Сурвалжлага: ЭХЭМҮТ-д шөнөдөө 460 орчим хүүхэд ирж байна

Сурвалжлага: ЭХЭМҮТ-д шөнөдөө 460 орчим хүүхэд ирж байна

Сурвалжлага: ЭХЭМҮТ-д шөнөдөө 460 орчим хүүхэд ирж байна

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн хүүхдийн зөвлөх поликлиник өдөртөө 1200 орчим хүнийг үзэж, оношилдог аж.  Тус эмнэлгийн ажил өглөөний 08:30 цагт эхлэж, оройны 16:30 цагт дуусна.

Ажлын цаг дуусч, эмч нар харих бэлтгэлээ базаан сууна. Гэсэн хэдий ч хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүдийн хөл тасрахгүй үргэлжилнэ.

Хүүхдийн 25 чиглэл, эх барихын есөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээний нэгдсэн ганц эмнэлэг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв.

ЭХЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийн хаалгаар ороход эмнэлгийн хоол, цай бололтой ууттай зүйл барьсан хүмүүс үүдээр холхино. Тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг тэнд байрладаг аж. Үүдэнд суух жижүүрт гарч буй ажилтны өгсөн мэдээллээр сүүлийн үед ЭХЭМҮТ-ийн ачаалал нэмэгдсэн. Жирийн өдрүүдэд ч мөн ачаалал ихтэй байдгийг хэллээ. Энд нийт хэвтэн эмчлүүлэх 15 тасаг байдаг ба аль тасаг гэдгээсээ шалтгаалан өөр, өөр тооны үйлчлүүлэгчтэй.

Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт хамгийн их буюу 43, ерөнхий мэс заслын тасагт 37, Зүрх, судас холбогч эдийн эмгэг судлалын тасагт 25 эх, хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Харин хүүхдийн яаралтай тусламжийн тасагт хүмүүсийн ачаалал ихэсчээ. Үүдээр ормогц дараалал, дугаараа булаацалдсан эцэг, эхчүүд хоорондоо муудалцаж, эмнэлгийн ажилчид тэднийг чимээ шуугианаа дарахыг сануулна. Эмнэлгийн ачааллаас болоод эцэг, эхчүүд ийн бухимдах нь тус эмнэлгийн ажилтнуудын хувьд хэвийн үзэгдэл бололтой.

"ЭЦЭГ ЭХЧҮҮД ХОНОГ АЛДАЖ БАЙГААГАА ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ ХҮНДЭРЧ БАЙНА"

Халуун, хүйтний улирал солигдож, үүнээс болоод гадуур томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэн байна.

Нийгэмд томуугийн дөрвөн төрлийн вирус дэгдэж, үүнээс болоод хүүхдийн хүндрэл сүүлийн үед нэмэгдэх болсон байна. ЭХЭМҮТ-д шөнөдөө 460 орчим хүүхэд ирж байгаа аж. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед жил бүр эмнэлгийн ачаалал нэмэгддэг, яг өнөөдрийн байдлаар оргил үедээ хүрээгүй байна. Гэвч цаашдын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хамгийн гол нь эцэг эхчүүд мэдээлэлтэй байж, хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулахыг эмч нар зөвлөж байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Чанарын албаны дарга, хүүхдийн эмч А.ОЮУНЧИМЭГ:

-Хүндэрч байгаа хүүхдүүд шинж тэмдгийн хувьд халуурна, хоолой нь өвдсөн, ханиалгана. Хүндэрсэн тохиолдолд ларенгитын шинж тэмдэгтэй хүүхэд амьсгал авахдаа хяхтнаад муухай зурж байгаа юм шиг ханиалгана. Энэ тохиолдолд хүүхэд унтаж чадахгүй. Удааж болохгүй, яаралтай эмчид хандах ёстой. Өдрийн цагт өрхийн эмнэлэгтээ ханд. Эсвэл 103 дууд. Шөнө бол гэртээ хамгийн ойр эмнэлэгт хандаж, эмчид үзүүлэх ёстой.

Хэрэв хүүхэд уйлж уйлж, амьсгаа авахдаа эвгүй дуугарвал хөнгөн зэргийн ларенгит явж байна, эмчид ханд. Тайван үедээ хүүхэд муухай дуугарвал хүндэрсэн байна гэсэн үг.  Эцэг, эх өглөө болгочихъё гэсээр байгаад хоолойг нь боолгож, хүндрүүлдэг.

Халууралтыг мөн сайн үзэх ёстой.  Айл бүр халууны шилтэй байх хэрэгтэй. Хүүхдийн халууныг үзэхэд халуун 38.5 -аас дээш бол 3 сар хүртэл хүүхэд, мөн 39-өөс дээш халуун зааж байгаа бол хүндрэх өндөр эрсдэлтэй. Цагаан халуурч байна уу, улаан халуурч байна уу гэдгийг эмч нар асуудаг. Царай нь цонхийгоод, хөл, гар нь хүйтэн, арьс нь эрээн бол хүндэрнэ.

Цагаан халуурлын үүсгэгч нь илрээгүй байгаа нянгийн муухай халдвар эсвэл ковид ч байж болзошгүй. Хамгийн ойрын эмчид хандах ёстой.

Арваас дээш насны хүүхдийг том гээд эцэг, эхчүүд хайхардаггүй, анхаардаггүй. Гэтэл уушгины хатгаагаар 10 настай хүүхэд ч ирж байна. Эмчид үзүүлж, эмчилгээг цаг тухайд нь хийлгэж, гурав хоногийн дараа дахин үзүүлэх ёстой гэж зөвлөсөн бол зөвлөгөөг дагаарай. Эцэг, эхчүүд хоног алдаж, эмчид хандаж байгаагаас хүүхдийн өвчлөлийг хүндрүүлж байна гэв.

"ХҮҮХДЭД ҮЙЛЧИЛДЭГ ЭМНЭЛГИЙНХЭЭ ОРОН ТООГ НЭМЭХ, ЭМЧ СУВИЛАГЧДЫН ТООГ НЬ НЭМЭХЭД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ"

Харин эмнэлгээр үйлчлүүлж буй эцэг, эхчүүдтэй ярилцахад  "Дөрвөн настай охины минь хоолой өвдчихсөн. Дахиад л эмнэлэг бараадаж байна. Өглөө хувийн эмнэлэгт үзүүлэхэд хатгаатай байна гэсэн.  Бүх л эмнэлгүүд ачаалал ихтэй байна. Боломжтой бол хүүхдийнхээ тасаг дээр эмч, сувилагчдын тоог нэмж, хүн хүч нэмэх хэрэгтэй" санагдаж байна. Өөр нэгэн аав хэлэхдээ "Хүү маань цэцэрлэгээсээ ханиад авсан бололтой. Уг нь ханиад томуу их байгаа учраас хаширлаад явуулахгүй байсан юм. Гадуур ханиад томуу аймар байна. Цаг орой болчихсон  бүгд л хүүхдүүдээ үзүүлэх гэж ирсэн ч ачаалал ихтэйгээс болоод эцэг, эхчүүд эмч нарын хооронд үл ойлголцох зүйл гарах  юм. Тиймээс эмнэлгийн ачаалал нэмэгдсэн газрууддаа эмч, сувилагчдын тоогоо нэмэхэд анхаарах хэрэгтэй байна" гэж ярив.

Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 50.5 хувь нь нийслэлийн есөн дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодруулснаар 2024 оны аравдугаар сарын 21-28 хүртэлх хугацаанд амбулаторид хандаж тусламж үйлчилгээ авсан иргэдийн 5.2 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 21.3 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар шалтгаантай байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Лабораторит суурилсан тандалт шинжилгээний дүнгээр томуу, томуу төст өвчний шалтгаанаар эмнэлгийн тусламж авсан хүмүүсийн 31.7 хувьд нь томуу, томуу төст өвчин үүсгэгч илэрсэн.

Үүнд,

  • Аденовирус 12.2 хувь,
  • Риновирус 7.3 хувь
  • Амьсгалын замын синцитиал вирүс болон SARS-CoV-2 тус тус 4,9 хувь
  • Иж томуугийн вирус 2.4 хувь байна

ТОМУУГИЙН ВАКЦИНД 144 МЯНГАН ИРГЭН ХАМРАГДЖЭЭ

Хүйтний улиралтай зэрэгцэн томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг.  Ялангуяа хүүхдүүдэд энэ улирлуудад өвддөг учраас эрүүл мэндийн салбар нь ачаалал ихтэй эмнэлгүүдэд хүн, хүч нэмэх, эцэг эхчүүд нь мэдээлэлтэй байж хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарахгүй болж хүүхдийн өвчлөлийг хүндрүүлэх, түүнээс үүдэж олон эрсдэл дагуулж байгааг аль аль талдаа анхаарах цаг, улирал нь иржээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа учраас үүнээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган "Энэ жил томуугийн дархлаажуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхэлсэн. Энэ хэрээр эмнэлэгт хандаж, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурна гэсэн хүлээлт байна. Одоогоор томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Томуугийн өвчлөл нэмэгдэх хэрээр эмнэлэгт хандаж, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор НЭМГ-ын харьяа үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад амьсгалын замын өвчлөлтэй 800 гаруй хүүхдийг хүлээж авах зориулалттай ор дэлгэсэн. Үүнийг нэмэгдүүлж, 1300 гаруй ор дэлгэж бэлтгэсэн. Цэцэрлэг, сургуулийн нөхцөлд эрүүл ахуйн байцаагч нар бусад агентлагийн энэ чиглэлийн албан хаагчтай хамтран эрүүл ахуйн төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж, эрүүл ахуйн болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой зөвлөмжүүд хүргэсэн. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуугийн өвчлөлөөс сэргийлэх цогц арга хэмжээнүүдийг авдаг. Энэ дагуу цэцэрлэг, сургуулийн багш нарт зориулсан томуу, томуу төст өвчнөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтууд зохион байгуулна” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-11-05 80.83.235.122

Өвөл болохоор хүйтэн болноо, ханиад ихэснээ,ханиадны хүндэрсэн хүмүүс ихэснээ, эмнэлгийн очер дараалал, ачаалал нэмэгднээ, хэрүүл хэл ам нэмэгднээ, зун болноо, бүгд мартнаа

Avatar

Нэргүй 2024-11-05 202.9.40.141

санаатай бодлого явуулж байгаа мэт жил болгон яринаа юу ч хийдэгггүй учмр нь бил тэмцэж чаддаггүй ард түмэн шүү өөрсдөө хулгайч нарт боломж тавьж өгдөг

Avatar

Нэргүй 2024-11-05 202.126.89.133

Жил болгон ярьдаг л сэдэв ш дээ. Бахь байдгаараа байнд ч үгүй, банзанд ч үгүй гэдэг шиг

Avatar

Үндэсний аюулгүй байдал 2024-11-05 89.162.41.171

Үүнийг 100% шийдэж чадах эрүүл сэтгэлгээтэй ерөнхий сайд, эрүүл мэндийн яам байдаг болоосой. 30жил ийм л янзаараа байна. Санаатай бодлого яваад байгаа мэт санагддаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж