Байр суурь: Эрчим хүчний салбар аюулын ирмэгт байна

Хуучирсан мэдээ: 2024.10.30-нд нийтлэгдсэн

Байр суурь: Эрчим хүчний салбар аюулын ирмэгт байна

Байр суурь: Эрчим хүчний салбар аюулын ирмэгт байна

Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний салбарын шинэчлэлийн хүрээнд “Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хороо”-г байгуулсан. Тус дэд хороог шадар сайд Х.Доржханд ахлан ажиллаж байгаа бөгөөд тэрбээр, энэ оны арваннэгдүгээр сарын 1-ээс эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл эрчим хүчний реформ, үнэ тарифын талаарх байр суурийг тодруулан хүргэж байна.

 

ОЙРЫН ХУГАЦААНД ЦАХИЛГААНЫ ҮНЭ ТАРИФЫГ ӨРТГӨӨ НӨХДӨГ БОЛГОЖ НЭМЭХ НЬ ЗҮЙТЭЙ


 

 

УИХ-ын гишүүн, эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.ЭНХЦЭЦЭГ:

-Эрчим хүчний салбар хүнд байдалд байна. Олон жил үнэ тариф нь өртгөө нөхөхгүй түвшинд барьж ирснээс болоод өрөндөө баригдсан, тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй эх үүсвэрийн дутагдалд орсон, олон жил бэлтгэгдсэн инженер техникийн ажилчидаа алдсан, улс орны нийгэм эдийн засгийн хөгжил чөдөр тушаа болсон салбар болчихоод байна.  Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр цахилгаан, дулаан холбогдох шинэ хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Үйлдвэр, орон сууц барья гэсэн боловч цахилгаан, дулаанаар хангагдаж чадахгүй, техникийн нөхцөл авч чадахгүй хүлээлтийн байдалд байна. Хамтарсан Засгийн газраас томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөсөн боловч энэ бүх төсөл цахилгаан дулаанаар хангагдаж чадахгүй хэмжээнд хүрэхээр байна.

Цахилгааны хэрэглээ жилд дунджаар 200 МвТ-аар өсөж байна. Гэтэл энэ бодит өсөлт биш юм. Учир нь маш олон хэрэглэгчийн эх үүсвэрийн дутагдлаас цахилгаан дамжуулах түгээх сүлжээнүүд хэт ачаалагдсан байдлаас болоод төвийн стстемд, төвлөрсөн шугамд холбож чадахгүй техникийн нөхцөл өгөхгүй байна. Хэрэв эдгээр хэрэглэгчийг холбох мөн хийхээр төлөвлөөд байгаа бүтээн байгуулалтын ажлууд өрнөөд эхэлбэл цахилгааны хэрэглээ жилд дунджаар 300-аас 400 МВт-аар өсөх төсөөлөлтэй байна. Хэдийгээр шинэ цахилгаан эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэхэд анхаарч Бөөрөлжүүтийн 600 МВт, Төв аймгийн Баян сум 660 МВт ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа хэдий ч энэ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хэрэглээний өсөлтийг хангахад хангалтгүй юм. Иймд эрчим хүчний салбарыг түрүүлэн хөгжүүлэх бүхий л нөөц боломж, улсын төсөв,гадаадын зээл тусламж, хувийн хөрөнгө оруулалтаа ашиглах шаардлагатай. Бага чадлын хөрөнгө оруулалт багатай тархмал эх үүсвэрүүдийг хурдан хугацаанд улсын төсвөөр барьж алс хол байрладаг аймаг, сумдын цахилгаан, дулаан хангамжийг найдваржуулах, том чадлын хөрөнгө оруулалт өндөртэй төслүүдээ гадаадын зээл тусламжаар хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нь зүйтэй. Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдсан байдаг. Дэлхийн 150 гаруй улсад хэрэгжсэн реформыг Монгол Улсад хэрэгжүүлсэн. Энэ реформ нь тусгай бүтэцтэй байсан эрчим хүчний салбарыг задлаад хэвтээ хэлбэрт оруулж, үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч гэсэн олон компани болгож, бүтцийг өөрчлөх, үнэ тарифыг тодорхойлох, зохицуулах хороог байгуулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх улмаар өрсөлдөөнийг бий болгох гэсэн 4 том зорилготой байсан. Монгол Улсын хувьд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх өрсөлдөөнийг бий болгох зорилтуудыг хэрэгжүүлж амжаагүй байна. Тиймээс эрчим хүчний хуулийг шинэчлэн боловсруулж хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх өрсөлдөөнийг бий болгохоос гадна ногоон хөгжлийг бий болгох зорилтуудыг хэрэгжүүлэх нь чухал юм. Харин хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсэнээр бизнесийн хүнд суртал үгүй болдог. Улс төрийн хараат байдлаас гардаг. Ашиг, алдагдал, зардлын хяналт ил тод болж, үйлчлүүлэгчдээ дээдэлдэг, үйлчилгээний чанар сайжирдаг. Өрсөлдөөн бий болсноор зах зээл дээр байж бол хамгийн доод үнэ тогтдог болох нь дэлхийн олон орны туршлагаас харагдаж байна. Тэгэхээр бид энэ чиглэл рүү л явахыг зорих ёстой. Ойрын хугацаанд цахилгааны үнэ тарифыг өртгөө нөхдөг болгож нэмэх, бүх хөрөнгө оруулалтаа эрчим хүч рүү чиглүүлье гэдгийг улс төрчид олон нийт хүлээн зөвшөөрсөн байна. Гол нь эрчим хүчний салбарынхан энэ таатай үеийг маш сайн ашиглаж, асуудлаа сайн ойлгож бүх хөрөнгө оруулалтыг татахыг хичээх ёстой.

ТАРИФЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭЭС ГАДНА КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАХ ЁСТОЙ

-Эрчим хүчний шинжээч Л.ЖАМБАА:

Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл хийхийг зорьж байна. Эрчим хүчний тарифын тогтолцоо өнөөдөр гажуудсан байна. Нэгдүгээрт, хөдөө орон нутаг болон нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн цахилгаан, дулааны үнэ зөрүүтэй байна. Хотод амьдарч байгаа иргэд дулаандаа 506 төгрөг төлдөг бол хөдөө орон нутгийн иргэд үүнээс 2-3 дахин өндөр үнээр дулаанаа төлдөг. Мөн гэр хороололд амьдарч байгаа иргэд болоод байшин хороололд амьдарч байгаа иргэдийн хэрэглээний үнэ зөрүүтэй байна. Тухайлбал, гэр хороолод амьдарч байгаа дөрвөн ам бүлтэй айл жилдээ халаалалтандаа зориулж буюу шахмал түлш, модоо бэлдэхэд ойролцоогоор 2 сая төгрөг зарцуулж байна. Гэтэл байшин хороололд 50 мкв байрнд амьдарч байгаа иргэн жилдээ дулаандаа 410 орчим мянган төгрөг зарцуулж байна. Түүнчлэн цахилгаанаа 285 төгрөгөөр үйлдвэрлээд  215 орчим төгрөгөөр зарж 70 төгрөгийн алдагдал хүлээж байна байна. Дулааны хувьд 68 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 39 мянган төгрөгөөр худалдан борлуулж бараг үйлдвэрлэлийн өртөгөөсөө нэг дахин хямд үнээр Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хүргэж байна. Энэ мэтчилэн олон шалтгааны улмаас эрчим хүчний салбарт үнэ тарифын шинэчлэл хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарсан. Түүнчлэн төр эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэгчид худалдаж авах биш хэрэглэгчид сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж төр нь худалдаж авдаг тогтолцоо руу нэвтрүүлэхийг зорьж байна. Өдөр нар, салхи ашиглаж хуримтлуулсан эрчим хүчийг ОХУ-аас импортолж авдаг үнээр худалдаж авдаг байх асуудлыг судалж байна. Мөн оройн оргил ачааллын үеэр хэрэглэгчид цахилгааныхаа хэрэглээг бууруулвал тодорхой хэмжээний урамшуулал олгодог байх урамшууллын тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байна. Эдгээр шинэчлэлүүдийг хийгээд эхлэхээр эрчим хүчний тарифын тогтолцооны гажуудал засагдаж эхэлнэ. Хэрэглээнээсээ хамаарч тарифын олон төрөл бий. Тэр дотроо дахин олон сонголт оруулж өгч байна. Эрчим хүчний хэмнэлтийн бодлого буюу их хэрэглэвэл их, бага хэрэглэвэл бага төлөх зарчим үйлчилнэ. Харин орлого багатай иргэдэд зориулсан тарифыг өөрчлөхгүйгээр хэвээр нь үлдээх бодлого баримталж байна. Эрчим хүчний салбарт тарифын шинэчлэл хийхээс гадна компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр ажиллах ёстой. Тиймээс ирэх гурван жилийн хугацаанд айл өрх, албан байгууллагуудад 430 орчим мянган ухаалаг тоолуур суурилуулснаар ойролцоогоор 134 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гарах тооцоо гарсан. Энэ мэт бүх талаар хэмнэлтийн горимд шилжиж, үр ашгаа хэрхэн сайжруулах талаар шийдвэр гаргаж байна. Эрчим хүчний реформын хүрээнд үнэ тарифын асуудал бол ердөө л нэг хэсэг нь. Цаашид төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлснээр цаашид эрчим хүчний үнэ тариф тогтмол хэмжээнд байх боломж бүрдэнэ. Энэ жил эрчим хүчний салбар 359 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан. Урт хугацааны буюу хуримтлагдсан өр төлбөр 1.8 ихнаяд төгрөгт хүрсэн байна. Нүүрсний уурхай, төмөр зам, дамжуулах гэх мэт бүхий л компаниудын хооронд өрийн сүлжээ үүссэн байна. Энэ бүхний гацаанаас гарахад тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ энэ бүхнийг ганцхан үнэ тарифын асуудлаар шийдэх тухай асуудал биш. Цогц байдлаар ач үзэж, нарийн тооцоо судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргах нь чухал. Хэдийгээр эрчим хүчний үнийг хэдэн хувиар нэмэх асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо бие даан, хараат бусаар шийдвэр гаргадаг хэдий ч олон талын судалгаан дээр үндэслэж эцсийн хувь хэмжээг тогтооно гэж итгэж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ХЭЗЭЭ Ч ТЭГ ЗОГСОЖ МАГАДГҮЙ АЮУЛЫН ИРМЭГ ДЭЭР БАЙНА

 

Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.ЁНДОНГОМБО:

-2001 онд Эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар "Эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийх, арилжааны хэлбэрт шилжүүлэх, хувьчлах" хөтөлбөр хэрэгжих боломж бүрдсэн юм. Гэвч хуулийн төсөлд Эрчим хүчний зохицуулах газар (хуучин нэрээр) УИХ-ын байгууллага байхаар заасныг өөрчилж, Засгийн газрын байгууллага болгосон нь бодлогын алдаа болсон. Үүний үр дүнд бүтцийн өөрчлөлт, арилжааны хэлбэрт шилжүүлэх заалтууд хэрэгжсэн ч хувьчлал бараг хийгдээгүй юм. Гол учир нь эрчим хүчний үнэ, тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо бие даан шийдвэрлэх бололцоогүй болж үе үеийн Ерөнхий сайд нарын үзэмжийн асуудал болсонд орших бөгөөд тэр ч байтугай сонгуулийн мөрийн хөтөлбөрт намууд "Эрчим хүчний үнэ нэмэхгүй" гэдэг заалт оруулж энэ салбарыг улс төрийн сонгуулийн хэрэгсэл болгосон. Ашиг олох байтугай зардлаа ч нөхөж чаддаггүй салбарыг гадаадын хөрөнгө оруулагч болон дотоодын компаниуд огт сонирхдоггүйгээс хувьчлал ч хийгдсэнгүй, шинэ эх үүсвэр ч баригдсангүй.  Арван жилийн өмнө оргил ачааллаа даах чадваргүй боллоо гэж байсан бол өнөөдөр суурь чадал ч хүрэлцэхгүй болж, Монгол Улсын хөгжлийг хойш татагч салбар болж хувирлаа. Жилд 270 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг энэ салбар нь хэзээ ч тэг зогсож болох ноцтой аюулын ирмэг дээр байна. Хүйтний улиралд өнгөрсөн өвлөөс хэрэглэгчдээ хязгаарлаж эхэлсэн бөгөөд 1990-ээд оны олон цаг хотоороо харанхуй байдаг үе рүү гулсан орж байна. Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаж, эрчим хүчний реформ хийхээр яригдаж байгаагаас хамгийн түрүүнд цаг алдалгүй хийх асуудал бол үнэ тарифыг нэмэх явдал юм. Цаашид салбарын ТӨХК-иудыг Олон нийтийн компани болгох, хууль эрх зүйн орчныг өөрчлөх ажлуудыг хийх хэрэгтэй байна. Үнэ тарифыг алдагдалгүй байх түвшинд аваачсаны дараа инфляци, валютын ханш, импортын цахилгааны үнээс хамааруулан индексжүүлж байх шаардлагатай

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж