Албани улсын Тирана хотноо чөлөөт, сонгомол бөхийн олимпийн бус жингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Цогбадрах хүрэл медаль хүртжээ. Ийнхүү Монгол Улсын шигшээ баг тамирчид ДАШТ-ийг нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна.
Тодруулбал, тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Рисако Кавайтай барилдаж 2:4 харьцаатай ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм.
Тэрбээр эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, үргэлжлээд Канадын Борегар Лоренсийг 8:8 -аар, Азербайжаны Алена Колесникийг 9:0 харьцаатай ялж, шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 харьцаатай буулган авсан юм. С.Цэрэнчимэд ДАШТ-д гурав дах удаагаа алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан нь энэ бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв.
3,548.92















































