УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсвийн төсөлд оруулах санал болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2024.11.01/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр УИХ 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ төсөв дээр Засгийн газрын оруулж ирсэн 2025 оны төсвийн төсөл нэг зүйлийг маш үнэтэй болгож байна. Тодруулбал, иргэд сонгогчдын улс төрийн намуудад итгэх итгэл, засаглалд итгэх итгэлийг алсруулж байна. Дахиж энэ итгэлийг сэргээхэд асар их цаг хугацаа, зардал шаардагдана. Хүмүүсийн амьдрал хэн нэгэн дарга, ямар нэгэн сайд, улс төрийн намаас хамаардаггүй байгаасай. Хариуцлагатай хүн бүрт хөгжин дэвших боломж нээлттэй байгаасай гэж боддог. Энэ боломжийг нээх хамгийн зөв арга бол төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлүүдийн санал санаачилгыг дэмжих үйл явдал байдаг. Өнөөдрийн УИХ-ын чуулган дээр би намуудын дөрөвхөн сарын өмнө сонгуульд орохдоо сонгогчдын саналыг авахын тулд ярьж байсан гурван намд байгаа нэг заалтыг нь онцолж сануулсан.
Нэгдүгээрт, МАН төсвийн зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь хүртэл бууруулна гэж заасан. АН-ын хувьд төсвийн зарлагыг 20 хувь болгож бууруулна гэсэн байгаа. ХҮН нам мөн төсөв буулгах тогтвортой, бодитой бодлого явуулна гэсэн ийм амлалтуудыг өгсөн.
Миний хувьд МАН мөрийн хөтөлбөртөө хувийн хэвшлийг дэмжинэ гэж тусгасан учраас нэр дэвших саналыг нь хүлээж авсан. Гэтэл 2025 оны төсвийг 2023 онтой харьцуулахад 60 хувиар нэмэгдэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 37.7 хувьтай тэнцэх хэмжээний төсөл оруулж ирлээ. Энэ бол бүлэг залилангийн нэг хэсэг ч юм шиг харагдаж байна. Гишүүд амьдралаас хэт тасарчихсан байна. Иргэд цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд л явж байна. Гэтэл төсвийн урсгал зардлыг 10 их наядаар нэмнэ гэж байна. Энэ хэмжээг 2023 онтой харьцуулахад татварын орлогыг 10 их наядаар нэмэх буюу татвар төлөгчдийн орлогыг 50 хувиар нэмэх төслийг оруулж ирсэн. Энэ ачаалал аж ахуйн нэгжүүдэд маш хүнд дарамт болно. Дээр нь нэмээд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг гишүүд ойлгохгүй байна.
НӨАТ-ын өр 2024 оны зургадугаар сарын байдлаар 540 тэрбумд хүрсэн. Үүнийг цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 3.6 дахин нэмэгдсэн. Татварын алданги, хүү, торгуультай холбоотой дарамт 2020 онтой харьцуулахад 3.5 дахин нэмэгдсэн. Татварын алданги 70 их наядад хүрсэн. Төсвийг 5.3 их наядаар бууруулах санал оруулж ирэхгүй бол би төсвийг дэмжихгүй.
Төсөв хэлэлцэх явцад гишүүдийн дуу хоолой, санал оруулахад нэлээд хүндрэлтэй байдаг юм байна. Тодорхой хэмжээгээр буулга гэхээр Засгийн газар нь өөрөө буулгаж оруулж ирээгүй учраас алийг нь яаж хасах уу, тэр нь буцаад үйл ажиллагаанд нь нөлөөлнө гэдэг байдлаар ханддаг юм байна. Төсвийн зардлыг буулгаснаар асар олон асуудал шийдэгдэнэ. Татвар, нийгмийн даатгал буулгаач ээ гэхээр боломжгүй гэдэг мөртлөө зардал нэмж байгаа асуудалд ямар ч хяналт алга. 60 хувь нэмнэ гэдэг нөгөө талдаа татвар төлөгчдийн л ачаалал нэмэгдэнэ. Тэгэхээр УИХ, эрх барьж буй гурван нам амьдралаас тасархай байна. Төрийн ордон дотор УИХ-ын гишүүд маш цөөхөн байна. МАН хэдий төр барьж байгаа ч гэсэн АН, ХҮН нам мөрийн хөтөлбөртөө тусгасан учраас, илүү баруун чиглэлийн үзэл баримтлалтай нам учраас төрийг жижиг болгохыг дэмжих байх гэж бодож байсан. Гэтэл чуулган дээр төсөв хэлэлцэж байхад тойрогтоо мөнгө тавиулах гэсэн жижиг сонирхолдоо хөтлөгдөж, Засгийн газрын гишүүд нь хүртэл өөрсдөө зарчмын зөрүүтэй санал оруулж ирж байна. Тиймээс уг асуудалд цаашдаа ч хатуу байр суурь илэрхийлнэ" гэв.
3,593.62




















































Холбоотой мэдээ