Д.Баатаржав: Бидний эрхийг хангах журам ч алга

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Д.Баатаржав: Бидний эрхийг хангах журам ч алга

Олимпийн аваргатай уулзаж
байх үедээ тэрбээр алдартай тамирчны нэр хүндээ өрөөл бусдын сайн сайхны
төлөө ч зориулж яваа хүн гэдэг нь тодорхой мэдэгдэж байлаа. Өөртэйгээ л
ижил хувь тавиланг туулж яваа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайн сайхан
амьдрах боломж, хүртэх ёстой эрхийн төлөө хийж бүтээх нь түүний бас
нэгэн том зорилт болжээ. Төрийнхөө далбааг Олимпийн наадмын тэнгэрт
мандуулж монголчуудынхаа омог бахдалыг төрүүлж яваа МУ-ын хөдөлмөрийн
баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавтай энэ тухай болон дараагий
Олимпийн тухай хөөрөлдсөнөө хүргэе.


-Танд түүхэн дахь анхны паралимпийн медаль, тэр тусмаа алтан медаль
авсанд тань баяр хүргэж байгаагаар яриагаа эхлэе. Ер нь одоо ч гэсэн
тантай уулзсан хүн баяр хүргэдэг байх даа?

-Тийм шүү. 2008 он бол Монголыг дэлхийд гайхуулсан он жил болж өнгөрсөн.
Тэрхүү дуулиант жилийн нэгэн дүр нь би болсон юм. Тиймээс ч намайг одоо
хүртэл дэмжиж байдаг Монголоороо, ард түмнээрээ бахархаж явдаг шүү.


-Хүн таны нэрийг сонсоод зайлуул, хөлгүй юм гэж хэзээ ч боддоггүй. Харин
ч олон хүний амьдралд урам зориг өгсөн хүн гэж хардаг. Өрөвдөж харах
харцыг бахархаж харах харц болгохын тулд юунаас эхлэх, ямар зүйлийг
бодож амьдрах учиртай гэж боддог вэ. Үүний тулд та юу хийж байна вэ?

-Хүнд өвчин эмгэг гэдэг хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Үүний адил тэр нэг
салхи намайг холуур тойроогүй дайраад гарсан. Гэхдээ би үүнд гуньж
гутардаггүй. Нэгэнт л хүн болж төрсөн. Тэр тусмаа Монгол улсын иргэн
болж төрсөн болохоор гутраад байхгүй дээ гэж боддог. Бурхны зурсан зураг
л тэр биз. Бусад хүний л адил агаар амьсгалж явахад надад тэргүүнээ
гудайж, нуруугаа бөгтийлгөж явах шаардлага байхгүй.

Гэхдээ спортоор хичээллэн ард олноо баясгаж яваагаа дутуугаа нөхөж байна
даа гэж боддог. Өдий зэрэгт хүрэхэд орчин, найз нөхдийн хүрээлэл их
дэмжлэг болсон. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй гэдэг бол нэг л төрлийн
ангилал шүү дээ. Тэрнээс биш эдгээр хүмүүсийг тусгаарласан зүйл биш.
Олон улсын гэрээ конвенцид хүртэл ялгаа, зааггүйгээр хамтран амьдрах
тухай эрх зүйн заалт бий. Нэг хэсэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гуйж
амьдардаг цаг байсан. Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конвенцид
нэгдэн орсноос хойш их зүйл өөрчлөгдөж эхлэх нь. Бид “гуйгч биш бүтээгч
байж амьдаръя” гэсэн санаачлага дэвшүүлээд хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн нэгдсэн холбоо, манай гишүүн байгуулага хамтран ажиллаж л
байгаа. 


-Монголын хүн бүрийн баяр болж байсан тэр үеэс хойш багагүй хугацаа
өнгөрлөө. Бүр дараагийн олимпийн тухай ч яригдаад эхэлж. 2012 оны олимпт
таныг тамирчныхаа хувиар, эсвэл дасгалжуулагчийн хувиар оролцохыг
сонирхож буй хүн олон байгаа. Ер нь энэ нөхөр холбооны ажил, бичиг цаас
гээд бэлтгэлээ хийж байгаа болов уу даа гэж бодож байгаа?

-Нэгэнт амьдралдаа спортыг хар тамхи шиг нэхдэг болтлоо оруулчихсан хүн
түүнийгээ хаяж чаддаггүй юм байна. Иймд өдөрт биендээ тааруулсан
бэлтгэлийг хийдэг. Мөн ард түмний маань хүндэтгэл ч бас дараагийн
олимпод оролцохыг шаардаж байна. Иймээс бэлтгэл сургуулилтаа хийгээд л
явж байгаа. Гэхдээ ганцаараа манлайлаад явна гэж юу байх вэ, араасаа
дагуулах үетэй байх хэрэгтэй. Монголын паралимпийн хороо 2012 оны
олимпод тамирчдаа мөн бэлтгэж байна. Олимпийн тэмцээнээс наана Азийн
аваргаас эхлээд олон тэмцээн байна.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн алдагдсан бие организмыг
нөхөн сэргээж, чийрэгжүүлэх ажлыг хийж байна. Энэ нь тухайн
чийрэгжүүлэлтийн явцад авьяас чадварыг нь нээж өгөх чухал үүрэгтэй.

-Байт сурын төрөл бусад спортоос ямар онцлогтой вэ? Жишээ нь би танаас
тулааны спорт болох боксоос ямар ялгаатай талаар асууж байна.

-Би багаасаа бокс тоглож өссөн. Дараагаар нь хоёр жил гаруй буудлагын
спортоор хичээллэсэн. Бокс бол хүнд орон зайг мэдрэх, хурдтай тооцоолох
зэргийг шаардаж төлөвшүүлдэг.  Байт харваа бол найман настай балчраас
наян настай буурал хүртэл харваж болдог спорт. Энэ спорт бол ялгаварлан
үздэггүй. Онож чадаж л байвал сурын ард хэн байх нь чухал биш.

-Энэ асуултыг хариуг өгөхдөө өрсөлдөгч талаас нь тайлбар өгөх байх гэж
бодож байлаа. Бокс тоглоход нөгөө хүнээс шалтгаалах зүйл ихтэй бол байт
сурын харваанд өөрөөс шалтгаалдаг болов уу гэж бодох юм.

-Тийм ээ. Ер нь спорт бүхэнд өрсөлдөгч бий. Амьдралд хүртэл өрсөлдөгч
байдаг шүү дээ. Амьдралын өрсөлдөгч  өвчин зовлон байх нь ч бий.
Амьдралын шуурганд ноён нуруутай байхын тулд өрсөлдөгчөө хүндэтгэж байх
хэрэгтэй.

-Та олимпод оролцох тухайгаа хэлсэн. Холбооны ажилд багагүй хугацааг
зарцуулж байна. Энэ хооронд бэлтгэлээ хангалттай хийж чадаж байна уу.

-Өтөлсөн болохоос үхсэн биш гэдэг шүү дээ. Тиймээс ч би өөрт байгаа
чадвар чадавхаа дайчилан, биеийн хүчин чадлын давтамжаа алдахгүй
байлгах, өөртөө зориулсан бэлтгэл сургуулилтыг хийж байгаа.

-Бэлтгэл хэдийн сайн байсан ч азгүй байд­лаас ч гэх юм уу амжилт гаргаж
чадахгүй үе байдаг шүү дээ. Заримдаа хичнээн хичээгээд ч азгүйтлээс болж
санаснаа алдах зүйл байдаг ш дээ. Танд ийм зүйл тохиолдож байсан л байх
даа?

-Спортод бас “хоншоор” гэх зүйл байдаг. Миний хувьд Сиднейн олимпод
очиход их сайн бэлтгэлтэй байсан. Гэхдээ тэнд олимп гэдгийг сайн ойлгож
мэдрээгүй очиж байсан. Явсаар тавдугаар байранд орсон. Үүний дараагаар
нь Афины олимпод бүр маш өндөр бэлтгэл хийсэн. Эрүүл хүмүүсийн түвшинд
асар өндөр бэлтгэлтэй очсон. Тэр өдөр миний од харваагүй учраас ялагдсан
юм. 

Шилдэг олон тамирчдыг ялж гарсан атлаа залуухан тамирчинд ялагдсан. Тэр
өдөр маш их салхитай байсан. Би тийм их салхитай үеийг бараг санахгүй
байна. Аргалах аргаа олж чадахгүй байсаар гуравхан оноогоор ялагдсан. 

Тэр үед өндөр зэрэглэлийн тамирчин анхан шатны суралцагчийн алдааг
гаргадаг гэж миний багш, найз Л.Ундралбат маань хэлж байсан. Яг л тийм
алдаанууд гарсан. Үүнээс хойш би энэ үгийг их бодож явах болсон. Энэ үг
бол бусад спортын тамирчинд ч зориулсан үг юм.


-Таныг алтан медаль авах хүртэл бид бүхэн паралимпийн талаар, хөгжлийн
бэрхшээлтэй тамирчдын талаар анхаарч үздэггүй байсан. Олимпийг хэд хэдэн
телевизээр шууд дамжуулж байсан хэдий ч Паралимпийн наадмыг шууд
дамжуулан vзvvлсэн телевиз байхгvй л байсан ш дээ. Та ялчихаад  миний
ялалт энэ буруу сэтгэхүйг ч мөн яллаа даа гэж бодов уу?

-Монголын төр засаг бол тухайн үед боломжоороо л дэмждэг байлаа. Гэхдээ
энэ нь цөөхөн хүмүүст л хамаарагдаж байсан. Тэдний нэг нь би л дээ.
Монголын олимпийн хороо, Биеийн тамир спортын газар энэ бүгд миний төлөө
анхаарал маш их тавьдаг байсан. Тэр үед би эрүүл хүмүүсийн шигшээ
багийн бүрэлдэхүүнд байлаа шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс шигшээ
багт орно гэдэг нь ховор асуудал. Төр засаг маань, Монголын байт сурын
холбоо намайг авч явсаар өдий зэрэгт хүргэсэн. Үе нь тийм байсан учраас
тухайн цаг үеийг шүүмжлэх арга байхгүй.

Гэхдээ тухайн спортод амжилтад хүрээд, спортыг рекламдана гэдэг өөр
хэрэг. Жишээ нь бөхийнхөн гэхэд улсын начин болчихлоо, заан болчихлоо
гээд, Азийн аварга болчихлоо гээд л сурталчилдаг байсан. Байт сурынхан
гэхдээ ингэж явдаггүй байснаас л биднийг өмнө нь анзаардаггүй байсан юм.
Эрүүл тамирчдын нэгэн адил улсын аварга, тивийн аварга болж байсан.
Олимпийн шагнал авч байсан ч үүнийгээ сурталчилж яваагүйгээс л Монголын
ард түмэн мэдээгүй байх. Монголын паралимпийг тухайн үед сурталчилж
чадаагүй нь юутай холбоотой вэ гэхээр спортынхны хоорондын ойлголцоогүй
байдал, холбоодын үл ойлголцол зэргээс болж тухайн үед бичлэг хийж
чаддаггүй байсан болов уу гэж бодож байна.


-Би танаас хэр их шагнал авсан бэ гэж асуухгүй. Тамирчин хүн
дасгалжуулагч багш, бусад байгууллагатай гэрээ байгуулсан байдаг.  Авсан
шагналаасаа хичнээн хэмжээний мөнгийг гэрээний дагуу болон бусад
байдлаар бусдад өгсөн бэ? 

-Хүнд өгсөн мөнгөн дүнгийн тооцоог гаргана гэвэл хэцүү. Би ямар тооцоо
данстай компанийн захирал биш. Ямар нэгэн зүйлд өөртөө байгаа мөнгөнөөс л
өгнө шүү дээ. Зүгээр сонирхуулаач гэвэл дасгалжуулагчдаа машин,
сурынхаа хол­боонд таван сая төгрөг, цаашлаад нутаг орон, хувь хүнд
өгсөн гээд яриад байвал их л дээ. Энэ бүрийг тоочоод байх нь ч утгагүй
байх. Тэр болгон миний толгойд байхгүй ш дээ. Хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүс энд тэнд таараад тусламж гуйхад халаасанд байгаагаас хүртэл өгч л
байдаг. Ах дүү хамаатан садангаас авахуулаад надаас “татвар авагчид”
олон л доо. 


-Олимпийн алтан медаль авсан амжилт хэдэн жилийн хөдөлмөр вэ?

-Хорь гаран жилийн хөдөлмөрийн үр дүн.


Одоо та Хөгжлийн бэрхшээлтэй хүмүү­сийн төлөө хөдөлмөрлөж байна. Ийнхүү
хөдөлмөрлөсөөр олимпийн алтан медаль авсны дайтай үр дүнг хэзээ авчирах
бол. Би бодохдоо арай 19 жилийн дараа гэж бодохгүй байна?   Өөртөө тийм
тооцоо, зорилго тавьсан уу?

-Би хөгжлийн бэрхшээлтэй болчхоод хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийн бие
сэтгэл, оюун чадлаараа ямар зүйлийг бүтээж чадахыг үзүүлэх юмсан гэж
бодож явдаг байсан. Мэдээж бие хөдөлмөрөөрөө үзүүлэхээ бол үзүүллээ.
Одоо толгойдоо байгаа зүйлийг төр засагтаа ойлгуулж түмэн олондоо
мэдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм гэж ийм зүйл байдгийг
ойлгуулахаар ярьж, хийж байна. Төрийн эрх барьж байгаа хүмүүс маань
намайг хүндэтгэн, ярьж буй зүйлийг минь дэмжиж байгаа илэрхийлж байна.

-Энэхүү дэмжиж буйгаа ажил болгон явж байгаа ч гэдэгт итгэж байна.

-Монгол улс маань саяхан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай конвенци” -д
нэгдлээ. Конвенцид заасан зүйлийг нэг үгээр хэлбэл “хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийг хэрхэн ялгаварлалгүйгээр амьдрах” талаар тунхагласан юм.
Үүнийг төр засгийнхан маань ч их зөвөөр ойлгож эхэлж байгаа. Шийдэх
ёстой зүйл гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар бодлого барих
газрын тогтолцоо нь болохгүй байгаад байна. Үүнээс болж бие биетэйгээ
ойлголцдоггүй тийм асуудал гардаг. Үүнийг Ерөнхий сайд төрийнхөө босоо
удирдлагад оруулаад зохион байгуулалт хийвэл  болох юм.


-Конвенцид нэгдэн орсноос хойш конвецийн хэрэгжилтийг хангах талаар ямар
үр дүнд хүрээд байна. Хуучин тогтолцооны юу нь болохгүй байгаа хэрэг
вэ?

-Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны 2009 оны судалгааны тайлан дээр
Монгол улсын хуулиуд нэгдэн орсон конвенцид нийцүүлэх ажиллагаа 3,5 хувь
буюу дунд үнэлгээтэй гарсан байна. Манай нэгдэн орсон хөгжлийн
бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид зарим хуулиуд нийцэхгүй байгаа.
Хуулиас ч давчихсан дүрэм журмууд их олон тоогоор байна. Ганцхан жишээ
хэлэхэд конвенцид “хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажил хөдөлмөр эрхлэхэд
ямарваа нэгэн хориглолт саад тогтоож болохгүй” гэх заалт бий. Гэтэл
Засгийн газрын нэгэн тогтоолд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхэлж болох
ажил, албан тушаал” гэх жагсаалтыг баталсан байдаг. Үүгээрээ хөгжлийн
бэрхшээлтэй хүний эрхийг тодорхой хүрээ хязгаарт оруулж байгаа юм. Мөн
манай Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль гээд
ялангуяа процессын хуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдлэх эрхийг
хангах журмууд гарч байх шаардлагатай. Гэтэл тийм зүйл алга байна.


-Эдгээр болохгүй байгаа олон зүйлийг өөрчилөхийн  тулд юунаас эхлэх вэ?

-Монгол улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009
онд нэгдэн орсон. Уг конвенцийн 33-р зүйл дээр “конвенцийг үндэсний
түвшинд хэрэгжүүлэхийн тулд заавал тусгайлсан бүтэцтэй байх”-аар зааж
өгсөн байдаг. Бид энэхүү зүйлийг барин дэд сайдын толгойлдог Хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүсийг хөгжлийг дэмжих үндэсний хорооны бүтцийг өөрчлөх
саналыг боловсруулсан юм. Учир нь энэ хорооны албан тушаалтны эрх
мэдлийн хүрээ, хязгаар нь хийх ажлаа үндэсний түвшинд хийх боломжгүй
байдалтай байгаа юм. Мөн мөрдөгдөж буй дүрмүүд нь ч шаардлага
хангахааргүй болсон. Хэрхэн өөрчлөх вэ гэхээр Ерөнхий сайдаар ахлуулсан
яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн нар зэрэг албан тушаалтнуудыг
багтаасан Үндэсний хороог шинээр байгуулж, хорооны дэргэд ажлын албатай
болох хэрэгтэй. Ажлын албаны үүргийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн
яаманд хариуцуулсан бүтцийг өргөн бариад байна. Одоогийн байгаа Үндэсний
хороонд нэг том дутагдал байгаа нь дүрмэн дээрээ зөвхөн нийгмийн
хамгааллын асуудлыг харъяална гэж заасан байдаг. Конвенцид нийгмийн
хамгааллаас гадна боловсрол, эрүүл мэнд гээд асар олон салбарыг хамарсан
байдаг. 


-Жишээ татахад тань Сонгуулийн хууль дурдагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй
иргэний эрхийг зөрчиж байна гэж. Хэрэв тийм бол энэ хуулийг шинэчилэн
хэлэлцэж, батлахад лобби хийж болохгүй юу?

-Тийм ээ. Үндсэн хуульд Монгол улсын иргэн бүр тэгш эрхтэйгээр санал
өгөх эрхтэй талаар тунхагласан байдаг. Гэсэн атлаа харааны бэрхшээлтэй,
сонсголын бэрхшээлтэй, одой хүн сонгууль өгөхөөр очиход саналын
хайрцагнд хүрэхгүйгээс эхлээд л хүндрэл гардаг. Харааны бэрхшээлтэй хүнд
тусгайлан баррель үсэгтэй саналын хуудас байдаггүй. Эрүүгийн байцаан
шийтгэх хуулин дээр ч гэсэн эдгээр хүмүүс байцаалт, мэдүүлэг өгөх зэрэгт
байнгын хүндрэлтэй тулгарч байна.


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын бэрхшээлийг шийдэхээс асуудал
эхлэх ёстой санагдаж байна. Түрдэг тэрэгтэй хүнд зориулсан зам, хаалга
алга, хийсэн зүйлүүд нь байхгүй. Байгаа нь хэлбэрийн төдий л байна.
Жишээ нь саяхан баригдсан нүхэн гарцаар түрдэг тэрэгтэй хүнд зориулсан
хэсгээр явах боломж алга шүү дээ. Энд ямар нэгэн стандарт гэх зүйл алга
уу. Үүний төлөө дуугарах хүн алга байна?

-Уг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай дэд бүтцийн стандарт
саяхан батлагдсан.  Мэрси кор олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр
2009 онд баталсан юм. Нэг жил гаруй болсон ч гэсэн тус стандартыг Монгол
Улсад огт хэрэгжүүлж эхлээгүй л байна. Зам барилгыг хүлээн авах
комиссынхон уг стандартыг баримталж ажиллавал шаардлага хангаагүй
барилгыг хүлээн авахгүй байх, мөн засаж нийцүүлэх боломжтой шүү дээ.
Манайд хууль хичнээн байвч хэрэгжүүлэх тал дээр төрийн бодлого дутсанаас
алддаг.


-Төрийн бодлого ярьсных 2000 оны Сиднейн, 2004 оны Афины, 2008 оны
Бээжингийн гээд л олимпуудын хугацаанд ялгаа их байсан байх. Өөрөөр
хэлбэл төрөөс тамирчдаа дэмжих, паралимпийн тамирчдад үзүүлж байсан
төрийн бодлогын ялгааны тухай яриад байна л даа?

-2004 оны олимпт Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх удаа орсон. Тэр
үед Монголын биеийн тамир спортын газраас намайг эрүүл хүмүүсийн
шигшээд хамт оруулан Эрдэнэтэд бэлтгэл хийлгэж байсан. Анхных тул хаа
хаанаа мэддэггүй л байсан. 

2004 оны олимпт “Эд нар маань дэмжвэл амжилт гаргачих юм байна шүү”
хэмээн нилээн дэмжиж байв. Олимпийн эрх авсан тамирчдад ерөнхий сайдын
нэрэмжит цалинг олгож эхэлсэн. Тэр үеэс спортын Үндэсний хороо цом
аялуулдаг болсон. Төр засаг маань спортод анхаарал тавьж эхэлсэн.

2008 оны олимпод ч урьдын адил хандаж байсан. Зарим нэг тамирчид маань
эрх аваагүй байж, очоод авчихна ч гэдэг юм уу зохион байгаа хүмүүсийн л
асуудлаас болж үл ойлголцож алдаж байсан зүйл бий. Бид тамирчид юм чинь
юугаа мэдэх билээ. Ийм байдлаас болж зарим нэг тэмцээнд орж чадахгүй
байх зэрэг зүйл гарч байсан тохиолдол бий. Гэхдээ энэ олимпийн бэлтгэл
үнэхээр сайхан байсан. Тамирчдын хувьд уралдаж сурсан морь гэдэг шиг
сэтгэл хөдлөөд өөрсдөө дасгал сургуулилтад ороод унтах ч завгүй явдаг үе
ч бий.


-Та Улаанбаатар хотын даргатай уулзахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
спорт хороо байхгүй байна. Үүнд туслаач гэж хүссэн.  Үүний хариуд
Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт клуб
байгуулж өгье гэсэн. Энэ ажлын үр дүн одоогоор ямар байдалтай явж байна? 

-Яг спортын асуудлаар гэвэл бид клубээ байгуулсан. Манай клубийн үйл
ажиллагаа энэ сарын 15-наас эхэлнэ. Үйл ажиллагаа маань үндсэнд нь
хүүхэд залуучуудад хандсан. Хөлбөмбөгийн дуулиан гэдэг шиг багаас нь
тамирчдаа бэлтгэх зорилготой байгаа. 


-Манайхан юу гэж боддог вэ гэхээр эрийн гурван наадмын нэг нь сурын
спорт байдаг. Үндэсний спорт юм чинь олон улсын тэмцээн уралдаанд үргэлж
амжилттай оролцох ёстой гэж. Эсвэл байт сурарай өөр үү ?

-Энэ нь ийм учиртай юм. Монгол маань жилийн дөрвөн улиралтай. Энэ байт
сурын спорт харин үргэлж гадаа болж байдаг. Тиймээс цаг агаарын
онцлогоос шалтгаалаад хөгжих тал дээр жаахан учир дутагдалтай. Манайхан
үндэсний спорт гэдэг утгаар ч тэр үү харваж намнах, тулалдах чанараараа
сайн харвадгаараа давуу талтай. Гэвч байт сурын харваа нь дэлхийд
хөгжчихсөн спорт. Харвах байдлын хувьд адил ч гэсэн байт сур нь шинжлэх
ухааны зарчмаар хөгжчихсөн тул өөр арга техниктэй.

Харвах зай нь янз бүр, зай бүрт бай нь хүртэл өөр байдаг. Тэр ч утгаараа
хэрэглэл тоног төхөөрөмжүүд нь ялгаатай. Сургалтын систем, дунд
зэрэглэлийн систем гээд ялгаатай. Өндөр зэрэглэлийн тамирчдын хэрэглэж
буй төхөөрөмж нь “эксел” машины үнээс хэд дахин үнэтэй. Хошигнож хэлэх
юм бол машин гартаа бариад зогсож байна гэсэн үг шүү дээ.


Б.Энхмандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж