Испанид Мягмар гаригт орсон хүчтэй аадар борооны улмаас үер болсон. Нас барагсдын тоо өнөөдрийн байдлаар 158 хүрсэн бөгөөд эндээс 155 нь зөвхөн зүүн Валенсиа мужид байна. Аврах багийнхан эрэн хайх аврах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
Үерийн ус нарийн гудамжуудыг үхлийн занга болгожээ. Дээр дээрээсээ давхаралдсан машинууд, үндсээрээ булгарсан модод, унаж ойчсон цахилгааны шонгууд, шавар шавхайд хутгалдсан гэрийн тавилга сэлт гээд үерийн дараах зураглал аймшигтай байна. Энд тэнд гацсан машинууд дотор нас барсан хүмүүс байгааг Тээврийн яамны сайд Оскар Пуэнте хэлжээ. Аврах багийнхан нисдэг тэрэг ашиглан олон хүнийг аварсан боловч газрын багийнханд хүндрэлтэй зүйлс байсаар байна.
Испанийн Газар дундын тэнгисийн эрэг нь үерийн эрсдэлтэй байдаг ч энэ удаагийн үер сүүлийн жилүүдэд тохиогоогүй хамгийн хүчтэй нь байв. Тус улс сүүлийн хоёр жил ган гачигт нэрвэгдсэн тул гэнэт орсон хүчтэй бороог газрын хөрс шингээж дийлээгүй аж. Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр Валенсиа мужийн Чива хотод найман цагийн дотор өмнөх 20 сарын хугацаанд орсноос илүү их бороо оржээ.
Валенсиа мужид Лхагва гаригийн байдлаар 150 мянга гаруй хүн тог цахилгаангүй болсон ч Пүрэв гаригт тал хувь нь хэвийн байдалдаа эргэн орсон.
Аадар бороо Пүрэв гаригт ч бас зарим нутгаар үргэлжсэн орсон. Тиймээс гэрээсээ гаралгүй, албаны хүмүүсийн заавар зөвлөгөөг сайтар дагахыг анхааруулжээ.
Үүний зэрэгцээ эмх замбараагүй байдлыг ашиглан дэлгүүр хоршоо дээрэмдэж, хулгай хийх гэсэн тохиолдол ч гарав. Үндэсний цагдаагийн газар Лхагва гаригт 39 хүнийг хулгайн хэргээр баривчилсан бол Иргэний хамгаалалтын газар 11 хүнийг баривчилжээ.
Нэргүй 2024-11-01 202.131.234.123
монголын 126-с үхвэл монголд үндэссний баяр болох байх даа.
Нэргүй 2024-11-01 202.9.47.16
тэнэг юм бичхээ боль, ном унш