редиска аваад давс цацаад идэж эхэлсний дараа л хятадууд хооллож эхэлсэн гэдэг. Төлөөлөгчийн тэргүүн “ Ламтан, эд чинь хор өгнө гэдгийг мэддэггүй юм уу?” гэж асууж байжээ. Эзэн хааны элч төлөөлөгч Албазин, Неречинск хотуудаас гадна Хойд мөсөн далай хүртлэх газар нутгийг шаардсан байна. Тэр үед хойд өргөрөгийн 75 градусаас хойш ямар газар байгааг хэн ч мэдэхгүй байжээ.

Үүний хариуд нь оросууд өмнө тэдний мэдэхгүй байсан дипломат нотыг хятадуудад өгсөн байв. Түүнд “Бид энд нийтийн хэргийн төлөө ажиллаж байна. Бид мэдэхгүй газар нутгийн төлөө цус урсгах нь шударга бус. Бид хариу хүлээж, та нарыг үнэнч найз нөхөд гэж мэндэлж байна” хэмээн өгүүлсэн байв.

Перейра бөмбөрцөг дээр тэдний шаардаж байгаа газруудыг харуулсан ба хятадуудад Нерчинскаас Становын нуруугаар Агнуурын тэнгис хүртэл газар нутаг очсон нь бас тэдэнд төдийлөн ашигтай байгаагүй юм. Головинд өөр зам байсангүй, Хятадын арми дуртай цагтаа Нерчинскийг эзлэхэд бэлэн байлаа. Гэрээг байгуулсны дараа есдүгээр сарын 7-нд Головин дайллага хийж анх удаа хятадуудад сахрыг үзүүлсэн байв. Дараа хүн бүрт нь зориулагдсан шүлэгтэй бэлэг гардуулжээ. “Гадаадынхан дунд ийм хүмүүс байдаг юм аа” хэмээн хятадууд гайхаж байсан ажээ.

Үйл явдал

Ромын эзэнт улсыг сүүлийн удаа нэгтгэв

394 он:
Византийн эзэн хаан Агуу I Феодосий сүүлчийн удаа Зүүн ба Баруун Ромыг нэгтгэжээ. Агуу I Феодосий 379 оноос Ромын эзэн хаан байсан бөгөөд Испанид төрсөн тэрээр жанжны хүүхэд байсан юм. Өөрөө муугүй жанжин, зальтай дипломат байжээ. Эзэн хаан Валетыг нас барсны дараа Август өргөмжлөл аван Ромын эзэнт улсын Зүүн хэсгийн захиргааг авсан байв.

Ромын баруун хэсэгт II Валентиниан захирагч нас барсны дараа орон нутгийн цэргийн удирдагч тэрслүү номтон Арбогаст тэндхийн хаан ширээнд эзэн хааны нарийн бичгийн дарга байсан Евгений Флавийг суулгасан  ба тэрээр хуучин бурхдын онгодын шүтээнийг тэндээ тогтоож эхэлсэн байна.

Феодосий бол харин 380 он гэхэд өөрийн хяналтын зүүн хэсэгтээ хуучинсаг загалмайн шашинг тогтоож тэрслүү шашинтнуудыг мөрдөн мөшгөж байлаа. Түүний захиргааны үеэр  хуучин онгодын шүтээний олон сүм хийд, Александрийн номын санг устгаж, олимпийн тоглолтыг зогсоосон байжээ. Христийн шашин түүнийг агуу хэмээн өргөмжилсөн юм.

Флавийг хууль бусаар засгийг булаагч, тэрслүү номтон гэж зарлан 393 онд  Феодосий цэргээ удирдан Константинополиас гарч Медиолан (Милан) руу хөдлөв. Фригидын хөндийд (өнөөгийн Словенийн Випава гол) гол тулалдаан болж Арбогастын цэрэг ялагдаж, Евгений Флавий толгойгоо авахуулсан юм. I Феодосий хамгийн сүүлчийн удаа ийнхүү Ромын эзэнт улсыг нэгтгэсэн боловч тэр нь удаан үргэлжилсэнгүй.  Феодосий 395 онд нас барахдаа эзэнт улсыг дахин хувааж, Аркадий ба Гонорий гэдэг хоёр хүүдээ өгсөн байв.

I Хайме Балеарын арлуудаас лалынхныг хөөв

1222 он:
Дундад зууны Арагоны хаадын алдартай нь болох Байлдан дагуулагч цолтой I Хайме Салоугийн хошуунаас 55 том хөлөг онгоцны десантыг удирдан Балеар арлуудын лалынханы эсрэг дайнд гарав. Майорка, Менорка, Кабрера, Ивис, Форментера гэх таван цэцэглэсэн арлууд Х зуунд арабуудад бүрэн эзлэгдсэн байлаа. Хамжлагуудынхаа хайртай хаан, бяр чадлаар гайхуулдаг Хайме христийн худалдаачдыг шахдаг лалынхан болон буруу номтнуудын далайн дээрэмд төгсгөл тавих ёстой гэж айлтгажээ. Гурван сарын дайны дараа Майорка арлыг тэд эзлэв. Лалынханы эсрэг хийсэн тэдний загалмайтнуудын дайны явцад эдгээр таван арал 1235 онд Испанийн мэдэлд эргэлтгүйгээр орж иржээ.

Мод зорох суурь машин бүтээв

1819 он:
Америкийн зохион бүтээгч Томас Бланчард мод зорох токарийн суурь машины  патентыг авсан байна. Томас Бланчардын суурь машин 13 хүний ажлыг орлох чадвартай байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж