Сая сая энэтхэг хүн өнгөрч буй долоо хоногт хинду шашны баяр болох Дивали гэрлийн баярыг тэмдэглэлээ. Энэ үеэр Энэтхэгийн хойд хэсэгт орших Сарю голын эрэг дээр Лхагва гаригийн үдэш 2.51 сая ширхэг тосон дэн асааж дээд амжилт тогтоов. Өнгөрсөн онд 2.2 сая тосон дэн асаасан байна.
Дивали бол хинду шашинтнуудын хувьд хамгийн чухал баяр юм. Энэ баяраар ойр дотны хүмүүстэйгээ харилцаа холбоо тогтоох, бэлэг солилцох зэргээс гадна олон тооны лаа, дэн асааж, салют буудуулан баярладаг. Орой нь аз, хөгжил цэцэглэлтийг авчирдаг гэж үздэг Лакшми бурханд зориулж залбирцгаадаг аж. Энэ жилийн баяраар голын эрэг дагуу 1100 санваартан залбирал үйлджээ.
Олон сая тосон дэнг асаахын тулд 30 мянга гаруй сайн дурынхан, тэр дундаа коллежийн оюутнууд хамтран ажиллажээ. Сарю голын эрэгт 55 гишгүүрийн дагуу асаасан гэрэл нь 1.5 км зайнаас сэтгэл татам харагдаж байв. Тосон дэнгүүдийг асаахад ойролцоогоор 91 мянган литр тос зарцуулжээ.
Дашрамд дурдахад, Энэтхэгийг агаарын бохирдлоос шалтгаалаад салют буудуулахыг хориглосон боловч иргэд үүнийг биелүүлээгүй. Лхагва гаригийн байдлаар агаарын чанарын индекс 300 давж, маш муу гэсэн үзүүлэлттэй гарчээ.
Холбоотой мэдээ