Г.Мөнхцэцэг: Би шинэ бэр шиг ирээгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Г.Мөнхцэцэг: Би шинэ бэр шиг ирээгүй

Монголын  зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Монголын зохиолчдын эвлэл хэмээх их айлын тэргүүн болоод багагүй хугацаа өнгөрлөө.  Энэ хугацаанд та  ямар өөрчлөлт хийв?

-Монголын Зохиолчдын  Эвлэл хэмээх  энэ их айлд би  шинэ бэр шиг ирээгүй. Алив бүх зүйл хэмжээ хязгаартай. Эхнээсээ л  өөрийнхөө чадах зүйлийг хийнэ гэж цаасан дээр буулган “дарга” нарт танилцуулсан. Удирдах зөвлөл, Үндэсний төвүүдийн төлөвлөгөөтэй нэгтгэн боловсруулж сонин хэвлэлээр тавьсан. Чиний хийх ажил оньсого байна гэж хэн ч орж ирээгүй л байна. Эхнээсээ хэрэгжээд явж байгаа. Орон байраа тордох, олны төлөө явах гээд гүйцэтгэх захирал гэдэг зүгээр суудаг хүний ямбаны суудал биш юм. Өдөр болгоны гал тогооны ажлаа хүүхэн болгон магтаад байдаггүй  шүү дээ. Тэр тусмаа уран бүтээлийн байгууллагад хийсэн ажил нь харагддаг танигддаг онцлог байдаг юм. Монголын зохиолчдын нийтлэг зовинол болсон эх хэлний ондоошил,оюуны доройтол, гээд үгүй болж буй монголын тархины зовлонгоос хагаслах “Монгол утга зохиол” үндэсний хөтөлбөрийг манай удирдах зөвлөлийн гишүүд, үндэсний төвүүд соёл урлагийн хороо, яамны ажлын хэсэг боловсруулан өргөн бариад байгаа. Хэлцэгдэж хэрэгжих  цаг нь ирэх байх .Утга зохиол ширвэгдэж зохиолчийн хөлс хөдөлмөр үнэгүй болсон энэ харанхуй цагт багагүй дэмтэй үйл болох байх гэж найдаж байна. Бодсон зүйл их л байх. Аль ч улс гүрэн уран зохиолын музейтэй, зөвхөн уран зохиолын орчуулгын институдтэй хүртэл байдаг. Зохиолчийн   цэцэрлэгт хүрээгээрээ мөнгө олдоод хөгжиж байгаа улс гүрэн ч байна. Бүх зүйлийг том болгож хардаг таараагүй нүдний шилтэй  улс манайх л байна. Монгол гүрэн газраа ухаж бараад тархиа ухах цаг ирэхэд саажилт үүссэн байх вий гэж их айдаг.  Уран зохиол хэрэггүй болоод гаргаж хаясан тийм дэлхий байхгүй шүү дээ. Нэгэнт хувь тавилангийн эрхээр энэ ажлыг хийж байгаа тул зүтгэх л болно доо.

-“Утгын чимэг”, “Болор цом” зэрэг томоохон наадмыг танай үеийнхэн хоорондоо бэлэглэдэг гэсэн яриа бий.  Танай үеийнхэн ахмад үеийнхнийгээ үл тоодог гэсэн яриа бий. Энэ хэр үнэний ортой вэ?

-Уралдаан наадам утга зохиолын хөгжил биш ээ. “Утгын чимэг”, “Болор цом”-оор уран бүтээлчдийн чансааг тогтоож болохгүй. Үе нас , он цаг харгалзахгүй оршиж чаддаг зүйл бол бүтээл, бүтээлч хоёр. Бид бие биедээ бэлэглээд байх бэнчингийн улс биш. Тэгээд ч тэдгээр наадамд хүсэлтэй нь аль сайнаа унших гэж  ордог, дуртай нь очиж  сонсдог уншигч зохиолчийн нэгэн уулзалт байдаг. Бид хүндэтгэх ёстой.  Миний үеийнхэн төрөөгүй байна, би ийм муу үеийнхэнтэй зэрэгцэхгүй гээд замбуутивээс зайлж чадах  тийм тод авьяас билэгтэн төрсөн юм уу ер. Сайн муу нийлж сав дүүрдэг гэдэг. Чадалтай нь бичиж туурвиж л байгаа. Авьяасны хэмжээгээрээ бус араншигийн хирээр дуугардаг цаг юм даа.

-Та нарыг мөнгөн үеийнхэн гэдэг. Энэ үгийг ямар судлаач хэн хэлсэн юм бэ,Ер нь тэр мөнгөн үеийн төлөөлөл нь хэн юм бэ, Мөнгөн үеийнхнээс гурван боть бичсэн хүн байна уу?

-Тийм гэсэн. Хэн тэгж ерөөснийг судалж байгаагүй юм байна. Юутай ч 1990 оны босго Монгол Улсын түүхийн нэгэн  хуудсыг сөхсөн нь гашуун үнэн. Бүх салбарт шинэ хүч,агаар  салхи сэвэгнэж эхэлсэн.Утга зохиолч мөн адилаа.  20 жилийн өмнө уран зохиол яруу найрагт сонсогдож эхэлсэн нэр өнөөдөр бүдэгрээгүй байна гэдэг муу үр биш байх. Би үеийнхнээрээ бахархдаг. Аль ч аймаг сум,албан газар яам агентлагт очсон миний үеийн сайхан залуус толгойлж байна. Улс орныхоо ачааг үүрэх тэнхэл суусан. Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо,  Ц. Хулан, Г.Аюурзана, Б.Галсансүх,  Х.Чилаажав, О.Чинбаяр,  А.Эрдэнэ-Очир,  Б.Золбаяр, Д.Энхболдбаатар, Б.Батрэгзэдмаа гээд хэн тэднийг муу гэх юм бэ.Бичиж туурвиж,орчуулж, удирдаж  утга зохиолын төлөө өөр өөрийнхөө өргөсөн чулууг үүрээд мацаж л явна. Эхнээсээ өндөр дээд цол хэргэм хүртлээ. Буцах цуцах эрхгүй болсны гэрч шүү дээ.Эвлүүлж хэлхэх эх хэлтэй, эргүүлж унших ном судар, бичиг соёлтой ард түмний дунд төрсөндөө омогшдог. Ботиор  хүний оюуныг хэмжиж болохгүй л дээ.Хавтаслах, хаяг зүүх хоёр хамгийн амархан болсон шүү дээ.

-Таны хамгийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхныг сонирхмоор байна?

-Ноёны ажлаас номын ажил гэж . Бодрол, дотоод мэдрэмжийн юмууд нилээд бичжээ. Тэднийгээ нийлүүлж сууна. Хэвлүүлвэл  шүлэг, бэсрэг өгүүллэг ч олон  байна л даа.

-Ер нь зохиолчдыг ойлгоход бэрх хүмүүс гэдэг. Ийм “хэцүү”зантай хүмүүсийг удирдахад бэрхшээл бий юу?

-Харин ч хамгийн ойлгомжтой хүмүүс манай муусайн зохиолчид.Уянгатай хүн уйлна чиг дуулна чиг гэж ноён хутагт  Д.Равжаа хэлсэн байдаг. Нулимсанд ойрхон улсаас  нууж байсан ч ил  цагаан санаа үргэлжид цухалзаад байдаг . Зохиолч, яруу найрагчдад гэгээн сэтгэл ,уран зохиолд гэгээрүүлэх чанар байдаггүй бол энэ цагийн хамгийн баян улс манайхан л байх байсан боловуу гэж боддог. Их муу дотортой саванд сайн “хоол” эсэх үү. Нэг л бууж өгөхгүй .Үе үеийн зохиолчид эвлэл байгууллагаа хүндэтгэж түшиж ирсэн. Үгүй байсан бол хана тооноо эвхэж тавиад бууриа булаацалдаж болох он жилүүдтэй хороо маань олон тулсан байдаг. Үйлийн үр цэцэн шүү дээ. Их айлаас бага гэртээ хулгайлж оруулсан зүйл заавал илэрдэг. Олны буян олондоо л байх ёстой. Зохиолчийн байгууллага гэхээр үсээ хийсгэсэн, сархад сэнгэнүүлсэн согтуу галзуу улсын “эмнэлэг” гэж ихэнх хүн бодоод байдаг. Тийм биш юм аа.  Орчин үеийн олон нийтийн байгууллага ямар хэлбэр галбир,дэг журамтай байх ёстой тийм төрхөө Монголын Зохиолчдын эвлэл үндсэндээ олж байгаа.  Гэрчилгээ тамгаа цүнхлээд явж байгаа төрийн бус байгууллага Монголд зөндөө бий. Харин зохиолчид бол хийх ажилтай, үлдэх нэр хаягтай улс аа.

-Таны цаашдын ажлын томоохон зорилтуудыг сонирхмоор байна?

-Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр маань эхнээсээ хэрэгжиж байгаа гэж би түрүүн хэлсэн. Манай удирдах зөвлөл, үндэсний төвүүдийн хэрэгжүүлэх гэж зорьж хичээж байгаа гол ажил.   Үндэсний утга зохиол хөтөлбөр юм. Зохиолчийн боловсрол, бүтээлийн үнэлэмж, монгол уран зохиолын өв сан, дэлхийд таниулах, түгээн дэлгэрүүлэх, орчуулах гээд цогц хэлбэрээр  асуудлууд туссан. Хүмүүн ахуйгаасаа салах тусам оюунлигруу дөхдөг гэдэг. Монголчууд боолчлогдож зарцлагдаж  босгосон гайхамшигт хот балгад, орд харш гэж дэлхийн энгээр тарсан зүйл алга. Харин монгол хүмүүний бүтээн туурвисан ном шаштир л үлдэж. Ийм их өндөр заяатай атал өнөөдөр захын монгол иргэн  молтогчин  мэрэгчин  амьтны төрөлд очиж  газар шороогоо ухаж сэндийлэн атга хүрэхгүй алт олж амь зууж байна. Гэтэл газрын  гагнаас болсон тэр шар эрдэнээ гаднаас аваад ном бүтээж,хэдэн арван галавыг туучуулан аваад ирсэн нь хэн бэ. Ингээд бодохоор зүрх сэтгэл гэдэг зүгээр нэг цохилохгүй л байгаа юм.

-Манай зохиолчид гадаадын зохиолчидтой хэр хамтарч ажиллаж байна?

-Түрүүчийн удирдлагууд маань гадаад харилцаагаа нилээд дэлгэн, бусад орнуудын уран зохиолын байгууллага, фен клубүүдтэй хамтран ажиллаж ирсэн. Бид тэр хуучин харилцаа холбоогоо зузаатгаад зогсохгүй  шинэ танилуудын хүрээг тэлж байгаа. Зөвхөн  монголын  эртний утга зохиол, цөөн хэдхэн  уран бүтээлчдийг ганц нэгхэн орны монголч эрдэмтэд судалгааны бүтээл номдоо дурьддаг байсан бол өнөөдөр шинээр ямар ном гарч хэний зохиол дөмөг болж, хэн юу туурвиж буйг хувиараа судлаад холбогдох хамтрах гэсэн уран бүтээлчид өөрсдөө зорьж ирдэг болсон байна. Солонгос, Хятад, Англи , Тайваний зохиолч яруу найрагчид хамтарсан уулзалтуудыг арга хэмжээг зохион байгууллаа. Зарим орнуудын байгууллагуудтай  тодорхой хугацаанд зохиолч солилцох, сургалт, төсөл хэрэгжүүлэх ажлууд яригдаж байна.

-Зохиолчдын оюуны өмч хулгайд алдагдаж байна гэсэн гомдол гарах болсон. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Өмчтэй байхын зовлон хамгийн их хардлага, муухай санаа, бухимдлыг төрүүлдэг аж. Ялангуяа оюуны хулгай халаасны хулгайнаас ихэссэн энэ цагт хяналт тавьдаг газар үнэхээр хэрэгтэй байгаа юм. Монголын Зохиолчдын эвлэл  саяхнаас зохиолчийн оюуны өмчийг хамгаалах төв байгуулан яруу найрагч  Ц.Эрдэнэбаатар тэргүүнээр нь ажиллаж байгаа.Оюуны өмчийн газартай гэрээ хийж,бүртгэл, тамга тэмдэг , гэрчилгээг нь баталгаажуулж өгсөн. Гишүүдтэйгээ гэрээ байгуулж эхэлсэн байх. Ямар ч  ажил шууд төгс төгөлдөр болоод явчихдаггүй, үйл ажиллагааны  явцад засаж нэмэх зүйлүүд зөндөөн гарах байх. Хамгийн гол нь галт тэргийг хөдөлгөх л хэрэгтэй . Тус төв хийх ажил ихтэй л дээ.  Ганц нэг дуу, аяар хязгаарлахгүй зохиолчийн өв,эх зохиол,гар бичмэл гээд нарийн зүйлүүд бий.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж