“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнана

Хуучирсан мэдээ: 2024.10.30-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнана

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнана

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан дотоодын иргэн, дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг Чингис хаан одонгоор шагнаж урамшуулж, Чингис хааны нэр алдарыг дэлхийд дуурсгаж байхаар хуульчилсан.

Энэ жил дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг  эзэн Чингис хааны одонгоор шагнахаар шийдвэрлэлээ. Бан Ги Мүн-ий хувьд БНСУ-ын гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол, Солонгос хоёр улсын харилцааг стратегийн түвшинд хүргэж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Мөн 2009 онд монгол Улсад айлчилж, хоёр улсын иргэд хүмүүнлэгийн харилцаа, эдийн засаг, улс төр бүхий л салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүнчлэн НҮБ, Монгол Улсын харилцааг шинэ түвшинд гаргаж, НҮБ Монгол Улсын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болохыг нотолж, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд олон зуун сая долларын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, далайд гарцгүй орнуудын төвийг Монголд байгуулж, Монгол Улсын тээвэрлэлт, эдийн засаг, геополитик, газар зүйн онцгой нөхцөл байдалтай уялдуулан дэмжлэг үзүүлж ирсэн. Гуравдугаарт, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх, цөлжилтийн эсрэг, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр олон дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал, Бан Ги Мүн сангийн санаачилгаар баталсан тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээрийн дагуу батлагдсан Ногоон хөгжлийн сан Монгол Улсад 470 сая ам долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг баталж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Дэлхийн ногоон хөгжлийн институт Монгол Улсад 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж, хөтөлбөрүүдийг баталж, хэрэгжүүлж эхлээд байна.НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын энхийг санхиулах үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж цэнхэр дуулгатнууд болон НҮБ-ын харилцаа шинэ шатанд гарч, монгол цэргүүдийн дэлхийн энх тайвны үйл ажиллагаанд оролцох оролцоо ихээхэн өргөжсөн.

Тэрбээр, дэлхийн түвшинд НҮБ-ын шинэчлэлийг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг тогтоохоос гадна, дэлхийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан.  Мөн хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хороог байгуулахаас авахуулаад олон санаачилга гаргаж, хэрэгжүүлж ирсэн байдаг. Дэлхийн бүх улс орны удирдагчид Тогтвортой хөгжлийн зорилтыг баталж 2030 он хүртэл хэрэгжүүлэх амлалт, үүрэг авсан. Монгол Улс 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтыг УИХ-аар баталж хөгжлийн луужин болгон ажиллаж байна.  Иймд хоёр улсын харилцаа төдийгүй дэлхий нийтийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж  Эзэн Чингис хааны одонгоор  НҮБ-ын найм дахь Ерөнхийлөгч Бан Ги Мүн-ийг шагнахаар шийдвэрлэлээ гэв.

БАН ГИ МҮН ГЭЖ ХЭН БЭ?

Бан Ги Мүн нь 1944 оны зургаадугаар сарын 13-нд БНСУ-ын Чунжуд төрсөн. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө мэргэжлийн дипломатч байсан бөгөөд БНСУ-ын Гадаад харилцаа, гадаад худалдааны яаманд ажиллаж байв.

2006 оны аравдугаар сарын 13-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей түүнийг тус байгууллагын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд 2011 онд түүнийг дахин таван жилийн хугацаатайгаар томилсон байдаг.

Бан Ги Мүн НҮБ-ын энхийг сахиулах, үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр олон чухал шинэчлэлтийг хийсэн гэдгээрээ олны талархлыг хүлээсэн нэгэн юм. Түүнийг 2016 онд БНСУ-ийн дараагийн ерөнхийлөгч болж магадгүй хэмээн үзэж байсан удаатай.

Тэрбээр 2009 оны долдугаар сард Монгол Улсад албан ёсоор айлчилж байжээ. Түүнчлэн 2019 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Азийн төлөөх Боао форумын бага хуралд оролцохоор, 2023 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад тус, тус хүрэлцэн ирж байжээ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН “ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТЭГСЭД

“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байв. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан түүхтэй. Үе үеийн “Чингис хаан” одонг хэн гэдэг эрхмүүд хүртэж байсныг эргэн саная.

  1. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  2. 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  3. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  4. 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
  6. 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
  8. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
  9. 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  10. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
  11. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
  12. 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
  13. 2021 онд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
  14. 2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин
  15. 2022 онд Д.доржготов, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нар
  16. 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга

Өнгөрсөн 2005 оноос "Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онд олгоогүй, алгасаж байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж