Трамп ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2024.11.06-нд нийтлэгдсэн

LiveТрамп ялалт байгууллаа

Трамп ялалт байгууллаа

АНУ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа билээ. Бид сонгуулийн мэдээллийг цаг алдалгүй та бүхэнд хүргэж байна.


 

 

20 : 08
2024-11-6

Трамп албан ёсоор ялалт байгууллаа

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд трамп ялалт байгуулж, анхны дөрвөн жил өнжиж дахин сонгогдон ерөнхийлөгч болов. Тэрбээр нийт 276 электорат санал авч, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг ялж чадлаа. 

Энэ удаагийн сонгуулийг олон улсын судлаач, мэргэжилтэн. эрдэмтэд дэлхийн ирэх 10 жилийг тодотгоно гэж тайлбарлаж байсан. Үүний зэрэгцээ Ойрхи-Дорнод, Орос-Украины дайн дуусах эсэхийг шийдэх юм.

Дональд Трампийн хувьд ерөнхийлөгч болсноор дайныг зогсооно гэж амласан. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар тэрбээр АНУ-ын Украин дахь санхүүжилтийг зогсоож магадгүй гэв. 

Дэлхийн улс орнуудын удирдагч, эрх баригчид түүнд баярын мэндчилгээ дэвшүүлж байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа сайжруулах тухай дурдаж эхэлжээ. 

17 : 03
2024-11-6

Санал авах байранд тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдэгдлийг үгүйсгэв

Санал хураах байранд тэсрэх бөмбөг тавьсан гэх хуурамч заналхийлэл Оросоос гаралтай гэж эрх баригчид мэдэгджээ. Үүнийг АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын яам буруутгаж, Москва сонгуульд хөндлөнгөөс оролцоогүй гэж мэдэгдсэн байна. 

Тодруулбал, Мягмар гаригт Оросын цахим шуудангийн домэйн хаягаас хэд хэдэн мужийн санал авах байранд тэсрэг бөмбөг тавьсан гэх утга бүхий заналхийлсэн мессеж ирсэн байна. Холбооны мөрдөх товчоо эдгээр заналхийллийн аль нь ч "үнэн биш, найдваргүй" гэж тайлбарласан. Гэсэн хэдий ч зарим санал авах байруудыг хаах болжээ. 

Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яам АНУ-ын эрх баригчдыг Москваг үндэслэлгүй гүтгэсэн хэмээн буруутгаж байна. Оросын төрийн мэдлийн РИА Новости агентлагийн мэдээлснээр, "Оросын заль мэх" гэх бүх гүтгэлгийг АНУ дотоод улс төрийн зорилгоо биелүүлэхийн тулд бий болгосон гэжээ. 

 

15 : 30
2024-11-6

Трамп дэмжигчдэдээ талархал илэрхийлж байна

Дональд Трамп энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахад гурван электорат санал дутуу байна. Тэрбээр яг одоо Флорида мужийн Вест Палм Бич хотод дэмжигчдэдээ хандаж үг хэлж, талархал илэрхийлж буй. Санал хураалт дуусахад үлдсэн найман мужийн эцсийн дүн шаардлагатай. 

 

15 : 08
2024-11-6

Дональд Трамп ялалтад ойрхон байна

Ерөнхийлөгч асан Дональд Трамп электролат 266 санал авчээ. Тодруулбал, нийт сонгогчдын 67,421,233 нь буюу 51.2 хувь нь түүнд санал өгсөн байна. 

Дэд ерөнхийлөгч Камала Харрис 188 электорат саналтайгаар удаалж, түүнд нийт 62,081,287 хүн буюу 47.2 хувь нь саналаа өгчээ. 

14 : 14
2024-11-6

Хэн хамгийн идэвхитэй байна вэ?

Сонгуулийн ирц хамгаас чухал. Энэ удаагийн сонгуульд 18-29 насны эрчүүдийн 49 хувь нь Камала Харрист саналаа өгсөн бол үлдсэн 47 хувь нь Дональд Трампийн дэмжиж байна. Харин 30-44 насны эрчүүдийн 45 хувь нь Камала Харрист санал өгч, үлдсэн 51 хувь нь Дональд Трампт саналаа өгчээ. 

Харин 45-65 насны эрчүүдийн 59 хувь нь Дональд Трампийг дэмжиж буй. 

Харин 18-29 насны эмэгтэйчүүдийн 63 хувь нь Камала Харрисыг дэмжиж байна. Учир нь дэд ерөнхийлөгч албан тушаалаа ахиулах бол охид, бүсгүйчүүдийн эрхийг хамгаална гэж мэдэгдсэн билээ. Түүнчлэн 30 наснаас дээш насны эмэгтэйчүүд Камала Харрисыг илүүд үзэж буйг статистик үзүүлэлтээс харж болно. 

Нийт сонгогчдын 13 хувь нь өнгөт арьстай. Эдгээр хүмүүсийн 80-аас дээш хувь нь Камала Харрист саналаа өгч байна.      

12 : 49
2024-11-6

Сенатын сонгууль үргэлжилж байна

АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Нэр дэвшигчид ялалт байгуулахад 270 оноо шаардлагатайгаас Дональд Трамп 230 оноо, Камала Харрис 205 оноог аваад буй. Ногоон нам, Эрх чөлөөний нам болон бие даан нэр дэвшигчид электорат коллегийн санал авч чадаагүй хэвээр. 

Үүнээс гадна, парламент, сенатын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Хэрэв АНУ-ын 47 дох ерөнхийлөгч сонгогдох бол парламент мөн адил шинэчлэгдэх журамтай. Сенатын сонгуульд аль намын гишүүн тэргүүлж байгааг тааварлах боломжгүй байгаа бол парламентын сонгуульд Бүгд Найрамдах нам тэргүүлж байна. 

 

10 : 37
2024-11-6

Трамп саналын тоог тэргүүлж байна

Дональд Трамп нийт сонгогчдын 52.2 хувийн санал авч тэргүүлж байна. Тэрбээр Цагаан ордонд буцаж чадвал Ойрхи Дорнод, Орос-Украины дайныг зогсоож, Хятадын импортын барааны татварыг нэмэгдүүлнэ гэж амласан билээ. 

Харин дэд ерөнхийлөгч Камала Харрис ерөнхийлөгч Жо Байдены саналаар сонгуульд өрсөлдөж байгаа ба эмэгтэйчүүдийн эрх, цагаачлалын бодлогыг сайжруулах зорилго тавьж буй. Тэрбээр энэ удаагийн сонгуульд 46.6 хувийн саналтайгаар удаалж байна. 

Нийт 538 оноо авахаас Дональд Трамп 178 оноо авсан бол Камла Харрис 99 санал авсан байна. 

10 : 00
2024-11-6

Ардчилсан нам сонгогчдыг залилсан хэрэгт холбогдсон байжээ

Ардчилсан нам сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд Пенсильвани мужийн сонгогчдын бүртгэлийг хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт холбогдсон байжээ. Мужийн захиргаанаас мөрдөн байцаах ажиллагаа явуулж, тус намд торгууль ногдуулсан гэх мэдээлэл байна. Пенсильвани мужийн Монро тойргийн прокурор Майк Манкусо өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ, Аризонагийн "FieldCorps" нэртэй нэгэн фирмийн охин компани нь нас барсан иргэдийн нэрийн өмнөөс хуурамч мэдээлэл бүхий 30 маягт өгсөн гэжээ. 

Мөн Кейстоун мужийн Йорк хотод Ардчилсан намыг дэмждэг Вашингтонд төвтэй "Everybody Votes" кампанит багын бүртгэлийг шалгаж байгаа аж. Одоогийн байдлаар "FieldCorps"-ийн вэбсайт болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл идэвхгүй байна. Эзэмшигчээр нэрлэгдсэн Аризона мужийн Меса хотын зөвлөлийн гишүүн Франсиско Хередиа, улс төрийн зөвлөх Эдуардо Сайнз нар тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна. Вашингтоны шинжээчид уг хэргийг мөрдөн шалгахад Ардчилсан намын хороод 2018 оноос хойш "FieldCorps"-т 430,000 орчим ам.доллар шилжүүлж, ивээн тэтгэдэг байсныг тогтоожээ. 

09 : 07
2024-11-6

АНУ-ын сонгуульд хэн тэргүүлж байна?

АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Пенсильвани муж нь энэ удаагийн сонгуулийн хамгийн чухал тулааны талбар болж байна. Учир нь Камала Харрис, Дональд Трамп нар хоёулаа электорал коллегийн 19 онооны эзэд болохыг хүсч байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ялалт байгуулахын тулд дор хаяж 538 онооны 270 оноог авах ёстой юм.

Орон нутгийн 20:00 цагийн байдлаар дэд ерөнхийлөгч Камала Харрис Массачусетс, Мэрилэнд, Вермонт, Рөүд-Айланд, Коннетикут зэрэг мужид хамгийн их саналыг авч ялалт байгуулсан байна. Тэрбээр мөн Мичиган, Иллиной, Канзас, Охайо, Пенсильвани, Виржини, Хойд Каролина мужуудад ялалт байгуулах магадлалтай байна.

Ерөнхийлөгч асан Дональд Трампийн хувьд Индиана, Кентаки, Баруун Виржини, Теннеси, Алабама, Миссиссиппи, Оклахома, Өмнөд Каролина, Флорида мужид ялалт байгуулжээ. Тэрбээр Жоржиа, Миссури болон Техас мужид саналын тоогоороо илүүрхэж байна.

АНУ-ын хамгийн том хоёр намын нэр дэвшигчдээс гадна Ногоон намын Жилл Стейн, Эрх чөлөөний намын Чейс Оливер болон бие даан нэр дэвшигч Роберт Кеннеди өрсөлдөж буй. Гэвч эдгээр эрхмүүд электорал коллегийн оноогүй, аль ч мужид саналын тоогоороо тэргүүлээгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж