Цагтаа цалгиж, хамгийн өрсөлдөөнтэй гэгддэг Английн Премьер лигт нь завсаргүй түрүүлж байсан алдарт Манчестер Юнайтед клуб сүүлийн арванд гавьсангүй. УЕФА Аваргуудын лиг байтугай Англидаа ч түрүүлж үзээгүй явна. Жил бүр л шинэ дасгалжуулагчийн яриа газар авч, хэн нэгэн ирдэг. Том биш ч цомтой улирлыг өнгөрүүлээд халагдах аюулаас аврагдах юм. Энэ удаад тус клуб Эрик тен Хагийг халав. Нидерланд мэргэжилтэн хоёр улирал Юнайтедыг удирдахдаа хоёр цомд түрүүлжээ.
Сүүлийн үед түүний удирдлага дор Юнайтед хамраараа газар хатгасан. Европа лигийн хүрээнд Фенербахчетэй тэнцэж, Прьемер лигт Вест Хэмд хожигдсон. Энэ нь багийн эзэд, удирдлагуудын тэвчээрийг барж, түүнийг халжээ. Тэгвэл тэдний дараагийн босс хэн бэ? Хэн нь Манчестер Юнайтедыг эргэн байх ёстой газарт нь аваачих вэ?
- РУД ВАН НИСТЕЛРОЙ
Хожлын хувь: 66.7 хувь
Тоглогч ахуйдаа Манчестер Юнайтедын фэнүүдийн хайртай довтлогч байсан Нистелрой өдгөө тен Хагийг халааг аваад буй. 48 настай тэрбээр тен Хагийг туслах байсан юм. Ямартай ч түүний удирдлага дор Юнайтед эхний тоглолтдоо оролцож, Лэйстерийг 5-2 гэсэн харьцаатай хожсон. Гэхдээ багийн эзэд түүнд үргэлжлүүлэн итгэл хүлээлгэх болов уу? Дасгалжуулагчийн туршлага тун бага.
- ГРЭМ ПОТТЕР
Хожлын хувь: 40.3 хувь
Челсид азгүйтсэнийг эс тооцвол Брайтоныг удирдаж байхдаа Премьер лигийн томчуудын толгойны өвчин байсан. Түүнийг хүрээлэл дундаа хүндлэгдсэн, мундаг мэргэжилтэн гэдэг. Одоогоор ажилгүй яваа. Сүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр "Би бол нэг долоо хоногт Стөүк Сити, Наполитай нэр холбогддог энэ дэлхийн цорын ганц дасгалжуулагч байх" гэжээ.
- ТОМАС ФРАНК
Хожлын хувь: 42.2 хувь
Брэнтфорын клуб лигтээ хатуу самар болсон. Ямар ч багийг хожиж чадах хэмжээний аюултай довтолгоотой. Тэднийг Томас Франк гэх 50 настай дани эрхэм удирддаг. Түүний нэр энэ удаад Юнайтедтай холбогдлоо. Томасын хэлснээр тэрбээр Брэнтфордоос явах бодолгүй байгаа аж. Гэхдээ хэн ч байсан дэлхийн хамгийн том клубуудын нэгээс санал ирэхэд шууд татгалзаж чадахгүй биз.
- РУБЕН АМОРИМ
Хожлын хувь: 71.3 хувь
Улаан Чөтгөрүүдийн дасгалжуулагч болох хамгийн өндөр магадлалтай эрхмээр энэ хүнийг нэрлэж буй. Өмнө нь түүнийг Ливерпүүлийн дасгалжуулагч болно гэж цуурч байсан ч ажил хэрэг болоогүй. Харин энэ удаад Юнайтедтай нэр холбогдлоо. Зарим хэвлэлүүдээр түүнийг аль хэдийнэ гэрээгээ байгуулчихсан, ирэх тойрогт Челсигийн эсрэг багаа удирдана гэх.
- ШАВИ
Хожлын хувь: 69.6 хувь
Барселонаг ороо, бусгаа үед нь удирдаж, гал алдаагүй Шави одоог хүртэл ажилгүй яваа гэхээр сонирхолтой. Магадгүй тохирсон саналыг хүлээж байх болох юм. Испанийн хэвлэлүүдээр түүнийг ирэх зун хүртэл амарна гэжээ.
Эдгээр эрхмүүдээс гадна Симоне Инзаги, Кьеран МкКенна, Гарет Саутгейт, Эдин Тэрзич, Роберто де Зерби нарын нэрс яригдаж байна.
Нэргүй 2024-11-01 66.181.179.219
Монгол дасгалжуулагч нар эд нараас илүү шүү