Серби, Испани шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Серби, Испани шөвгийн наймд шалгарлаа

Турк улсад үргэлжилж буй сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд Туркийн нийслэл Станбул хотноо үргэлжилж байна. Өнгөрсөн сарын 28-нд эхэлсэн ДАШТ-д дэлхийн шилдэг 24 баг зургаа, зургаагаараа дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс А хэсгээс Серби, Аргентин, Австрали, Ангол, В хэсгээс АНУ, Словень, Бразил, Хорват, С хэсгээс Турк, ОХУ, Грек, Хятад, харин D хэсгээс Литва, Испани, Шинэ Зеланд болон Францын шигшээ багууд шалгарч, шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авсан билээ. Улмаар хасагдах шатны тоглолтууд бямба гаригт эхэлсэн юм.

Шөвгийн наймын эрхийн төлөөх хоёр тоглолт бямба гаригт болсноос А хэсгийг тэргүүлэгч Сербийн шигшээ Хорваттай ана мана өрсөлдөж, 73:72 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан байна. Тоглолтын туршид NBA-ын “Оклахома Сити Тандер” багийн төвийн тоглогч Ненад Крстич 16 оноо авч, багаа манлайлсан бол Александр Расич тоглолтын сүүлчийн 21 секундэд таван оноо авч, багтаа ялалт авчирчээ. Тоглолт өндөрлөхөд тавхан секунд дутуу байхад Хорватын багийн хамгаалагч Марко Попович чөлөөт шидэлтээр хоёр оноо багтаа авчирч, тооны харьцааг 72:72 болгон тэнцүүлсэн боловч Расич дээр Давор Кус алдаа гаргаснаар ердөө ганцхан секунд дутуу байхад Расич чөлөөт шидэлтээр багаа шөвгийн наймд үлдэх чухал ялалт авчирчээ. Тун сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өнгөрсөн тоглолтын дараа Сербийн шигшээ багийн дасгалжуулагч Дусан Ивкович “Энэ үдшийн тоглолт дэндүү ширүүн тулаан болж өнгөрлөө. Хорват шиг сайн багийг зөвхөн хожихын төлөө 40 минут талбайд тоглоно гэдэг хэцүү хэрэг” хэмээн ярьжээ.

Харин Хорватын багаас Попович 21 оноо авч багаа манлайлсан бол Укич, Банич нар тус бүр 10 оноо багтаа авчирсан байна. Тоглолтын дараа Хорватын дасгалжуулагч Жосич Вранкович “Иймэрхүү янзтай хожигдсоны дараа хэн жаргалтай байх вэ дээ? Үнэхээр хүнд тоглолт боллоо. Тэглээ гээд бид яалтай ч билээ” хэмээн уулга алджээ.

Дэлхийн аварга цолоо хамгаалан өрсөлдөж буй Испанийн шигшээ баг мөн энэ өдөр Гректэй тоглож, 80:72 харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарсан юм. Тоглолтын туршид Хуан Карлос Наварро 22 оноо авч, багаа манлайлсан бол “Портлэнд Трейлблейзерс”-ийн Рюди Фернандес 14 оноо багтаа авчирсан байна. Харин Грекийн багаас Димитриос Димантидис, Николаос Зисич нар тус тус 16 оноо авчээ.

2006 оны дэлхийн аваргаар финалын тоглолтод Испанийн шигшээд ялагдаж байсан грекүүд тэр цагаас хойш ийнхүү долоо дахь тоглолтдоо дараалан Испанийн багт хожигдож байгаа юм.

Харин өчигдрийн тухайд зохион байгуулагч Турк болон Франц, Словень болон Австралийн багийн тоглолт болсон бөгөөд дугаар шилжих мөчид тоглолтын дүн гараагүй байлаа.

Шөвгийн 16-гийн ээлжит тоглолтууд өнөөдөр, маргааш үргэлжилж өндөрлөх бөгөөд шөвгийн наймын тулаан 8-наас эхлэх юм. Улмаар 2010 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга баг энэ сарын 12-нд тодрох учиртай.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж