Орчин цагийн улаан уруулын будагны түүх хатагтай Элизабет Ардентай салшгүй холбоотой. Тэр бол “Time” сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны эмэгтэй, АНУ-ын Бизнесийн алдрын танхимд багтсан анхны эмэгтэй юм. Феминист үзэлтэй хүчирхэг эмэгтэй Элизабет Ардены брэнд өнгө бол улаан.
Нью-Йорк хотод тэртээ 1910 онд нээсэн түүний анхны салоны хаалга улаан өнгөтэй байв. Хөл хөдөлгөөн ихтэй тавдугаар өргөн чөлөөнд байрладаг тус салон нь эрүүл мэнд, гоо сайхны талаар илүү ихийг мэдэхийг хүссэн эмэгтэйчүүдийг хүлээн авдаг байсан бөгөөд улаан өнгийн үүд хаалгатайгаараа бусдаас ялгардаг байв. Тэрээр нүүр будалт, гоо сайхны бүтээгдэхүүн зохиосоор салбартаа тэргүүлэгчдийн нэг болсон юм. Анхны гэх олон сэтэртэй Элизабет Арден химийн найрлагатай анхны жинхэнэ гоо сайхны бүтээгдэхүүнийг зохиосон гэдгээрээ мөн л анхдагч болжээ. Тэрээр химичтэй хамтран хүний арьсны өнгөнд тохирсон нүүр будалтын суурь бүтээж, аяллын хэмжээтэй анхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн.
"Стандартыг надад тулгах биш би тогтоох ёстой”, “Урд гараад яв, яв, яв” гэсэн хүчирхэг үгсийг Элизабет Арден хэлжээ.
Элизабет Арден гоо сайхны салбарт төдийгүй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үг хэлсэн анхдагчдын нэг. Тэрээр 1912 онд эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөө Нью-Йорк хотод жагсаал зохион байгуулж байв. Жагсаалд 15 мянга орчим хүн оролцсон. Энэ жагсаалын үеэр тэр хүч чадлын бэлгэдэг болгон тод улаан уруулын будаг түрхэхийг эмэгтэйчүүдэд уриалжээ. Мөн “RED DOOR SPA” салоных нь дэргэдүүр өнгөрсөн жагсагчдад улаан уруулын будаг тараасан байна.
Энэ цаг үеэс хурц улаан уруулын будаг нь албан бусаар эмэгтэйчүүдийн эрх чөлөөг илэрхийлэх болжээ.
Үүний дараа тэрээр дэлхийн хоёрдугаар дайнд оролцож буй эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор тусгай багц зохион бүтээжээ. Үүнд улаан уруулын будаг, хумсны будаг багтжээ. Энэ нь эмэгтэй цэргүүдийн дүрэмт хувцасны улаан захтай төгс зохицож байсан гэдэг. Цаашилбал, тэрээр дайны үед үйлдвэрийн ажилчдын сэтгэл санааг өргөх зорилгоор хувцас солих өрөөг нь улаан өнгөөр тохижуулж байжээ.
Элизабет Арден мөн дайнд нэрвэгдэгсдийн шарх сорви, түлэгдэлтийг арилгах тос үйлдвэрлэж, эмнэлгүүдээр аялжээ.
Иранаас саяхан 4000 жилийн настай улаан уруулын будагтай төстэй зүйл олдсон билээ. Энэ нь уруулын будагны орчин үеийн жортой төстэй пигмент буюу ургамлын лав, нунтаг эрдсийн холимог байжээ. Түүхийг хөвөрдөн үзвэл эртний хатад, эмэгтэйчүүд янз бүрийн бодис ашиглан уруулаа улааруулсаар иржээ. Тухайлбал, эртний Месопотамийн хатан хаан Пуаби цагаан тугалга, буталсан улаан хадны хольцыг ашиглан уруулаа будаж, эрх мэдлийн байр сууриа илэрхийлдэг байв. Харин хатан хаан Клеопатра дунгийн хорхойноос гаргаж авсан гүн улаан пигмент болох карминыг илүүд үздэг байв.
Өнөөдөр улаан уруулын будаг зоримог байдлыг илэрхийлэхээс гадна дур булаам төрхийг ч тодотгох хэрэгсэл болсон. Зарим хүний хувьд энэ нь эмэгтэйлэг байдлыг илэрхийлэх бол зарим хүний хувьд эсэргүүцлийн зоримог нотолгоо болж байна.
Элизабет Ардены үеэс хойш хэдэн 10 жилийн турш улаан уруулын будаг алдар хүндийг улам олжээ. “Vogue” сэтгүүл 1933 онд “Хэрэв бид хорьдугаар зуунаас ямар нэг зүйл хойч үедээ үлдээх болвол тэр жагсаалтыг уруулын будаг тэргүүлэх болно” гэж тунхагласан байдаг.
Ялалтын улаан өнгө нь дэлхийн хоёрдугаар дайны үед бослого, эх оронч байдлын бэлгэдэл болсон. Тэр бүү хэл дайны хүчин чармайлтын салшгүй чухал хэсэг байсан гэдэг. Одри Хепберн, Мэрилин Монро зэрэг Холливудын дүрүүд улаан уруулын будгийг улам дэлгэрүүлснээр дайны дараа ч бүсгүйчүүдийн сонгодог сонголт хэвээр үлджээ.
Нэргүй 2024-11-06 103.212.162.124
Орчин үед бол монгол хүүхнүүд л уруулаа час улаанаар буддаг байх. бусад нь будсан ч будаагүй юм шиг л харагддаг. тэгэхээр монгол хүүхнүүд ретро стильтэй юм байна
Нэргүй 2024-11-06 66.181.161.187
Бүгд я***н болцгоогтун! Гэж байна.