Ньюс агентлаг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна
ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ НЭМЭХЭЭР БОЛОВ
Олон жил алдагдалтай ажилласан Эрчим хүчний салбарынхан болон Засгийн газар зоригтой алхам хийж тус салбарт шинэчлэл хийхээр болов. Өөрөөр хэлбэл, Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 22-23 хувийг хоёр хөршөөсөө өндөр үнээр импортолдог. Мөн жил бүр уг салбар алдагдалтай ажиллаж байгаа талаар албаныхан мэдээлж буй. Тухайлбал өнгөрсөн жил 240 тэрбумын алдагдалтай байсан бол энэ оны байдлаар 270 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоолол гарсан байна.Үйлдвэр, метро барих гэхээр эрчим хүч байхгүй. Өвлийн оргил ачааллын үеэр тог хязгаарлаж байж өнгөрсөн өвлийн давсан. Тиймээс Засгийн газар, Эрчим хүчний салбарынхан эрчим хүчийг 100 хувь дотоодоосоо хангах, шаардлагатай үед хоёр хөршөөсөө авах байдлаар зорилт тавин ажиллаж байгаа гэдгээ хэлсэн.
“Үүний өмнө богино хугацаанд үнэ тарифыг нэмэх ажил хийнэ. Ингэхдээ ААН-үүд болоод иргэдэд дарамтгүй байхаар зохицуулалт хийнэ. Эрчим хүчний салбарт цогц шилжилт хийнэ. Эрчим хүчний реформ хийх асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн өнөөдрийн байдлаар УИХ-ын 100 гаруй гишүүн дэмжсэн байна. Нам харгалзахгүй нэгдмэл байя гэж уриалмаар байна” гэж Шадар сайд Т.Доржханд мэдэгдсэн юм.
Маргааш /2024.11.04/ Эрчим хүчний үнэ, тарифыг хэдэн хувиар нэмэх талаар шийдвэрийг танилцуулна.
КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТОКАЕВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев өнгөрсөн сарын 28,29-ний өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийв.
Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ тунхаглан зарлалаа.
Ингэснээр Казахстан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь Монгол Улсын анхны Стратегийн түнш орон болж байна. Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэр, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгсөн.
Ерөнхийлөгч К.Токаевт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан юм.
НҮБ-ЫН НАЙМ ДАХ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАН ГИ МҮНД "ЧИНГИС ХААН" ОДОН ХҮРТЭЭВ
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр /2024.11.02/ тохиож байна. Жил бүр Монгол бахархлын өдрөөр төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, БНСУ-ын иргэн Бан Ги Мүнд хүртээлээ.
“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байв. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан түүхтэй.
БАН ГИ МҮН ГЭЖ ХЭН БЭ?
Бан Ги Мүн нь 1944 оны зургадугаар сарын 13-нд БНСУ-ын Чунжуд төрсөн. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө мэргэжлийн дипломатч байсан бөгөөд БНСУ-ын Гадаад харилцаа, гадаад худалдааны яаманд ажиллаж байв. 2006 оны аравдугаар сарын 13-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей түүнийг тус байгууллагын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд 2011 онд түүнийг дахин таван жилийн хугацаатайгаар томилсон байдаг.
Бан Ги Мүн НҮБ-ын энхийг сахиулах, үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр олон чухал шинэчлэлтийг хийсэн гэдгээрээ олны талархлыг хүлээсэн нэгэн юм.
Түүнийг 2016 онд БНСУ-ийн дараагийн ерөнхийлөгч болж магадгүй хэмээн үзэж байсан удаатай. Тэрбээр 2009 оны долдугаар сард Монгол Улсад албан ёсоор айлчилж байжээ. Түүнчлэн 2019 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан Азийн төлөөх Боао форумын бага хуралд оролцохоор, 2023 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад тус, тус хүрэлцэн ирж байжээ.
Нэргүй 2024-11-03 66.181.190.16
шударга Чойжилсүрэн огцрох болно
Болд 2024-11-03 59.153.87.20
Өгсөнгарчиг муу, редактор муу ,сэтгүүлч бүр муу
Нэргүй 2024-11-03 103.168.34.120
Реформ гэхээр үнэ нэмнэ гэх юм!
Салбартаа нүүрлэсэн хулгай, үргүй зардал, цавчаа, данхар орон тоогоо багасгахад л болно. Ингэж чадахгүй л байхгүй юу!
Нэргүй 2024-11-03 103.212.119.191
Токаев айлчилснаас болоод үнэ нэмсэн юм шиг гарчиг тавьжээ?!
Нэргүй 2024-11-03 103.212.117.232
Цахилгаан станц барихыг эсэргүүцдэг Боссон Хөхсөн Боовчууд – Цахилгааны үнэ нэмлээ жагсая – гэж шаажийна..кк
Нэргүй 2024-11-03 124.158.120.146
Аль хэдийн нэмэх ёстой байсийм шт, дураараа дургиад цахилгаанаа унтраадаггүй хэрэггүй үедээ. Дэлхийн жишигт явах блсон