Хятадын ЭСЯ-наас манайд анхааруулга өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Хятадын ЭСЯ-наас манайд анхааруулга өгчээ

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өнгөрөгч бямба гаригт сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийлээ. Уулзалтын гол зорилго нь ирэх жил тохиох Монгол Улсад дипломат алба бий болсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсыг гадаад орнуудад сурталчлах явдал гэдгийг сайд уулзалтынхаа эхэнд онцоллоо. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг шинээр зохион байгуулахдаа Гадаад хэргийн яамны статусыг өөрчилж, Гадаад харилцааны яам болгон зохион байгуулснаар тус яамны эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлах ажил давхар харьяалагдах болсон билээ. Энэ ажлын хүрээнд өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Олон улсын Монголч эрдэмтдийн их хурлыг энэ жил Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон аж. Энэ далимд өмнөх нийгмийн үед нэлээд урагштай явж ирсэн Монгол судлалын асуудал сүүлийн жилүүдэд багагүй орхигдоод байгааг ч Гадаад харилцааны сайд хүлээн зөвшөөрлөө.

Сонирхуулахад 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулсны дараа Монгол Улсын Гадаад яамны анхны сайдаар Үндэсний эрх чөлөөний хөөлгөөний удирдагчдын нэг Чин ван Ханддорж томилогдож байжээ. Манж чин улс Монголын ноёдын эсэргүүцлийг дарахын тулд түүний хүүгийнх нь толгойг авч, мөнгөн царан дээр тавин өөрт нь өгч байсан түүхтэй. Үүний дараа тэр “Жанчхүүгийн даваанаас нааш манж шаахайны мөр гаргахгүй” хэмээн тангараглаж, 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан боссон гэдэг. Тэр цагаас хойш монгол хүний цусанд манж, хятадыг үзэн ядах үзэл амь бөхтэй оршсоор ирсэн нь одоо ч гэсэн ямар нэг хэмжээгээр илэрдэг гэж болно. Гэсэн хэдий ч аливаа улс орон хөршөө сонгодоггүй, Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй гэдгийг Гадаад харилцааны сайд онцоллоо.

Монгол Улсын гадаад худалдааны 50 орчим хувийг Хятад улс дангаараа эзэлдэг. Мөн Монгол Улсад гадаад орнуудаас хийж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээгээр ч Хятад улс тэргүүлдэг аж. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өргөжиж, Хятад, Монголын иргэд олон тоогоор харилцан зорчих болсон. Ялангуяа Монголын бүтээн байгуулалт, уул, уурхай, зам, барилгын ажилд хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хятад иргэдийг олноор оролцуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-аас Монгол Улсад ажиллаж байгаа хятад ажилчид гэмт хэрэг зөрчилд холбогдох, монгол иргэдийн эрх чөлөө, эрүүл мэнд, амь насанд халдсан тохиолдол цөөнгүй гараад байгаа. Үүнээс шалтгаалан монголчуудын зүгээс хятад иргэдийг үзэн ядах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр заналхийлэх явдал гарах болсон нь хоёр орны иргэд хоорондын харилцаанд бэрхшээл учруулж магадгүй тул хоёр орны ЭСЯ-дын түвшинд нэлээд анхаарал болгоомжтой хандаж байгаа гэнэ. Тодруулбал, Монгол Улсад ажиллаж буй хятад иргэдийг заналхийлсэн аливаа мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэвэргэх нь БНХАУ-д зорчиж буй танай иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй шүү гэдгийг манайд суугаа тус улсын ЭСЯ-наас анхааруулсан байна.

Учир нь нэг жилийн дотор Монгол Улсын 989 мянга орчим иргэд гадаад орнуудад зорчдогийн 754 мянга орчим нь Хятад улсад зорчдог байна. Харин ОХУ-д 136 мянга, БНСУ-д 34 мянга орчим иргэд зорчдог аж. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хятад иргэдийг асуудлыг хэт их дэвэргэх, эсвэл нуун дарагдуулах нь Монгол Улсаас Хятад улсад зорчиж байгаа манай иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох талтай тул бүх зүйлийг хуулийн дагуу шийдвэрлэх ёстой гэдгийг сайд анхааруулсан юм.

Энэ уулзалтын үеэр Монгол Улсаас гадаадын бусад орнуудад ажиллаж амьдарч байгаа манай иргэдийн асуудал ч мөн хөндөгдсөн. Тухайлбал, Хонконг, Малайзад зорчиж байгаа манай иргэд гэмт хэрэгт холбогдох, ялангуяа хар тамхины хууль бус наймаанд оролцох тохиолдол ихээр гарах болсон нь анхаарал татсан асуудал болоод байгаа аж. Манай консулын газраас хийсэн судалгаагаар дэлхий нийтээр даяаршиж буй нийгэм, эдийн засгийн харилцааг дагаад гэмт хэргийн байдал ч мөн даяаршиж, олон улсын гэмт хэргийн бүлэглэлүүд нэгдэж эхэлсэн нь манай иргэдийг гэмт хэрэгт холбогдоход нөлөөлж байгаа гэнэ. Ялангуяа Азиын орнуудын хувьд хар тамхины гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэгт тооцдог, оноох ял нь ч хатуу чанга байдаг тул энэ гэмт хэрэгт холбогдсон Монголын иргэдийг ялтан солилцоогоор авах боломж бага гэдгийг сайд хэллээ. Харин өөр бусад хөнгөн гэмт хэргүүд дээр бол хоёр орны Засгийн газар хооронд яриа хэлэлцээр хийсний үр дүнд зарим нэг иргэдийг Монголын талд шилжүүлээд байгаа гэнэ. Хэдийгээр БНХАУ болон Монгол Улсын хооронд ялтан солилцох асуудал яриа хэлэлцээрийн түвшинд яваа, эцэслэн шийдэгдээгүй ч гэсэн саяхан Шанхай хотод гэмт хэрэгт холбогдсон дөрвөн залууг Хятадын тал Монголын талд шилжүүлээн өгсөн байна.
Гадаад орнуудад зорчиж, ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийг эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, холбогдсон тохиолдолд эрх зүйн туслалцаа үзүүлэх зэрэгт тэдний бүртгэлийн асуудал чухал байдаг аж. Гэвч одоогийн байдлаар Монголын Элчин сайдын яамд 109 мянган иргэнээ бүртгэлд хамруулаад байгаа нь гадаадад ажиллаж амьдарч буй манай иргэдийн тун өчүүхэн хувь нь гэнэ. Тухайлбал, АНУ дахь Монголын ЭСЯ Вашингтон хотод байрладаг тул Сан Франциско, Лось-Анжелось зэрэг баруун эргийн хотуудад ажиллаж амьдарч буй манай иргэд ЭСЯ-даа бүртгүүлэхээр бараг очдоггүй. Тиймээс гадаадад ажиллаж байгаа иргэдийнхээ бүртгэлийг онлайн хэлбэрээр явуулах ажлыг Гадаад харилцааны яамнаас эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. Ингэснээр тэдгээр иргэдэд Монгол Улсын иргэний эрхээ эдэлж, сонгуульд оролцох боломжийг нь ч мөн давхар олгох юм.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж