ОХУ өнөөдөр /2024.11.05/ Ираны хос хиймэл дагуулыг тээвэрлэсэн "Союз" пуужингаа тойрог замд оруулахаар амжилттай хөөргөжээ. Пуужинг "Восточный" хөөргөх талбайгаас хуваарийн дагуу хөөргөж, хөөргөснөөс хойш есөн минутын дараа тойрог замд оруулж чаджээ. Ираны хиймэл дагуулаас гадна Оросын хоёр "Ionosphere-M Earth" ажиглалтын хиймэл дагуул, хэдэн арван жижиг хиймэл дагуулыг хөөргөсөн байна.
Ираны Ковсар ба Ходход нэртэй хоёр хиймэл дагуул нь тус улсын хувийн хэвшлийн нэрийн өмнөөс хөөргөж буй анхны хиймэл дагуулууд болов.
Энэ үйл явдал нь хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйг харуулна. Оросын пуужин 2022 онд болон энэ оны хоёрдугаар сард мөн Ираны хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, тойрог замд оруулсан. Тодруулбал, 2022 онд Ираны Хайям нэртэй ажиглалтын хиймэл дагуулыг хөөргөсөн бөгөөд тус пуужинг ОХУ-д зохион бүтээжээ. Харин хоёрдугаар сард Парс-1 нэртэй хиймэл дагуулыг тойрог замд оруулсан юм.
Ираны хиймэл дагуул хөөргөлт сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн. Тухайлбал, 2019 оны хоёрдугаар сард Имам Хомейнигийн сансрын боомтод гал гарсны улмаас гурван судлаач амиа алджээ. Мөн оны сүүлээр хөөргөх тавцангийн пуужин дэлбэрч байв.
Дашрамд дурдахад, Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян ОХУ-д удахгүй айлчлахаар төлөвлөж байна. Энэ үеэр талууд иж бүрэн стратегийн түншлэлээр харилцаагаа улам бэхжүүлэх төлөвтэй байна.
Зочин 2024-11-05 66.181.161.84
Ходход нэртэй хиймэл дагуул хөөргөсөн хүмүүс ход ход инээгээд сууж байгаа байх даа.