
Нийслэл хот дотроо уул уурхай “хөгжүүлж” амжсан хачин сүрхий улс Монголоос өөр үгүй болов уу. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул хийх эрх бүхий 110 аж ахуйн нэгж байгаа бол ашиглалтын лиценз эзэмшигчдийн тоо 143-т хүрчээ. Хайгуул хийх эрх бүхий аж ахуйн нэгж Хан-Уул дүүрэгт 56, Налайх дүүрэгт 38, Сонгинохайрханд 14, Багануурт 13, Баянзүрхэд хоёр, Сүхбаатар дүүрэгт нэг байгаа аж. Хотын төвийн дүүрэгт тэр дундаа яам, тамгын газрууд голчлон байрладаг Сүхбаатар дүүрэгт хүртэл ашигт малтмал хайх эрхтэй компани байгаа нь үнэхээр хачирхалтай. Нэг өглөө сэрэхэд Сүхбаатарын талбайгаас олборлолт хийгээд эхэлбэл гайхах зүйлгүй бөгөөд хайх эрхийнхээ дагуу ашигт малтмал олсон гэдэг үгээр ам таглахыг ч үгүйсгэхгүй нь бололтой. Азаар төвийн дүүргийн зөвшөөрөл нь хайгуулынх юм даа гэж тайвширахаас. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд голчлон Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг буюу Багануур, Багахангай, Налайх болон Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ажээ. Нийслэлийн нутаг дэвсгэрээс нүүрс, хар тугалга, элс, хайрга, шохой, тоосгоны шавар зэрэг барилгын материалыг голчлон олборлодог. Эдгээрээс хамгийн түгээмэл нь барилгын материал. Барилгын матертал дотроо элс хайрганы хэрэгцээ жилээс жилд өссөөр байна. Туул голын эрэг орчимд үүссэн энхэл донхлыг элс хайрга олборлосны ул мөр гэж хүмүүс тайлбарладаг. Улиастай, Хужирбулан орчимд Туулын эрэг дагуу яваад үзэхэд багахаан хэмжээний цөөрөм мэт тогтоол ус хаа сайгүй тааралддаг. Гэвч үүнийг мэргэжлийн хүмүүс олборлолтын ул мөр биш хэмээн эрс үгүйсгэж байлаа. Хотын суурьшлын бүсээс элс хайрга олборлох, мөн карьер ажиллуулахыг хориглох шийдвэрийг гаргаад удаж буй тул өдгөө Хан-Уул дүүргийн 13,14 дүгээр хороо буюу Биокомбинат, Шувуун фабрикаас дотогш олборлолт явуулж буй газар байхгүй гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хэлтсийн улсын байцаагч Ц.Батсайхан тайлбарлаж байна. 2007 онд хотын дарга захирамж гарган Сонсголонгийн гүүр орчимд ажиллаж байсан 15 карьерийг зогсоосноор Улаанбаатар хотын суурьшлын бүсээс элс хайрга олборлохоо больжээ. Гэвч иргэд шөнө оройн цагаар портер, бонго зэрэг бага оврын тээврийн хэрэгслээр голын эргээс элс, хайрга зөвшөөрөлгүй зөөсөөр байгааг мэргэжилтнүүд анзаардаг л байлтай. Сонсголонд байрлаж байсан Сонсголон бармат компанийн олборлосон элс, хайрга, шавар, тоосгоор Улаанбаатарын томоохон хорооллуудыг босгосон гэлцдэг. Нийслэлд хамгийн ойр бөгөөд барилгын чанар хангасан шаврыг зөвхөн тэндээс л олборлох боломжтой ч ойр хавьд нь олон тооны айл өрх суурьшсанаас уг компани үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрчээ. Үүн лүгээ барилгыг элс хайрга, шохой, шаваргүйгээр барих технологи гараагүй цагт олборлолт буурахгүй нь мэдээж. Тиймээс барилгын материалын олборлолтыг цаашид хэрхэн явуулах талаар тодорхой шийдвэр гаргахаас аргагүй юм.
Харин нүүрс олборлолтыг Багануурт, Налайх дүүрэгт голчлон явуулдаг бөгөөд 88 жилийн тэртээгээс улсын үйлдвэр байгуулан ашиглаж ирсэн Налайхын уурхай нүүрсний нөөцөөр арвин баялаг. Гэвч зах зээлд шилжих их эргэлтийн жилүүдэд ширвэгдэж уурхайн олборлолт тун ч хөөрхийлөлтэй байдалд орсон. Өдгөө Налайхад нүүрс олборлох эрхтэй 63 аж ахуйн нэгж бий. Гэвч эдгээрт мэргэжлийн уурхайчид ховор байдгийн дээр олборлолтыг технологийн дагуу явуулдаггүйгээс олон арван хүмүүс амиа алдсаар байна. Өнгөрсөн онд л гэхэд 11 хүн Налайхын уурхайгаас нүүрс олборлож байгаад нас баржээ. Түүнчлэн Налайхын уурхайг мэргэжлийн дагуу олборлоогүйгээс үүсч буй нэг том асуудал бол газрын нуранги юм. Сүүлийн жилүүдэд хамгаалалтын үеийг олборлох болсноос хүнд даацын байтугай суудлын машиныг ч даахгүй газар нь цөмрөх болжээ. Налайх орчимд машинтайгаа алга бологсдын тоо цаашдаа ч нэмэгдэнэ гэвэл муу ёрлосон хэрэг болохгүй юм. Нэгэн үе хотын төвд олноороо ажиллаж байсан төмөрлөгийн үйлдвэрүүдийг хотоос гаргасан нь бас нэг нааштай байсан. Төмөрлөг олборлоод гийгүүлэхгүй ч хаягдал төмөр боловсруулан төмөр хийц, барилгын даацын бэлдэц, арматур үйлдвэрлэж байсан 33 төмөрлөг боловсруулах үйлдвэрийг Багануур, Багахангай дүүрэг рүү нүүлгэжээ. Харин одоо хотын агаарын бохирдолд багагүй нэмэр болж буй газрууд бол хайрга бутлагч үйлдвэрүүд юм. Тиймээс эдгээр үйлдвэрийг ч суурьшлын бүсээс гаргах нь зүйтэй гэсэн саналыг мэргэжилтнүүд хэлж байна.
Д.Цээнэ