Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэх үйлдэл буюу үе тэнгийн дарамт, дээрэлхэл газар авч буй. Үүнийг дараах тоо баримт нотолно.
Тодруулбал, энэ оны зургаан сарын байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд 1377 дуудлага мэдээлэл ирсний 960 дуудлага мэдээлэлд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж шийдвэрлэсэн байна.
Үүнээс 33,6 хувь буюу 463 нь үе тэнгийн дээрэлхэл, хүчирхийлэлтэй холбоотой дуудлага байжээ. Хүүхдүүдийн 30 орчим хувь нь сургуулийн орчинд хүчирхийлэлд өртдөг байна. Боловсролын яамнаас улаанбаатар хотын есөн дүүрэг болон найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэл, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ.
Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртсөн байдаг аж.
Энэ нь гэр бүл, сургуулийн орчинд түгээмэл байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлддэг хүн нь үе тэнгийнхэн болон ахлах ангийнхан байдаг ажээ. Тухайлбал судалгаагаар ахлах ангийн хүүхэд 47.6 хувь, багш 15 хувийг эзэлдэг гэх судалгааны дүн гарсан байгаа юм. Хүүхэд хүчирхийлэлд өртөх, дээрэлхэлтийн хохирогч болох олон шалтгаан бий. Зарим тохиолдолд томчууд ч үе тэнгийн гадуурхал, дээрэлхэлтийг өдөөх тохиолдол байдаг байна.
Тухайлбал, урлаг, спортын тэмцээн уралдаан, хүүхдүүдийг бие биетэй нь уралдаж, өрсөлдүүлэх хандлага зэрэг нь өөрийн болоод бусдыг хүүхдийн бие, сэтгэлийг шархлуулах нь тохиолдол болдог аж.
Мөн эцэг эхийн хайхрамжгүй үйлдэлд нь хүүхдийг энэ гэмт хэргийн хохирогч болон гэмт хэрэгтэн болох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тэгвэл аливаа дээрэлхлийг зогсооход хүүхэд, эцэг эхчүүд, багш нарын хамтын ажиллагаа маш чухал. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ анги удирдсан багштай харилцаа холбоотой байж асуудал гарсан үед хүүхдийн нууцыг чандлан хадгалж, асуудалд тохирсон арга хэмжээ авах, холбогдох үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэнд нь зуучлан өгөх нь чухал юм. Үе тэнгийнхний дээрэлхэл нь далд, давтагдаж, даамжирч улмаар хүүхэд амь насаа хорлоход хүргэдэг учраас хүүхэд, эцэг эхчүүд, багш нар, олон нийтийн хамтын ажиллагаа, оролцоо шаардлагатай. Энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хүүхэд хамгааллын шинэчилсэн хуульд үе тэнгийн дээрэлхлийг тусгайлан хуульчилж өгсөн. Боловсролын орчин дах хүүхэд хамгаалалд энэ асуудлыг тусгаж өгсөн.
Үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хүүхдэд зөвлөгөө өгөх, уучлалт гуйлгах, сэтгэл зүйн зан үйлийг засах сургалтад эцэг эхийн хамт суулгах шинэлэг заалт бий. Удаа дараа үе тэнгийн дээрэлхэл, дарамт үзүүлсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэдэг болж буй.
3,595.11















































