АЛДАГДЛААС ҮҮДСЭН АСУУДЛУУД
Цахилгаан эрчим хүчний салбар элгээрээ хэвтэж мөлхсөөр эцэст нь эрчимт эмчилгээний тасагт шилжихэд хүрэв. Гол шалтгаан нь цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тариф бодит өртөгтөө хүрэхгүй байгаа явдал юм. Өнөөдөр эрчим хүчний салбар өрийн сүлжээнд орж эцэстээ үнээ нэмэх үү, эсвэл үүд хаалгаа барих уу гэсэн асуултын өмнө зогсож байна. Тодруулбал, тус салбар энэ оныг 355 тэрбум төгрөгийн алдагдалтай дуусгах нь. Үүний 81 тэрбум нь төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж буй гурван уурхайн алдагдал аж. Түүнчлэн зайлшгүй шаардлагатай засвар, шинэчлэл хийгдэхгүй, ажилчдынхаа цалинг хугацаанд нь олгох боломжгүй болж, түлш шатахуун, сэлбэг материалын хангамж тасалдаж цаашид үйл ажиллагаа явуулахад нэлээд хүндхэн нөхцөл байдалд хүрчээ.
Хөрөнгө санхүүгийн хүндрэлээс гадна техникийн хувьд ч асуудал бий болжээ. Дулааны цахилгаан станц, шугам сүлжээний тоноглолын 19, шугам сүлжээний 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ. Мөн жил бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээний өмнө ч хүчин мөхөсдөж эхлээд байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 115 МВт чадлын дутагдал үүссэн байна. Тиймээс эдийн засгийн суурь салбар болох эрчим хүчний салбарт цогц шинэчлэлт, бодлогын өөрчлөлт хийж, эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжүүлэх учиртай. Тодруулбал, үнэ тариф, компанийн засаглал, эрчим хүчний эх үүсвэр, хөрөнгө оруулалт, зах зээлийн загвар, эрчим хүчний ухаалаг цахим үйлчилгээ, хүний нөөц, эрчим хүчний экспорт, хууль эрхзүйн чиглэлд реформ хийх ёстойг салбарынхан тодотгож байгаа. Гэхдээ эдгээрийг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж, шаардлагатай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байж реформ зөв байх боломж бүрдэх юм.
“АМЬ ТАРИА” БУЮУ ТАРИФЫН ШИНЭЧЛЭЛ
Эрчим хүчний зохицуулах хороо нь үнэ тарифыг нэмэгдүүлэх тал дээр тогтмол судалгаа хийж танилцуулж байдаг.
Тухайлбал 2022 онд уул уурхайн хэрэглэгчдийн 200 мянган кВт.ц хүртэлх хэрэглээний тарифыг 28 хувиар, 200 мянган кВт.ц-аас дээших хэрэглээний тарифыг 38 хувиар нэмэгдүүлэх, банк, банкны нэгж салбар, интернэт, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, криптовалют олборлох, үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэгчийн тарифыг нэмэгдүүлж уул уурхайн тарифын түвшинд хүргэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлэх зорилгоор бусад аж ахуйн нэгж, байгууллагын 5000 кВт.ц хүртэлх хэрэглээний тарифыг 14 хувиар, 5000 кВт.ц-аас дээших тарифыг 28 хувиар нэмэгдүүлэх, төсвийн байгууллагын цахилгааны тарифыг Төсвийн тухай хуультай уялдуулан 2023 оноос 28 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Мөн нийт аж ахуйн нэгж, байгууллагын дулааны тарифыг 28 хувиар нэмэгдүүлжээ.
Харин одоогийн нөхцөл байдалд эхний ээлжид үнэ тариф, эрчим хүчний арилжаа зохицуулалтын чиглэлд тодорхой арга хэмжээ авах ёстой гэж холбогдох албаныхан үзэж байгаа юм. Тодруулбал, эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөг, ашгийн зохих түвшинд хүргэн тогтмол индексжүүлэх замаар эрчим хүчний үйлдвэр, компани, нүүрсний уурхайн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, улмаар шинэ хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ гэж үзэж буй.
Эрчим хүчний зохицуулах хороо дөрвөн хүчин зүйлээс хамааран тохируулах буюу индексжүүлэхээр томьёолжээ. Үүнд Монгол Улсын хэрэглээний үнийн өөрчлөлт буюу инфляц, гадаад валютын ханшийн өөрчлөлт, импортоор худалдан авч буй цахилгааны үнийн өөрчлөлт, шинэ эх үүсвэрийн нөлөөлөл зэрэг үндсэн дөрвөн хүчин зүйлийг багтаажээ. Өөрөөр хэлбэл, цаашид цахилгаан, дулааны тариф зөвхөн нэмэгдэх бус, эдгээр дөрвөн хүчин зүйл буурвал үүнийг дагаад тариф тодорхой хэмжээнд буурах аж. Мөн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний шатны хөтөлбөрт эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлж, улирал тутам шинэчлэх зорилт ч бий. Түүнчлэн хэрэглэгчийн тарифын бүтэц, загвар, ангиллыг үе шаттай сайжруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, айл өрхийн хувьд өдөр, шөнийн тариф дээр нэмээд оргил цагийн тариф бий болгох, ердийн хэмжээнээс илүү өндөр хэрэглээний тарифыг өсгөх, дулааны тухайд хэрэглээнд суурилсан тариф нэвтрүүлэх саналыг Эрчим хүчний зохицуулах хороо дэвшүүлээд буй.
Улсын дунджаар айл өрхийн цахилгааны сарын хэрэглээ 220 кВт бөгөөд энэ нь одоогийн үнэ тарифаар тооцоход 36220 төгрөг буюу утас, интернэт гэх мэт хэрэглээний бусад төлбөртэй харьцуулахад хамгийн бага төлбөр. Тодруулбал, халаалтын буюу хүйтний улиралд цахилгаан дулааны төлбөр өрхийн орлогын зөвхөн 3.1, дулааны улиралд ердөө 2.2 хувийг эзэлж байгаа нь олон улстай харьцуулахад хамгийн доогуур үзүүлэлт. Тиймээс эрчим хүчний салбарт “амь тариа” хийх буюу цахилгаан, дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулж, эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжүүлэх ёстойг одоогийн бодит байдал сануулж, мөн дээр дурдсан тоон мэдээлэл анхааруулсаар.
БОГИНО ХУГАЦААНД ӨНДИЙЖ, УРТ ХУГАЦААНДАА ХӨГЖЛИЙН ЗАМДАА ОРНО
Эрчим хүчний салбар ингэж үнэ тарифаа зохистой түвшинд хүртэл нэмбэл хуримтлагдсан, хугацаа хэтэрсэн өр төлбөрөө ойрын 2-3 жилийн хугацаанд барагдуулж, улмаар хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаныхан тодотгож байна. Харин дараагийн ээлжид холбогдох үйлдвэр, компаниудын үргүй зардлыг бууруулах, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, хяналтыг сайжруулах чиглэлд анхаарч, шаардлагатай арга хэмжээ авах ёстой. Тухайлбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын тариф тооцож буй аргачлалд өөрчлөлт оруулах буюу “зардалд суурилсан” хандлагаас “урамшуулалд суурилсан” хандлага руу шилжих. Мөн эрчим хүчний төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох асуудал яригдах юм. Энэхүү өөрчлөлтийг хийснээр нээлттэй хувьцаат компаниуд олон нийтэд ил тод, илүү хариуцлагатай ажиллах боломжийг бүрдүүлэн компанийн засаглал, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулж өртөг зардлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
Манай улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1584 МВт бөгөөд үүнээс 81 хувь нь дулааны цахилгаан станц, 19 хувь нь сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр эзэлдэг байна. Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ өнгөрсөн оны байдлаар 11 тэрбум кВт.ц байсан бөгөөд үүний 80 орчим хувийг дотоодын үйлдвэрлэл, 20 гаруй хувийг импортоор худалдан авчээ. Энэ нь өмнөх 2022 оноос хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээ зургаа, дулааны хэрэглээ гурван хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал өнгөрсөн онд 1636 МВт хүрч 11 хувиар өсжээ.
Тиймээс эрчим хүчний шилжилтийн тухайд хүртээмжтэй бөгөөд найдвартай байдал, мөн байгаль орчны тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил ба өсөлт гэсэн гурван хүчин зүйлийн тэнцвэртэй харьцааг алдагдуулахгүйгээр үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх буюу хүртээмжтэй, тогтвортой, хямд, найдвартай эрчим хүчний систем рүү шилжих цаг ирсэн гэдгийг энд тодотгоё. Ирэх бус өнгөрчихсөн учраас одоо л биш бол эрчим хүчний салбар эрчимт эмчилгээний тасгаас гарч чадахгүй явсаар эцэст нь амь тасрах аюул хажууд иржээ.
Ирэх бус өнгөрчихсөн гэдэг нь цаг хугацааны хувьд 2021 онд цахилгаан, дулааны үнэд өөрчлөлт оруулах ёстой байсан боловч тухайн үеийн цар тахал, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж, эл асуудлыг хойш тавьжээ. Харин 2022 оны сүүлчээр аж ахуйн нэгж, албан байгууллагын цахилгааны тарифт өөрчлөлт оруулсан бол айл өрхүүдийн хувьд 2019 оноос хойш гар хүрээгүй өнөөдөртэй золгожээ.
Холбоотой мэдээ