АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жил тутам арваннэгдүгээр сарын эхний Мягмар гаригт болдог. АНУ-ын 60 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт Вашингтоны цагаар арваннэгдүгээр сарын 5-нд, Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 6-нд явагдана.
Дэлхий нийтийн гол анхаарал сүүлийн өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дээр төвлөрч байна. Нийт ДНБ нь 27.974 триллион, нэг америк иргэнд ногдох 83.06 мянган ам.доллараар яригддаг тэргүүлэх эдийн засагтай улсын удирдагч хэн болох нь дэлхийн онцгой чухал үйл явдал юм.
Нэгдсэн улс нь улс төрийн олон намын тогтолцоотой ч, Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын дунд өрнөдөг, лидерүүд нь засгийн эрхийг ээлжлэн барьж ирсэн байдаг.
Шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр Цагаан ордонд амьдрах хугацаа нь дуусгавар болох Жой Байдены засаглалын үед Америкийн ДНБ-ий бодит өсөлт дунджаар 3.4, ажилгүйдлийн түвшин 3.6 хувьтай байжээ. 2023 оны дунд үе гэхэд АНУ-д 13 сая гаруй ажлын байр нэмэгдсэн нь түүхэнд байгаагүй хурдацтай өсөлт авчирсан байна. Жо Байдены эдийн засагт барьж ирсэн гол бодлого нь баян, чинээлэг иргэдээс авах татварыг өсгөж, иргэдийн эрүүл мэндийн зардлыг бууруулахад чиглэсэн. Дашрамд сонирхуулахад, Орос-Украины дайны дараа Америк байгалийн хийн хамгийн том экспортлогч орон болсон юм.
Улс төр, эдийн засаг, цэрэг арми болон биотехнологи гэж их гүрнүүдийг эрэмбэлдэг дөрвөн голлох үзүүлэлтээр дэлхийд ноёлох байр суурьтай, ардчилал эрх чөлөөний эх орон болох АНУ-ын Төрийн тэргүүний ээлжит сонгуульд Бүгд найрамдах намаас АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч асан Доналд Трамп, Ардчилсан намаас АНУ-ын анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч Камала Харрис нар өрсөлдөж байна. Америкийн ард түмэн тэдний хэнийг нь ерөнхийлөгчөөрөө сонгохоос дэлхийн улс төрийн чиг хандлагад томоохон өөрчлөлт гарах нь дамжиггүй юм.
Түүх сөхвөл, АНУ нь орчин цагийн түүхэнд Бүгд найрамдах төрийн тэргүүн болох ерөнхийлөгч хэмээх албыг бий болгосон анхны улс агаад сонгуулийн өвөрмөц системтэй улс аж.
АНУ-ын ерөнхийлөгч нь АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн, сүүлийн 14-өөс доошгүй жил тус улсад оршин суусан, 35 болон түүнээс дээш насны иргэн байх ёстой гэж Үндсэн хуульдаа зааж өгчээ.
АНУ-ын Үндсэн хуулийг анх 1787 онд батлахдаа ерөнхийлөгчийн сонгуульд муж бүрийн тэгш төлөөллийг хангах үүднээс Конгрессийн бүтэц болон сонгогчийн коллеж системийг баталж өгсөн байна.
АНУ-ын ерөнийлөгчийн сонгуулийн процесс нь үндсэн дөрвөн үе шаттай. Үндсэн хуулийн шаардлагыг хангасан хэн ч ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох бөгөөд эхний үе шат нь намын анхан шатны сонгууль.
Энэ нь нэр дэвшигчдийг зөвхөн нам дотор нь төдийгүй нийгэмд бүхэлд нь таниулж өгдгөөрөө чухал ач холбогдолтой. Сонгуулийн жил хоёрдугаар сараас эхэлдэг уламжлалтай. Улс төрийн голлох намууд нэр дэвшигчдээс олонхын санал авсан нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн нэр дэвшигчээр зарлаж, намын их хурал зохион байгуулдаг. Энэ жилийн сонгуулийн хувьд Бүгд найрамдах нам долдугаар сард, Ардчилсан нам наймдугаар сард намынхаа их хурлыг зохион байгуулж нэр дэвшигчдээ зарласан юм. Албан ёсоор нэр дэвшигчдээ зарласны дараах хоёр үе шат нь төрийн сонгуулийн шатууд, бүх нийтийн санал хураалт.
Тэр тусмаа сонгогчдын төлөөлөгчдийн санал хураалтууд нь Нэгдсэн улсын ерөнхийлөгч, дэлхийн хамгийн хүчирхэг армийн рөнхий командлагчаар хэн сонгогдохыг шийддэг.
Үндсэндээ ард түмэн нь Төрийн тэргүүнээ сонгох чөлөөт сонгуульд оролцдог ч нийт сонгогчдын төлөөлөл болох 538 хүний санал голлох нөлөө үзүүлнэ. АНУ-ын сонгуулийн түүхээс уншихад нийт сонгогчдын саналаар биш сонгогчийн коллежийн саналаар 1876 онд Ратэрфорд Хэйс, 1888 онд Бинжамин Харрисон, 2000 онд Жорж Буш, 2016 онд Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.
Нэр дэвшигчдийн тухайд америкууд олон талаас нь шалгуур тавьж, олон янзын статистик гаргаж дүгнэдэг. Эдгээрээс хамгийн сонирхолтой статистик нь нэр дэвшигчдийн өндрийн хэмжээ. Нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн өндөр ерөнхийлөгч нь А.Линкольн, түүний биеийн өндөр 193 см байсан бол хамгийн намхан нь Жеймс Мэдисон, өндөр 163 см байжээ. Харин өнөөгийн нэр дэвшигчид болох Доналд Трамп 190 см өндөртэй, Камала Харрис 164 см өндөр байна.
Нэр дэвшигчдийн хувьд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп словен гаралтай загвар өмсөгч цагаачтай гэрлэсэн бол, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис нь жамайкын уугуул цагаач хуулийн профессорын охин юм.
Камалагийн хувьд Доналд нэртэй хүний охин бөгөөд Доналд нэртэй хүнтэй ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Мөн өөр нэг сонирхолтой зүйл нь Доналд Трампын хүргэн нь жүүд гаралтай бизнесмэн бол Камала Харрисын нөхөр нь жүүд гаралтай хуульч аж.
Нэр дэвшигчдийн хувийн онцлогуудаас гадна сонгуулийн амлалтууд, сонгогчдод өгч байгаа гол мессежүүд сонгуулийн том хөзөр байдаг. Үе үеийн Америкын ерөнхийлөгчийн сонгуульд эдийн засаг, эрүүл мэндийн даатгал, Дээд шүүхийн томилгоо, татварын асуудал, цагаачлалын бодлого, үр хөндөлт, гэмт хэрэг, арьс өнгөөр ялгаварлах үзэл, уур амьсгалын асуудал мэтгэлцээний голлох сэдэв болдог.
Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын кандидатууд хэн нь ям ар бодлогыг үргэлжлүүлэх, эсвэл эрс шинэчлэх мэтээр тухайн цаг үеийн улс төрийн уур амьсгалд тохирсон тоглолт хийдэг. Бүгд найрамдах намын нэр дэвшигч Трамп АНУ-ын засаг захиргааны тэргүүнээр дөрвөн жил ажилласнаас өөр төрийн албанд ажилласан түүх намтаргүй бол Харрисын хувьд Америкийн шүүх болон хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд гурвууланд нь ажилласан туршлагатай гэдгээрээ Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бүх нэр дэвшигчдээс ялгарч байна.
АНУ-ын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль олон талаараа маш их онцлогтой сонгууль болж байна. Юуны өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, хоёр том цөмийн гүрэн болох АНУ-ОХУ, Орос-Украины дайны хоёр том оролцогч болон эдийн засаг, улс төрийн харилцаа илтэд хурцадсан үед энэ сонгууль болж байна. Мөн Ойрхи дорнодод дэгдээд байгаа Израйль ба Арабын орнуудын хооронд үүссэн дайнд энэ хоёр том гүрэн бас эсрэг тэсрэг байр суурьтай байгаа билээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль бол дэлхий даяар дайны хамрах хүрээ томрох, оролцогчдын тоо нэмэгдэх эгзэгтэй цаг үед голлох шийдвэрүүдийг гаргах, цэрэг дайны төдийгүй дайны дараах дэлхий ертөнцийг, дайнд нэрвэгдсэн улс орнуудыг сэргээх босгох санал санаачлагыг манлайлан ажиллах хүчирхэг улс төрчийг сонгох сонгууль юм.
Монгол Улсын хувьд АНУ-ын улстай дипломат харилцаа тогтоосны 37 жилийн ой энэ жил тохиож байна. Гуравдагч хөршийн бодлогод суурилсан энэ харилцаа хоёр талын өндөр хэмжээний айлчлалуудаар улам баталгаажсаар өдийг хүрчээ.
Далайд гарцгүй Монгол орны хувьд эдийн засгийн хязгаарлагдмал боломжтой, хөрш хоёр орныхоо экспорт, импортоос эдийн засаг нь хараат байдаг учраас гадаад харилцааны бодлогоо тогтвортой, ухаалаг байлгах үндэсний эрх ашиг бидэнд бий.
Тиймээс Монгол Улсын аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал, гуравдагч бодлогын болон стратегийн түншийн харилцаа зэрэг нь дэлхийн том гүрнүүдийн гадаад бодлогын үндсэн үзэл баримтлалтай үндэсний эрх ашгаа зохих түвшинд уялдуулж, хүн төрөлхтний нийтлэг эрх ашиг болох сайн засаглал, ардчилал хүний эрх эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан харилцах хэрэгцээ шаардлага бий.
Энэ үүднээс Монгол Улсын стратегийн түнш болох дэлхийн тэргүүлэх гүрний ерөнхийлөгчийн сонгууль монголчуудын ч анхаарлын төвд байх учиртай. Товчоор хэлбэл, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль холын сонгууль биш, тэр улс ч холын Америк биш билээ.
3,548.92






















































Холбоотой мэдээ