Шинэ менежмент: хямдхан шиг залгих минь

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Шинэ менежмент: хямдхан шиг залгих минь

Бүхэлдээ нүүрлээд байгаа сан­­­хүүгийн хямралаас болж Оросын металлургийн ком­паниуд өөрсдийн хяналтын орд газ­руудаа ашиглаж чадахгүйд хүрч байгаа ажээ. Өөрсдийн ордуудаа ашиглах нь хэтэрхий үнэтэй болж байна гэж Standard Chartered банкны шинжээчид үзжээ. Үүний оронд тэд хувьцаа худалдан авахад анхаарлаа төвлөрүүлсэн байна. Эрэлтийн хомсдол үнийн өсөлтийг гаргах талтай бөгөөд энд Хятадын эрэлт ч чухал үүрэгтэй байгаа юм.

Санхүүгийн 2008 оны хямрал ба хөрөнгө оруулалтын Bear Stearns банкны сүйрлээс хойш бараг 200 тэрбум ам.долларын төслүүд хойш тавигдсан буюу үйл ажиллагаа нь зогсжээ. Тэр нь эргээд шинэ орд газруудыг ашиглахад сөрөг нөлөө үзүүллээ гэж оросын шинжээчид дүгнэж байна. Уул, уурхайн компанийн тэргүүн нар “шинэ орд газруудыг ашиглах төсөлдөө эргэн орох зүрх нь хүрэхгүй байна” хэмээн Standard Chartered банкны шинжээчид хэлж байгаа аж. Дэлхийн уул, уурхайн компаниуд ашиглахад урт хугацаа шаардагдах орд газруудаас биш харин актив худалдан авах замаар өөрсдийн үйлдвэрлэлийг өргөтгөх болсон байна.

Нэгтгэж, залгих арга нь шинэ ордуудыг өөрийн болгох хамгийн хямд үйлдэл болдог гэж шинжээчид ярьж байгаа юм. Бэлэн зүйлийг худалдан авах нь хөрөнгө оруулалтаас хямд тусч байна. Жишээлбэл, зэсийн уурхайнууд сүүлийн таван жилийн дотор бараг хоёр дахин нэмэгдсэнийг банкны мэдээ гэрчилж буй.

Гэсэн хэдий ч томоохон залгих үзэгдэл ба ийм маягийн арилжааны үе өнгөрч байгааг ч мөн тэд онцолж байна. Уул, уурхайн BHP Billiton хэмээх томоохон компани өөрийн өрсөлдөгч Rio Tinto компанийг авах гэсэн бүтэлгүй оролдлого, мөн Xstrata-г авах гээд чадаагүй Vale компанийн жишээ бусад компаниудад адил хэмжээний өрсөлдөгчөө нэгтгэх гэсэн санаархалд нь сануулга болсон хэвээр байгаа гэж   Standard Chartered банкны шинжээч Жереми Грэй хэлэв.

«Компанийн хувьд 5-10 тэрбумын эсвэл түүнээс бага хэмжээний M&A арилжаа хийх нь цорын ганц хувилбар болж байна. Тэр нь үлдсэн мөнгөө хуримтлуулах боломжийг өгөх бөгөөд тэдэнд урт хугацааны төсөлтэй зууралдах сонирхол алга” гэдгийг шинжээч онцлов.

“Компани өөрийн наймаагаа сал­­барын байдлаас хамааран тоо­цоол­дог учир ойрын жилүүдэд шинэ хөрөнгийн бизнес өсч орлого нэмэг­дэнэ гэж найдаж байгаа юм. Тиймээс тэдэнд одоо хямд байгаа дээр нь бэлэн зүйл авах сонирхол давамгайлж байна. Компаниуд өр төлбөр ихтэй байгаа бөгөөд тэдний хувьд 2007-2008 онуудын зээлийн хомсдолын хямралт байдал өнгөрөөгүй байгаа” гэж «Уралсиб»-ын шинжээч Николай Сосновский хэлж байгаа юм. Мөн нөгөө талаар том наймаанаас бүрэн татгалзлаа гэж үзэхэд бас эрт байна. Жишээлбэл, Rio Tinto-г залгиж чадаагүй BHP Billiton одоо Канадын калийн үйлдвэрлэгч Potash Corp-ыг 39 тэрбум ам.доллараар авахаар хөөцөлдөн бараг бүтээгээд байна. Сүүлийн үед бүтээгдэхүүний үнэ нь хоёр дахин өссөн хар металлургийн актив энэ зах зээлд давамгайлан зарагдах болно гэдгийг «Брокеркредитсервис» төвийн шинжээч Олег Петропавловский нэмэрлэн өгүүллээ.

Орост одоогоор бордооны салбарт л нягтрал хийг­дэж байгаагийн тод жи­шээ нь «Уралкалия» компани «Силь­винит»-тай нэгдсэн үйл явдал болж байна. Мөн энэ жишээтэй ижил өнгөт металлургийн «Русал» ба «Норникель» -ийн нэгдэл тулгамдсан асуудал хэвээрээ байна. Гэхдээ өрөнд дарагдсан Оросын компаниуд арилжаа наймаанд одоогоор бэлэн биш байгаа ажээ. «Шинэ орд газ­руудын ашиглалтад хөрөнгө оруу­лалт хийлгүйгээр ашиглагдаж бай­сан хөрөнгийг авах нь эрэлтийг хэвээр үлдээн бүтээгдэхүүний үнийг барих боломжийг өгдөг” гэж UBS компанийн шинжээч Алексей Моро­зов  тэмдэглэв.

Үүнээс үүдэн төмрийн хүдэр, чулуун нүүрс ба зэсийн үнэ ирэх хоёр жилдээ мэдэгдэхүйц өсч магадгүй гэнэ. Зэсийн үнэ ирэх хоёр жилд тонн нь 12 мянган ам.долларт хүрч магадгүй. Дэлхийн долоон том зэс үйлдвэрлэгч 2011 ба 2012 онуудад ганц ч шинэ төслийг ажиллагаанд оруулахгүй гэж Standard Chartered банкны тоймд өгүүлсэн байв. Төмрийн хүдрийн үнэ нь өнөөгийн нэг тоннын үнэ болох 147 ам.доллараас 2012 онд 200 ам.доллар хүртэл өсөх бол коксжсон нүүрсний нэг тонн нь өнөөгийн 220 ам.доллараас 350 ам.доллар хүртэл,харин илчэт нүүрсний нэг тонн одоогийн 90 ам.доллараас 150 ам.доллар хүртэл өснө гэж тэдний гаргасан тоймд дүгнэжээ.

Гэхдээ хасуудлын гол нь гаргаж байгаа саналд биш харин эрэлтэд байгаа гэнэ. “Одоо бүх харц  Хятад руу чиглэгдсэн байна. Хэрэв өнгөрсөн хавар тэнд байдал хангалттай хэмжээгээр нааштай байсан бол одоо тийм ч их өөдрөгөөр яригдахгүй болж байна. Хамгийн гол нь Хятад дотоодын эрэлтээ дэмжих мөн зээл өгөхдөө хязгаарлалт тавих үгүй юу гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр  л үнийг өсгөх эсвэл буулгах хөшүүрэг юм. Хятадын эрэлтээс л үндсэн металл болох зэс, никель, цайр, хөнгөн цагааны үнэ хамааралтай” гэж шинжээч Морозов онцолж байгаа юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж