АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахад тун ойртоод байна. Энэ үед дэд ерөнхийлөгч Камала Харрис, ерөнхийлөгч асан Дональд Ж.Трамп нар сурталчилгаа болон сонгогчидтой уулзах уулзалтад хамгийн их мөнгийг зарцуулж байгаа аж. Энэ талаар “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа онцолж байна.
Сүүлийн 16 хоногийн дотор өрсөлдөгчид Улс төрийн үйл ажиллагааны хороодтойгоо (PAC) хамтран хагас тэрбум ам.долларын зарлага гаргасан талаар өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт гарсан санхүүгийн тайланд дурджээ.Тодруулбал, Харрис болон Трампийн кампанит багын нийт зардал 265 мянган ам.доллар байсан бол дэд ерөнхийлөгчийн супер “PAC”, ерөнхийлөгч асны дөрвөн супер “PAC”-ны нийт зардал 260 мянган ам.доллар гаруй байжээ.
Санхүүгийн тайлан нь аравдугаар сарын 1-нээс 16-ныг хүртэлхи зардлыг тусгасан.
Холбооны сонгуулийн хорооны мэдээлснээр нэр дэвшигчдийн зардал 48 цаг тутам өөрчлөгдөж байдаг тул өнгөрсөн хугацаанд зарцуулсан мөнгийг ашиглан тайлан гаргах зүйтэй гэсэн юм. Мөн нэр дэвшигчдийн зардлыг хянах нь өрсөлдөөний явц хэрхэн үргэлжилж буйг нягтлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үндсэндээ нэр дэвшигчид таван төрлийн үйл ажиллагаанд хамгийн мөнгө зарцуулсан байх ба энэ нь сурталчилгаа, ажилчид, аялал, хөрөнгө босгох болон өрсөлдөгчөө харьцуулах зэрэг юм.
ОЛНО БАС ҮРНЭ
Дэд ерөнхийлөгч Камала Харрис 16 хоногийн дотор 166 мянган ам.долларыг сурталчилгаандаа зарцуулсан байна. Харин өнгөрсөн наймдугаар сард зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд сурталчилгаагаа байршуулахын тулд 130 сая ам.доллар зарцуулсан юм. Их хэмжээний мөнгөн зарлага гаргахаас гадна аравдугаар сарын эхэн үед тэрбээр 182.6 сая ам.долларын хандив авсан гэж “The New York Times”-ийн санхүүгийн шинжээчид мэдээллээ.
Харрис болон Жо Байден нар 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхэлснээс хойш нийт 1.8 тэрбум ам.долларын хандив босгож чаджээ.
Харин ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний холбоотнууд 16 хоногийн дотор 92.1 сая ам.долларын хандив авсан. Гэхдээ 2022 оны арваннэгдүгээр сард тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгдсэнээсээ хойш нэг тэрбум ам.долларын хандивын босгыг давж чадсан юм. “The Times”-ийн мэдээлснээр, Трампийн үндсэн хороо аравдугаар сарын 1-нээс 16 хоногийн турш 100 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэ нь өнгөрсөн зургаа, долоо, наймдугаар сарын зарлагаас хавь илүү үзүүлэлт аж. Санхүүгийн тайланд тусгаснаар, ерөнхийлөгч асан зар сурталчилгаандаа зориулж 88 сая ам.доллар зарцуулсан ба эдгээр мөнгөн дүн сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн байх боломжтой.
Трамп аравдугаар сарын дунд үе гэхэд 36.2 сая ам.долларын хандивтай үлдсэн байжээ.
Харрисын хувьд гурав дахин их буюу 119 сая ам.долларын хандивтай үлдсэн нь өрсөлдөгчөөсөө илүүрхэх санхүүгийн боломжийг харуулж байна. Түүнчлэн эрх баригч Ардчилсан нам нэр дэвшигчээ дэмжих журмаар үйл ажиллагаагаа өргөжүүлж, Харрисын өмнөөс мөнгө гаргаж байсныг Холбооны сонгуулийн хорооны тайлангаас харж болно. Гэсэн хэдий ч Трампийн Бүгд найрамдах нам бууж өгөлгүйгээр аравдугаар сарын 16-ны байдлаар үлдсэн 48 сая ам.долларын хандиваасаа 23.8 саяыг түүний сурталчилгааны 355 ажилчинд цалин хэлбэрээр олгожээ.
АРДЧИЛСАН БҮЛГИЙН ХАМГИЙН ТОМ ХАНДИВЛАГЧ НУУЦ ХЭВЭЭР
Ардчилсан намын хамгийн том супер “PAC” болох “Future Forward” нь зар сурталчилгааны хожуу худалдан авалтыг нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс тус бүлгийн хандив хамгийн сүүлд босч, нэр дэвшигчийн сурталчилгаанд ашиглагддаг байна. Жишээлбэл, сонгууль эхэлснээс хойш хандив босгосон гэх ямар ч мэдээлэл дэлгээгүй “Future Forward” өнгөрсөн Лхагва гаригт 82 сая ам.доллар хандив босгон, зар сурталчилгаанд ашигласан гэдгээ илчилжээ.
Тус бүлэг аравдугаар сарын хагас гэхэд 89 сая ам.доллар цуглуулсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь өдөрт 6 сая ам.долларын хандив авсан гэсэн үг юм.
Фейсбүүкийг үүсгэн байгуулагчдын нэг Дастин Московиц аравдугаар сараас өмнө 13 сая ам.долларын хандив өгсөн байжээ. Дараа нь 25 сая ам.доллар хандивласнаараа Ардчилсан намын бүлгийн томоохон зарцуулагчдын тэргүүн эгнээнд бичигдсэн. Гэсэн хэдий ч Харрисыг дэмжиж, хамгийн их мөнгийг хандивласан нэгэн нууц хэвээр байна. Тодруулбал, аравдугаар сарын эхээр цугласан 89 сая ам.долларын 40 саяыг нь нэрээ нууцалсан эрхэм хандивлажээ. Тухайн хүн нь супер “PAC” хар мөнгөний бүлгээс гаралтай гэгдэх бөгөөд энэ нь бүлгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх нууц хэсэг бүлэг хүмүүс юм.
ЭЛОН МАСК 119 САЯЫГ ЗАРЦУУЛЖЭЭ
Тайланд дурдсан 16 хоногийн дотор Элон Маск Бүгд найрамдахчуудыг дэмжих зорилгоор 57 сая ам.доллар зарцуулжээ. Дэлхийн хамгийн баян хүн тэрбээр Трампийн супер “PAC”, Америк “PAC” зэрэг хороонуудад мөн адил мөнгө хандивлаж, ерөнхийлөгч асанг Цагаан ордонд дахин илгээхийн тулд 119 сая ам.долларыг өөрийн түрийвчнээсээ гаргаад байна.
Гэсэн хэдий ч Маск Лас Вегас дахь казиногийн магнат Мириам Аделсоныг гүйцэж түрүүлж чадсангүй.
Маскийн хувьд энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиас гадна мужийн сенатын сонгуульд үнэтэй хувь нэмэр оруулж буй. Тодруулбал, Бүгд найрамдах намаас сенатын сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүдэд их хэмжээний мөнгө зарцуулжээ. Жишээ нь, нэр дэвшигч Митч МакКоннелийн холбоотон хороонуудад 10 сая ам.доллар, Тони Гонзалесын сонгуулийн хороонд 825 мянган ам.доллар зэргийг хандивлаж Бүгд Найрамдахын хамгийн том хандивлагч болоод буй.
АНУ-ын ерөнхийлөгчийн 2024 оны сонгууль арваннэгдүгээр сарын 5 болох бөгөөд нэр дэвшигчдийн зарлага бүртгэгдсэн хэвээр байна. Хэрэв Дональд Трамп, Камала Харрис нар хэдэн ам.долларыг юунд зарцуулсныг сонирхохыг хүсвэл “Federal Election Commission”-оос харах боломжтой.
Нэргүй 2024-11-05 66.181.180.153
хайран мөнгө үрээд муусайн коммунистууд.