Нигерийн амьжиргааны өртөг дээд хэмжээнд хүрсний улмаас иргэд өнгөрсөн наймдугаар сард эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Гэвч цэрэг, цагдаагийн байгууллага жагсагчдын эсрэг гал нээж, 20 гаруй хүн амиа алдан, 100 орчим хүн баривчлагдсан юм. Өнгөрсөн Баасан гаригт /2024.11.01/ зарим жагсагчдын шүүх хурлын ажиллагаа эхэлсэн бөгөөд 29 өсвөр насны хүүхэд цаазын ял авч магадгүй болжээ. Тэдний дөрөв нь хэтэрхий их ядарч, сульдсаны улмаас шүүх хуралд оролцож чадаагүй байна.
Нийт 76 жагсагчийг эх орноосоо урвасан, эд хөрөнгө сүйтгэсэн, олон нийтийн үймээн самуун дэгдээсэн, үймээн самуун дэгдээсэн зэрэг 10 зүйл ангийн хүнд гэмт хэрэгт буруутгаж байна гэж "Associated Press" агентлаг мэдээлэв. Шүүхийн тайланд дурдсанаар, цаазын ял авч магадгүй хүүхдүүд нь 14-17 насныхан байна.
Өнгөрсөн саруудад амьжиргааны өртөг нэмэгдсэнээс болж хэд хэдэн удаа жагсаал болсон. Нигерит цаазаар авах ялыг 1970-аад онд нэвтрүүлсэн ч 2016 оноос хойш нэг ч удаа цаазын ял гүйцэлдүүлээгүй юм. Абужа хотод байрладаг хуульч Акинтаё Балогун хэлэхдээ, Хүүхдийн эрхийн тухай хуульд ямар ч хүүхдэд эрүүгийн хэрэг үүсгэн, цаазаар авах ял оноохыг зөвшөөрдөггүй гэж тайлбарласан байна.

Тэрбээр " Эдгээр хүүхдүүдийг засгийн газар 19 болон дээш настай гэж батлаагүй л бол холбооны дээд шүүх тэднийг шүүж, яллах нь хууль зөрчсөн хэрэг болно" гэсэн байна. Тиймээс шүүгдэгч тус бүрт нь 5900 ам.долларын торгууль ногдуулж, батлан даалтад гаргахаар өмгөөлөгчид нэгдэн, хүсэлт илгээжээ.
Өмгөөлөгчдийн нэг Абубакар Маршал "Хүүхдээ сурган, хүмүүжүүлэх үүрэгтэй улс тэднийг шийтгэж байна. Эдгээр хүүхдүүд 90 хоногийн турш хоолгүй хоригдсон" гэсэн юм.
Нигери улсын хувьд авлигын хэрэг нь хууль тогтоогч, улс төрчдийн дунд дагтаршсан. Тус улсын удирдлагууд Африкт хамгийн өндөр цалинг авдаг бөгөөд ерөнхийлөгчийн эхнэр нь хүртэл татвар төлөгчдийн мөнгөөр жийп машин, тансаг эд хэрэгсэл худалдан авсан байдаг. Нийт 210 сая хүн амтай тус улсын иргэд ажлын байрны хомсдолоос болж өлсгөлөнгийн ирмэгт тулсан учир засгийн газрынхаа эсрэг жагсаал зохион байгуулаад удаж буй.
3,576.26





















































Холбоотой мэдээ