Путинд нөлөөлөхийг Модигоос хүсчээ

Хуучирсан мэдээ: 2024.10.30-нд нийтлэгдсэн

Путинд нөлөөлөхийг Модигоос хүсчээ

Путинд нөлөөлөхийг Модигоос хүсчээ

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модиг нэр нөлөөгөө ашиглаад, дайныг зогсоох хүсэлтийг Путинд тавихыг Зеленский гуйв. Нарендра Моди наймдугаар сард Украинд айлчлахдаа Зеленскийг Энэтхэгт урьсан билээ.

Айлчлалынхаа үеэр тэр дайны эхний өдрөөс л энх тайвны талд байсан гэж мэдэгдсэн юм. Энэтхэг энх тайвныг уриалдаг боловч зэвсэг нийлүүлэгч, эрчим хүчний гол экспортлогч ОХУ-тай худалдааныхаа хэмжээг нэмэгдүүлсэн. Тиймээс барууныхан болон Оросын хооронд тэнцвэртэй байх гэж хичээж буй энэ үйлдэл нь Украинд тийм ч таатай байдаггүй.

Зеленский Энэтхэгийн ерөнхий сайдыг Путинд асар ихээр нөлөөлж, бодит алхам хийж чадах хүн гэсэн юм. "Ерөнхий сайд Модигийн байр сууринаас харвал өнөөдөр хэлж буй аливаа мэдэгдлүүд үг төдий байх ёсгүй. Моди бол хүн ам, эдийн засаг, нөлөөллийн хувьд асар том орныг удирдаж буй ерөнхий сайд. Ийм улс байж зүгээр л бид дайныг зогсоох сонирхолтой гэж хэлж болохгүй. Энэтхэг шиг ийм том улсын ерөнхий сайд дайнд нөлөөлж чадна. Ямар ч мөргөлдөөнд түүний нөлөө асар том байх болно" гэж Зеленский "Times of India"-д ярилцлага өгөхдөө хэлжээ.

Дайн эхэлснээс хойш 20 мянган украин хүүхдийг хууль бусаар Орост аваачаад буй. Тэдгээр хүүхдийг эх оронд нь эргүүлэн авчрах үйл хэрэгт нэгдэхийг Зеленский Модигоос хүсэв. Тэрбээр Модид хандан "Украин хүүхдүүдийг эргүүлэн авчраач гэж та Путиныг шахаж чадна. Дор хаяж 1000 украин хүүхдийг эргүүлэн авчрахыг зөвшөөрөөч гэж Путинд хэлж болно шүү дээ" гэжээ.

Моди, Путин нар энэ жил хоёр удаа уулзсан билээ. Долдугаар сард Орост айлчлах үедээ Путиныг тэвэрсэн гэж түүнийг Зеленский шүүмжилсэн удаатай. "Дэлхийн хамгийн том ардчилсан орны удирдагч дэлхийн хамгийн цуст гэмт хэрэгтэнг тэврэхийг харсан нь энх тайвны хүчин чармайлтад томоохон цохилт боллоо" гэж тэр хэлжээ.

Оросын эдийн засаг, эрчим хүчний эх үүсвэр, батлан хамгаалахын салбарт хориг тавьснаар дайны цар хүрээг багасгах боломжтой гэж Зеленский үзэж байна. Тэрбээр "Их-20"-д хандан Оросыг эдийн засгаар нь багалзуурдаж, Путиныг байранд нь тавихыг уриалав. Мөн "Энх тайвныг хүсч байна гэж хэлэх бус үйлдэл үзүүлэх нь чухал" гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж