Алс газраас захиа бичээрэй

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Алс газраас захиа бичээрэй

“Чингис” зочид буудлын хажуугийн есөн давхраас танил аялгуунууд эгшиглэж, микрийнхэн рок, попын ертөнцөөс халин одсон нэгэн сайхан андыгаа дурслаа. Одоогийн  “Номин талст” хамтлагийг үүсгэн байгуулагч, ерээд оны залуусын сонсох дуртай “Номин” хамтлагийн ахлагч Д.Равжаа агсны байрны гадна түүний дотны найзууд цуглажээ.

Тэд найзынхаа залуу нас, уран бүтээлийнх нь нандин дурсамжийг тээн үлдсэн байрных нь хананд “…Сүүлчийн удаа цонхон дээр чинь сар болон хоноё”, “Алс газраас захиа бичээрэй, Анд нөхөддөө зориулж бичээрэй” гэсэн уран бүтээлийнх нь үгсийг тэрлэсэн даруухан самбарыг мөнхжүүлэн үлдээв.

 “Номин талст” хамтлагийг үүсгэн байгуулагч, “Номин” хамтлагийн ахлагч, ая зохиогч  Д.Равжаа агсны дурсгалд зориулж дотны андуудынх нь бүтээсэн даруухан самбар өчигдрөөс эхлэн Сансарын 51-р байрны хананд яруухан түүх өгүүлэн үлдэж байна. Чухам энэ л гудамжинд, энэ л байрны гадна бидний дуртай олон сайхан уран бүтээл эгшиглэж, Монголын рок, поп урлагийн нэгэн судас болон лугшиж байжээ.

Д.Равжаа агсны дотны анд н.Баярмагнай “Өнөөдөр бид микрийн нэгэн сайн дүү, ээжийн нэгэн сайн хүү, андын бат барилдагатай эрхэм найзынхаа тухай дурсахаар цуглалаа. Хүмүүний биеийг олж төрөөд хүн шиг амьдрахын утга учрыг хойч үе, анд нөхөддөө таниулсан найз Д.Равжаагаа дурсах сайхан байна. Найзтайгаа хэзээ, яаж танилцаснаа би ерөөсөө санадаггүй юм. Нэг л мэдэхэд, мэдээ ороход анд маань л байсан. Хүүхэд мэт цагаахан сэтгэлтэй, хөөрүү, хошин ярианд маш дуртай, нэг талдаа гитараа, нөгөө талдаа жүдогийн кимоно, баринтагтай номоо үүрчихсэн явдаг байсан залуухан лам харааны шилний цаанаас  онийж ирээд л чин сэтгэлээсээ инээмсэглэн, байнга л ямар нэгэн юманд яарч явдаг байсан нь одоо эргээд бодоход тун саяхных юм шиг санагдаж байна. Найзын маань хийх зүйл нь амжихгүй, цаг хугацаа нь багадаад байсан юм болов уу гэж сая л ухаж байна. Шөнийн гурван цагт утасдаж, хаалга нүдээд “Ийм нэг дуу хийчихлээ. Ямар байна. Одоо Ганаад сонсгоно” гэчихсэн л гүйж явдаг байж билээ. Сүүлд нэг ярихдаа “Бэлтгэлээ сайн хийж байгаад самбо, жүдо, боксын улсын аваргаар орно гэчихсэн явж билээ. Ном эрдэмтэй, урлагийн ховор мэдрэмжтэй, спортод үнэнч сэтгэлтэй анд маань дэндүү ихийг мэддэг, дэндүү олныг чаддаг, хэлсэндээ хүрдэг эр хүн байсан. Тэр үеийн биднийхээр бол жинхэнэ “мужик” байсан. Анд маань тэнгэрт хальснаас хойш 12 жил өнгөрсөн байна. Тиймээс бид хойч үедээ Аажаа /найзууд нь түүнийг ингэж дууддаг аж/ маань ийм хүн байсан энд уран бүтээлээ туурвиж, ая дуунууд нь эндээс төрж байсан гэдгийг хэлж, дурсах гэж найзынхаа амьдарч байсан байранд нь дурсгалын самбар босгож байна” гэсэн чин сэтгэлийн үгээр энэхүү бяцхан ёслолыг нээсэн юм.

Энэ үеэр Д.Равжаа агсны ээжийн сэтгэлийн үгийг сонслоо.

-Өнгөрсөн зууны 80 оны эхээс рок, попын ертөнцөд хүч авъяасаа сорих гэж бачимдан тэмүүлж явсан олон залуусын нэг нь миний хүү байсан юм. Хүүгийнхээ урлагт оруулсан хувь нэмрийг санахад бусдын ач буяаныг үнэлж дурсахын аргагүй байдаг. Бяцхан сурагч хүүгийн минь хөгжимчин болох гэсэн зорилго хүслийг биелүүлэхэд тусалсан хөгжимчин Жүгдэрнамжил, анхны багш, “Соёл-Эрдэнэ”-ийн Б.Цолмон нартаа талархал илэрхийлье. Энэ үгээ бас хүүтэй минь тэнгэрийн оронд буй гавьяат жүжигчин Галсанбат агсанд бас би зориулах учиртайг онцолж хэлэхийг хүсч байна. Монголын сайхан урлагийн түүхэнд та бүхний найз, миний хайртай хүү өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсныг их хувь заяа гэж өчүүхэн би бодож явдаг юм. Хүүгийн минь гэгээн дурсгалд зориулж, өсч торнисон гэрийнх нь хананд гэрэлтэж, дурсагдаж байх дурсгалын самбар бүтээсэн та бүхэнд баярлалаа.

Г.Даша

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж