Шинэхэн гавьяат, генералуудын хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Шинэхэн гавьяат, генералуудын хэн нь хэн бэ?

Зэвсэгт хүчний 89 жилийн ойн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар Батлан хамгаалах яамны Стратегийн удирдлага төлөвлөлтийн газрын дарга Д.Баярсайхан, Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч бөгөөд ЗХЖШ-ийн Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Д.Энхбаатар, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч Т.Дашдэлэг нар бригадын генерал хэмээх офицерийн дээд цол хүртлээ. Мөн зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисэх-эскадрилийн дарга, дэд хурандаа А.Цогнэмэх Монгол улсын гавъяат нисгэгч цол хүртсэн юм. Тэгвэл Шинэхэн гавьяат, генералуудын хэн нь хэн бэ?

Бригадын генерал Д.Баярсайхан
Д.Баярсайхан бол Иракийн дайнаас төрсөн генерал. Түүний удирдлага, зохион байгуулалт дор манай хоёрдугаар ээлжийн цэргийн баг “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэхдээ эвслийн хүчний олон мянган цэргийн албан хаагчид, энгийн иргэдийн амь насыг аварч байсан бөгөөд  ахлагч Г.Аззаяа, Д.Самбуу-Ёндон нар амиа золиослогчдын халдлагыг таслан зогсоож дэлхий даяар монгол цэргийн ид хавыг гайхуулж байсан билээ. Бригадын генерал Д.Баярсайхан 1999 онд шинээр байгуулсан Энхийг сахиулах ажиллагааны албанд байхдаа манай зэвсэгт хүчний олон улсын ажиллагаанд оролцох онол, практикийн асуудлыг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн.
Тэрбээр ЗХУ-ын Артиллерийн инженерийн дээд сургууль, АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллеж, Дайны коллеж гээд цэргийн мэргэжлийн дээд түвшний сургуулиудыг дүүргэсэн бөгөөд АНУ-ын төвийн командлалд стратегийн шинжээч, төлөвлөгчөөр ажиллаж байхдаа бичсэн “Амиа золиослогч террорист ажиллагаа” судалгааны бүтээлийн дүгнэлтийг Ирак, Афганистаны дайнд эвслийн цэргийнхний гарын авлагад тусган ашигладаг аж.

Бригадын генерал Д.Энхбаатар
Д.Энхбаатар нь ардчилсан хувьсгалын төлөө анхнаас нь тэмцэж, зэвсэгт хүчнийг шинэчлэх ажилд УБХ-ын гишүүн байхаасаа анхааран  ажиллаж ирсэн. Мөн УИХ-ын гишүүн байв. Тэрбээр цэргийн тагнуулын газрын мэргэжилтнээс эхлээд Батлан хамгаалах яамны газрын дарга, зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч хүртэлх хариуцлагатай ажилд амжилттай ажиллаж ирсэн офицер-цэргийн дарга юм.
Орчин цагийн шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай, Дайны байдлын тухай, Тэсэрч дэлбэрэх бодис болон тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай зэрэг хуулиудыг шинэчлэн боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Бригадын генерал Т.Дашдэлэг

Өнөөдөр улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн зэвсэглэл, техникийг орчин үеийн жишигт нийцүүлэн шинэчилж цэргийн нисэхийг цоо шинээр эрчимтэй хөгжүүлэх ажлын эхлэл тавигдаж нисэхийн шинэ зэвсэг техник хүлээн авч байгаа хариуцлагатай цаг үед бригадын генерал Т.Дашдэлэг энэ ажлыг удирдаж байна. Мэдлэг, туршлагын хувьд ч энэ хэмжээнд бэлтгэгдсэн цэргийн дарга бөгөөд Одессын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн команд-инженерийн дээд сургууль, Москвагийн  Ю.А.Гагарины нэрэмжит Агаарын цэргийн академийг дүүргэж зенит пуужингийн техникч, батарейн захирагч, инженер, штабын дарга, ангийн захирагч гээд бүх шатанд ажиллаж ирсэн байна.

Монгол Улсын Гавъяат нисгэгч А.Цогнэмэх
Манай цэргийн нисэхийн шонхорууд дундаас 25 жилийн дараа дэд хурандаа А.Цогнэмэх Монгол улсын гавъяат нисгэгч болжээ. А.Цогнэмэх  Зэвсэгт хүчний зэвсэглэлд ашиглагдаж байсан болон одоо ашиглаж байгаа Ми-24Д, Ми-8Т, Ми-8П, Ми-8МТВ, Ми-171Е маягийн агаарын хөлгүүдээр онцгой болон тусгай үүргийн нислэгүүдийг 30 гаруй жил осол, зөрчилгүй гүйцэтгэсэн, мэргэжлийн өндөр дадлага, туршлагатай, багшлах, шалгах зэрэглэлтэй шилдэг нисгэгч төдийгүй олон нисгэгчдийг сургаж дадлагажуулсан мастер хүн юм. Тоогоор илэрхийлбэл А.Цогнэмэх 5300 гаруй цаг агаарт нисэхдээ батлан хамгаалах, хил хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, байгалийн гамшиг, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх, эрэн хайх зэрэг тусгай үүргүүдийг гүйцэтгэж байжээ.
Тухайлбал, 1996 онд Заамар, Хөтөл тосгонд гарсан гоц халдварт өвчин холерын голомтод хүн амыг тусгаарлах, цэвэр ундны ус, хүнс, эмнэлгийн материал хэрэгсэл тээвэрлэх, 1993 онд Марз ууланд сүйрэлд орсон МИАТ компаний АН-26 онгоцыг эрэн хайх, авран туслах, Шаазгай нуурт мөс цөмөрч автомашинтай хүмүүс осолд ороход нислэгийн цаг агаарын хүндэрсэн нөхцөлд нисч гурван хүний амь насыг аврах, Сэлэнгэ мөрөнд мөн мөс цөмөрч 11 хүн осолд ороход таван хүний амь насыг аварч, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын дархан хилийн 8220 километр уртын дагуух хилийн түүхэн овоо, багана, тэмдэгтүүдийн зураг авалтын нислэгийг гүйцэтгэж улсын дархан хилийн халдашгүй, хөдлөшгүй баримтыг бий болгон Нэгдсэн Үндэстний Байгууллагад баталгаажуулж өгсөн гэх мэт олон чухал нислэгийг гүйцэтгэсэн хүн юм байна.
                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж