"Эрчим хүчээ 2 дахин нэмэгдүүлэх мөнгөөр урсгал зардлыг тэлсэн"

"Эрчим хүчээ 2 дахин нэмэгдүүлэх мөнгөөр урсгал зардлыг тэлсэн"

"Эрчим хүчээ 2 дахин нэмэгдүүлэх мөнгөөр урсгал зардлыг тэлсэн"

Эдийн засагч, судлаач Р.Даваадоржтой ярилцлаа.


-УИХ 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх онд төсвийн зарлагыг 35.8 их наяд төгрөг байхаар тооцож оруулж ирлээ. Та үүнд ямар дүгнэлт өгч байна вэ?

-Засгийн газраас 2025 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг өргөн барилаа. Дэлхийн улс орнууд геополитикийн хурцадмал байдал, эдийн засаг, санхүүгийн зах зээл дээрх ойлгомжгүй, бүрхэг нөхцөл байдал, цар тахлаас улбаалсан хямралыг даван туулах зорилгоор төсвийн боломжит зардлыг танаж, алдагдалгүй батлахаар мэтгэлцэж л байх шиг байна. Монгол Улсын хувьд төсвийн нийт зарлага 2022 онд 18 их наяд байсан бол ердөө гурван жилийн дараа буюу 2025 онд 35.8 их наяд төгрөгт хүрч, нийт дүнгээрээ 100 хувиар тэлжээ. Дэлхийн 200 орчим улсад төсөв нь нугарч данхайсан улс Монголоос өөр байхгүй. Шинэ бүрэлдсэн парламент хоёрхон сарын өмнө баталсан Төсвийн хүрээний мэдэгдэлд,“Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ” 32.9 их наяд төгрөг байна гэж баталсан. Гэвч төсөв өргөн барихдаа бас дахин өөрчилж 3 их наядаар нэмэгдүүлжээ.

Ийнхүү дунд хугацааны бодлогын баримт бичгээ 2021 онд 3 удаа, 2022 онд 2 удаа, 2023 онд 2 удаа, энэ онд 3 удаа өөрчилснөөр Монгол Улсын Засгийн газар тооцоо судалгаагүй, алсын хараагүй гэдгээ төсвийн хуулиа хүссэнээрээ өөрчилдөг буруу жишгээр батлан харуулж байна.

Аливаа улс орны аюулгүй байдал нь тухайн орны хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн үйл ажиллагаа цэвэр тунгалаг байхаас шууд хамаардаг. Өнөө үед аливаа улс орон гадны хүчин зүйл гэхээсээ илүүтэй, дотоодын ялзралдаа идэгдэж, уруудан доройтох нь элбэг болсон.

 "ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХҮЧИН ЧАДЛЫГ ХОЁР ДАХИН НЭМЭХ БОЛОМЖТОЙ МӨНГӨӨР УРСГАЛ ЗАРДЛЫГ ТЭЛСЭН"

-Улс төрийн намууд сонгуулийн өмнө төсвийн зарлагыг бууруулах амлалт өгч байсан. Гэтэл хамтарсан Засгийн газар уг амлалтын эсрэг төсвийн бодлого оруулж ирсэн гэх шүүмжлэл байна. Төсөв тэлэх нь иргэд болон улс оронд ямар эрсдэл авчирч байна вэ?

-Хамтарсан Засагт орсон намууд бүгд л төсвөө танах талаар “чихэр” шиг амлалтыг сонгуулийн үеэр ам булаалдан ярьж байсан. Шүлс нь ч хатаагүй байна. Харамсалтай нь, Засгийн газар байгуулагдсаны дараа амлалтаа ор тас мартсан. Аливаа улсын төр “ой санамж”-аа алдах шиг гамшиг байхгүй. Иргэд төрдөө итгэхгүй болно гэдэг аймшигтай зүйл. Төр бол ард түмний эрх ашгийг илэрхийлдэг, тэдэнд үйлчилдэг үйлчилгээг төсвөөр дамжин хариуцдаг.  Гэтэл Монгол Улсын төсөв хэн нэгэн эрх мэдэлтнийг, эсвэл даргыг, намыг тэжээх хэрэгсэл болж хувирсныг 2025 оны төсвийн үзүүлэлтүүд харуулж байна. Мөн УИХ-ын чуулган дээр өрнөж байгаа үйл явц, зарим гишүүдийн мэтгэлцээнээс ч энэ бүхнийг анзаарч болно.Хэт тэлсэн төсөвтэй зэрэгцээд Засгийн газар цахилгаан, дулааны үнийг нэмнэ гэж ярих боллоо. Энэ бол аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь үнэ нэмэгдүүлж, улмаар үнэ, инфляц багагүй хувиар өснө гэсэн үг. УИХ дээр төсвийн болон мөнгөний бодлого ид хэлэлцэж байгаа. Төсөвт ирэх жил инфляцийг 6 хувь гэж тооцож байгаа нь худал болж таарлаа. Мөнгөний бодлогод инфляцыг 5 хувьд барих төлөвлөгөө нь биелэгдэхгүй болж байна. Өөрөөр хэлбэл, энэ улсад эрүүл саруул ухаанаар хийх тооцоолол, судалгаа алга. Ямар сайндаа хоёр бодлогын баримт бичгээ УИХ-аар баталсны дараа “үнэ нэмнэ” гэж ярихгүй яав даа гэж бодож сууна.

Ер нь үнэ өсгөж эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж юу байхав дээ. Төсөвт хулгай, авилгал нүүрлэсэн үед цахилгаан, дулааны үнийг хэд дахин нэмээд ч шинэчлэл хийж чадахгүй. Иймээс төсвийн бодлогоо эргэж хар гэж эрх баригчдад хэлмээр байна.

Би ганц жишээ хэлье. Европын холбооны эрчим хүчний салбарын судалгаанаас харвал 1 МВт-ын суурилагдсан хүчин чадал дунджаар 550,000 евро байгаа бөгөөд 400 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихад нийт өртөг нь 220 сая евро байх боломжтой. Монгол Улсын 2025 оны төсвийн урсгал зардал хоёр сарын өмнө баталсан тодотголоос 3.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, дарга нарын захиран зарцуулах урсгал зардал 970 сая еврогоор өссөн байна. Энэ нь өнөөгийн Монгол Улсын эрчим хүчний салбарын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүйлхүйц хэмжээний их хөрөнгө. Өөрөөр хэлбэл, ийм ихээхэн хөрөнгийг салхинд хийсгэх төсөв оруулж иржээ. Ингэхээр яаж улс орны хөгжил, сайхан ирээдүйг ярих вэ дээ.

-ДНБ-д эзлэх төсвийн зардлын хувь хэмжээ 37.7 хувьд хүрч байна.  Тэр дундаа жил бүр урсгал зардлын хэмжээ нэмэгдэж байгааг юутай холбож тайлбарлах вэ?

-Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуй нэгжүүд болон төрөөс “угждаг” өндөр тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн худалдан авалт, тендер дээр төсвийн зарлагаа нэмбэл Монгол Улсын нийт эдийн засгийн 70 орчим хувь төрөөс хамаарч байна. Монголын төр хувийн хэвшлийн орон зайг төсвөөр дамжуулан булааж эхэллээ. Төсөв бүхнийг шийдэж, төр толгойгоо даахгүй болтлоо “данхайсан” нь төрийн өмчид “хувалз” мэт шигдсэн авилгал, хээл хахуулийг улам бүр гааруулж таарна.

-Урсгал зардлын хэмжээг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах ёстой гэдэг саналыг зарим УИХ-ын гишүүд гаргаж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг танах боломж бий юу?

-Ирэх жил төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулж 6 хувь нэмнэ. Дээр нь дэд сайдын орон тоог нэмэхээр ярьж байгаа юм байна лээ. Энэ бүхнээ тооцвол 2 их наядыг урсгал зардлаас, хөрөнгө оруулалтын нийт зардлаас 145 арга хэмжээг царцаахад л 1.5 их наядыг хэмнэх бүрэн боломжтой юм билээ. Алдагдалгүй төсөв батлах, аймшгийн өрнөөсөө нимгэлэх боломжийг алдаж болохгүй л баймаар юм. Түүхий эд экспортлогч орнууд төсвийн зарлагын хэт өсөлтөөс татгалзах, түүхий эдийн үнийн өсөлтийн орлогоо урсгал төсөвт зарцуулахгүй байхад анхаарч, орлогоо хуримтлалын санд түлхүү хуваарилах, ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл, хямралаас сэргийлэх эсвэл гадаад өрийн хэмжээгээ багасгахад зориулдаг. Харин Монгол Улс энэ чиглэлийн эсрэг сөрж явна.

-Нүүрс болон уул уурхайн түүхий эдийн үнэ буурч байгаа нь ирэх оны төсөвт ямар эрсдлийг авчрах вэ?

-Мэдээж, хэт тэлсэн төсөв алдагдлаа бага харагдуулахын тулд орлогоо хийсвэрээр нэмж эдийн засгийн макро үзүүлэлтүүдээ өөдрөгөөр төсөөлөхөөс өөр аргагүй байдаг. Үүнийг 83 сая тонн нүүрс 129 ам.доллароор экспортлох, эдийн засгийн өсөлтийг 8 хувь, нийт экспорт 18.9 тэрбум ам.долларт хүргэх, инфляци 6 хувьд тогтвортой барих, ДНБ-нийхээ хэмжээг 95 их наяд төгрөгт хүргэх зэрэг олон амлалтуудаас харж болно. Энэ нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсэж тодотгол хийж таарна. Урд хөршийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал хоёр дахь жилдээ үргэлжилж гангийн эрэлт эрс багассан, Хятадын гангийн экспортод бусад улсууд гаалийн татварын хэмжээгээ нэмэгдүүлсэн зэргийг тооцож чадсан бол хөрсөндөө буусан төсвийн төслийг хэлэлцэх байв.

Төсвийн нийт орлогын 31 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Тус салбараас улсын төсөвт 2021 он 3.4 их наяд төгрөг, 2022 онд 4.3 их наядын ийн орлого олохоор тооцож байсан дүн, 2024 онд 8 их наяд, ирэх жил 11.6 их наяд төгрөг болж, жил ирэх тусам улам “хөөсөрч байна”.

Ам нээх бүртээ эдийн засгаа солонгоруулна гэж ярьдаг ч ачир дээрээ уул уурхайгаас улам бүр хараат болох бодлогоо төсвөөр дамжуулан хэрэгжүүлж байна.

Төсвийн орлого бүрдэхгүй бол гадаад өр зээлийн дарамт улам нэмэгдэнэ. Ирэх онд Засгийн газрын өр 40.5 их наяд төгрөгт хүрэхээр байна.  Гэсэн хэдий ч гадаад өрийн таазанд хүрэх хувь хэмжээнд тулаагүй гэх тайлбарыг Засгийн газрын гишүүд өгч байна. Зээлийн хэмжээ болон үр ашиг дээр та юу хэлэх вэ?

– Засгийн газрын нийт өр 2023 онд 30 орчим их наяд, энэ онд 5 их наядаар нэмэгдэж 35 их наяд төгрөгт хүрнэ. 2025 онд 40.5 их наяд төгрөгт хүрэх тооцоо хийсэн байсан. Хоёр жилд 10 их наядаар өр өсөж байгаа мөртлөө үүнийгээ өрийн дарамт буурч байна гэж иргэдээ мэхэлж байна. Энэ өрийн 70 хувийг гадаадын зээл эзэлдэг. Жилд ойролцоогоор нэг тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалтад ашиглаж байна. Буцалтгүй тусламж гэж багагүй мөнгө бий. Энэ секторт эргэлдэж буй хяналтгүй асар их хэмжээний хөрөнгө, мөнгөний ашиглалтыг шалгах ажлын хэсэг УИХ дээр байгуулагдаж сонсгол хийгээсэй гэж судлаачийн хувьд уриалмаар байна. Би өнгөрсөн зун Эрдэнэтэд очиж хог хаягдал боловсруулах 9 сая еврогийн бүтээн байгуулалтыг харсан. Хэлэх үг олдоогүй. Арай л дэндүү аашилдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, зээлийн үр ашиг тун муу байгаа.

Гадаад өрийн таазанд хүрээгүй гэж ярих нь сайхан сонсогдож байгаа ч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн “6.3.Энэ хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаарт Засгийн газрын дотоод үнэт цаасаар бүрэн баталгаажсан буюу барьцаа тавьсан өрийн баталгааны үлдэгдлийг оруулж тооцохгүй” гэдэг заалт бий. Нийслэлээс 2024 онд 500 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд босгож, ажил, албаны үеэр баахан бордюр, хазгай муруй зам тавьж иргэдийг бухимдууллаа. Энэ зээлийг Засгийн газрын өрийн дүнд оруулахгүй гэх заалт үйлчилж байна.

Ирэх жил нийслэл бүр 500 сая ам.долларын бонд босгоно. Орон нутгууд ар араасаа дуу авалцаад бонд босгох яриа чих дэлсэж байна. Энэ нь Монгол Улс өрөндөө улам бүр шигдэх эрхзүйн үндэслэлийг бий болгочихсон гэсэн үг.

ДНБ нь голлох түүхий эдийн ханш буувал яахав гэдэг асуултад наад нөхөд чинь хариулж чадахгүй. Жилд өрийн үндсэн төлбөр болон хүүнд 3 их наяд төгрөг өгч байгааг гамшиг гэж хэлэх ёстой. 2015 онд ипотекийн хөтөлбөрт ийм хэмжээний хөрөнгө Монголбанкнаас гаргаад 86 мянган айл орон сууцанд орж байсан. Энэ хэмжээ геометрийн прогрессор өсөж улс орны хөгжилд асар их тээг болно.

"ХАЛАМЖААР ЯДУУРЛЫГ ШИЙДСЭН УЛС ДЭЛХИЙД БАЙХГҮЙ"

-Төсөв томрохын хэрээр хувийн хэвшлийн орон зай хумигдаж, төр данхайдаг. Төрийн оролцоог хэрхэн бууруулж, эдийн засгийн эко систем бий болгох вэ? Төсөв данхайх нь иргэн хүний амьдралд нөлөөлөх үү?

2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо ирэх жил 7.5 их наяд төгрөгт хүрч бараг 4 дахин нэмэгдлээ. Хувь хүний орлогын татвар 1.2 их наядаас 2.9 ихнаяд төгрөгт хүрч 2.5 дахин өслөө. Дотоодын барааны НӨАТ 1.5 их наядаас 3.4 их наяд төгрөгт хүрч 2 дахиннэмэгдэх ажээ. Эндээс аж ахуй нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг мэдэрч болно.Төсвийн орлогын бодлого нь зөвхөн татвар их цуглуулах чиглэлд явж ирснийг харуулж байна. Эдийн засаг дахь татварын ачаалал өсөж байгааг анхаарч байх ёстой. Эдийн засгийг тэлэх, хувийн хэвшлийг дэмжих татварын бааз суурийг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг багасгах чиглэлд татварын бодлогыг чиглүүлэх ёстой юм. Ирэх оны төсвийн 9.8 их наядын хөрөнгийн зардал валют болж гадагшаа урсана. 26 их наядаар тооцсон урсгал зардлын бараг дийлэнх хувь нь валютын хэрэглээг дэмжих болно.  Төсвийн төсөл валютын ханш огцом өсөх, инфляциа нэмэх үр дагавар дагуулна. Өөрөөр хэлбэл, төсөв өөрөө валютын ханш огцом өсгөх замаар үнийг хөөрөгдөх шалтгаан болно. Инфляци өснө гэдэг дундаж давхрага улам бүр “нимгэрч”, тэтгэврийн ахмадууд, орлого багатай өрхийн амьдрал нэн хүндэрнэ гэсэн үг.

-Олон жил халамж хавтгайрлаа гэж ярих боловч халамжийн хувь хэмжээг нэмсээр байна. Халамж нэмэгдэхийн хэрээр ядуу иргэдийн тоо цөөрсөн гэдэг судалгаа бий юу?

-Сонгуулийн өмнө 226 мянга гаруй төрийн албан хаагчдын цалин, 500 мянган ахмадын тэтгэврийг нэмсэн. Энэ нь УИХ-ын санал худалдаж авах сайхан арга заль мэт боловч улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэх гамшигт шийдвэр юм. Ойрын жилүүдэд тэтгэврийн өрийг тэглээд зогсохгүй тэтгэврийн хэмжээг ч хэд хэдэн удаа нэмсэн. Гэтэл ийм шийдвэр үнэ хөөрөгдөхөөс өөр нөлөө үзүүлээгүй. Иргэдийн амьдралд ч бодитоор наалдаагүй. Улам бүр ядуурлын түвшин нэмэгджээ. Төсвийн дэмжлэгийг зөвхөн зорилтот бүлэг буюу орлого багатай өрх, иргэдэд чиглүүлж чадвал төсвийн тэнцвэргүй байдлыг гааруулахгүй байх өндөр ач холбогдолтой. 2016 оны төсвийн гүйцэтгэлээр Засгийн газрын тусгай сангуудаар нийт 2.3 ихнаяд төгрөг зарцуулж байсан дүн 2025 онд 11.7 их наяд төгрөг болж 5 дахин өслөө. 2016 онд Нийгмийн халамжийн сангаар 285 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2025 онд 2.6 ихнаяд төгрөг болж 9 дахин нэмэгдэх нь тодорхой боллоо. Харамсалтай нь, халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхийд байхгүй.

-Хамтарсан Засгийн газарт нэгдсэн намын гишүүд төсвийн тал дээр горимын санал гаргасан ч дэмжигдэхгүй байна. Эргээд АН-ын дарга Эдийн засаг хөгжлийн яамыг толгойлж төсөв боож орж ирсэн нь олон ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Төрийн хяналт суларсан гэж үзэж болох уу?

-Хуулиараа бол төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл болон жилийн төсвийн хязгаарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бүрэн эрх Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд бий. Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх ёстой. Төрийн хяналт сул байгаа гэдэгтээ монгол хүн бүр санал нэг байгаа байлгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Элон 2024-11-05 103.168.34.88

Мэдэхгүйдээ биш. Энэ мөнгө олдог арга нь юм байнашд.
Elon Musk шиг төрийн үр бүтээмжийн хэлтэс байгуулаад Ж. Баярмааг толгойгоор нь тавиад, багийг нь цөөнхөөс 2/3 -оос илүү байхаар бүрдүүлээд, төсөв мэтийн зүйлст хянах, хязгаарлах, түдгэлзүүлэх эрхийг нь өгөөд явуулъя. Тэгэхгүй бол дураараа найрлаж байнашд. Иймэрхүү хуулиуд батлуулах хор найруулах, лоббидож гүйх сөрөг хүчин баймаар байна аа. Толгойгоо ажиллуулахгүй, бид хүч мөхөстөж байна гээд гоншигоноод

Avatar

Зочин 2024-11-05 202.126.90.227

Эрчим хүчний алдагдлыг ард түмнээс бус өөр аргаар элдэв хэрэггүй зардлуудаа хасах замаар нөхөх нь зөв байх. Ард түмний буруугаас эрчим хүч алдагдалтай болсон мэт үзэгдэл яваад байдгийг зогсоох хэрэгтэй. Засаг, төрийг буруу удирдсан, эрчим хүчийг алдагдалд оруулсан нөхдүүдэд хариуцлага тооцох цаг нь болсон байна. Тухайлбал ажлын хариуцлага алдсан үе үеийн Эрчим хүчний сайд, дарга нарыг шүүх хэрэгтэй болжээ.

Avatar

Нэргүй 2024-11-05 202.131.234.123

өмнөх 76-уудаа цаазлаач арай хэтэртлээ даварлаа. ялт хэргээ гайхуулж хуралдаад байсан

Avatar

Эрдэнэ 2024-11-05 66.181.189.25

ичиж үхмээр ЗГ

Avatar

Х.Цэнгэл 2024-11-05 66.181.187.35

Мэргэжлийн хүний, эрдэмтэн хүнийг сонсдог Засгийн газар, Их хурал байна уу Үгүй юу.

Avatar

Нэргүй 2024-11-05 124.158.126.132

Даваадорж эдийн засагч л энэ 2025 оны төсвийн үнэн царайг үнэнээр нь хэлээд байгаа шүү

Avatar

сонгогч 2024-11-05 202.9.46.222

ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, ЭЛБЭГДОРЖ, ЦАГААНЫ ЭРДЭНЭТИЙН УУРХАЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАК- Н СТРАТЕГИЙН ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ АСАР ИХ, ТОМ ТОМ ХУЛГАЙН МӨНГӨӨРӨӨ НӨХ…ЭДГЭЭР ХУЛГАЙН МӨНГӨӨР ИРГЭД АЧААЛЛЫГ НЬ ДИЙЛЭХГҮЙ…ЭДГЭЭР ХУЛГАЙН МӨНГӨӨР ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ ХЭДЭН ЗУУ МЯНГА ДАХИН НӨХӨХ БОЛОМЖТОЙ.

Avatar

Нэргүй 2024-11-05 202.126.90.196

Таныхаар бол МАН-ын хулгайч нараас ганц муу Номтойг л ноолоод бусдыг нь толгойгий нь илээд л сул чөлөөтэй яву улах нь ээ дээ, час улаан коммунист оо !

Avatar

Dd 2024-11-05 71.205.4.58

Er him h** ee 2dahin nemegduuleh gej chum yuug helm baina ve? Evropiinqerchim huchnii sudalgaagaar misheard avch ee Tednees chini manai Er him huchnii salbar herenge oruulah sonirhol baigaa yum uu daa Herhen deer buuh dugnelt gargah senhruuleesei

Avatar

Нэргүй 2024-11-05 188.162.254.22

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!

Avatar

sdf 2024-11-05 66.181.161.229

sain yarijee

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.182.120

Данх огцрох нь цаг хугацааны асуудал болжээ.

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.190.16

аманд нь шар тос түрхмээр хүү байна

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.187.17

урсгал зардал нэрээр нам дагасан өлөнгүүдийн хоол болоод л дууссан бус уу. энэ их хурал засгийг огцруулья

Avatar

Нэргүй 2024-11-05 202.9.40.254

Оюун-Эрдэнэ, Жавхлан мэтийн амьдралаас тасарсан нөхдүүдийг огцруулах ёстой.

Avatar

зочин 2024-11-05 59.153.113.229

санийн сайд жавхлан ардын нам, эдийн засаг хөгжлийн яам гантөмөр ардчилсан нам , улсаа сүйрүүлэх төсөв оруулж ирсэн тул хоёулаа огцор

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.189.185

ГОЁ ДОО ГОЁ

Avatar

Готов 2024-11-05 202.9.40.107

Нөгөө эргүү коммунистууд нь үүнийг унших ч үгүй биз. АН ХҮН болоод бусад сөрөг намууд УИХ-ыг бойкотлож энэ үрлэгэн төсвийг зогсоо. ЕРӨНХИЙ САЙД болон САНГИЙН САйДЫГ огцруулахаас өөр замгүй.

Avatar

Нэргүй 2024-11-05 103.57.94.151

Энн МАН ыг сонгосон нь иргэд бидний хохь

Avatar

Нэргүй 2024-11-05 66.181.190.16

одоо энэ эрчим хүчний РЕФОРМ гээч идэх уухаа далдалсан заваан ажлаа болих хэрэгтэй. РЕФОРМ гээчийг гацаа Чойжоо мулгуу Данх 2ын хийчдэг ажил бишээ. Хувьдаа Төв аймгийн Баян суманд ажил нь эхэлсэн 660 мВТ-ын цахилгаан станц барьж байгаа Олигархи улсын ганц цахилгаан станцын ажил хөдөлгөх үү. Жонхуу Бөөрөлжүүтийн цахилгаан станц ыг гөлөгнүүдээр санхүүгийн туслалцаа авч бариад 1 кв.ц.цах эрчим хүчийг улсад 8.9 центээр шахчихаар хорсжээ. Энэ ЗГ-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж