
Уг нь МАХН-ын бага хурал гэдэг том эрх мэдэлтэй байгууллага. Нэгэн цагт МАХН-ын хамаг сүр сүлд бага хуралдаа байсан үе бий. Тэндээс шийдсэн нарийн асуудлуудыг нэдэр дээрээ намын их хурал батлах л үүрэгтэй. Их хурлуудын хооронд МАХН-ын хамаг эрх дархыг бага хурал атгаж, чухал асуудлуудын хувь заяаг зангидаж байх учиртай. Гэтэл сүүлийн үед намын бага хурал МАХН-ын Удирдах зөвлөлөөс уяатай, түүний хараат байх болж. Удирдах зөвлөлөөс юу зарлигдана, бага хурлын гишүүд дээр үеийн депутатууд шиг гараа өргөн батлах л ажилтай болжээ. Энэ нь Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтөөс улбаатай юм. Төрийн жинхэнэ албан хаагчдыг уг хуулиар 2009 он гармагц намын харьяалалгүй болгосон тул бага хурлын гишүүдийн гуравны нэг шахам нь 2008 оны арванхоёрдугаар сарын 20-нд хуралдсан МАХН-ын YI бага хурлаар “зодог тайлсан”. Нөлөө бүхий гишүүд нь гараад явчихсан болохоор бага хурал эрх ихтэй ч мэдэл дутуу байгууллага болж хувирах эхлэл эндээс улбаалсан юм. Ингээд Удирдах зөвлөлийнхөө аманд багтаж, тэндээс дэглэсэн сценариар бага хурлаа явуулдаг болов.
МАХН-ын YI бага хурал УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа болж, намын удирдлагад багагүй өөрчлөлт оруулсан хурал байв. Удтал ерөнхий нарийн бичгийн даргагүй явсан МАХН-ын генсекээр У.Хүрэлсүхийг сонгосон нь тухайн үедээ дуулиантай үйл явдал болсон. У.Хүрэлсүхийг “Хадгаламж” банкнаас үрэгдсэн 14 тэрбум төгрөгийн хэрэгт орооцолдуулж, дараа нь УИХ-ын сонгуулийн 45 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үеэр намдаа тэр мөнгөнөөс Фургон машин авч хандивласан хэрэгт унагасан билээ. Хэрэгт холбогдсоны улмаас УИХ-ын 2008 оны сонгуульд ч оролцож чадалгүй өнжсөн. Харин сонгууль өнгөрмөгц түүнийг шүүхээс цагаатгаснаар МАХН-д том байр суурь эзлэх боломж нь бүрдсэн. Үүнийг цаанаа улс төрийн нарийн учир начиртай гэж ойрын хүрээнийхэн нь үздэг байсан юм. Бага хурлын гишүүдийн 70 гаруй хувийн саналаар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан У.Хүрэлсүх илт давуу ялалт байгуулж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байв. Харин түүний өрсөлдөгч, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар 20 гаруй хувийн санал авсан бол Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамбыг дөнгөж дөрөв гаруйхан хувь нь дэмжсэнээр бага хурал өндөрлөсөн юм. У.Хүрэлсүхийг ерөнхий нарийн бичгийн дарга болгосноор тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь бүрхэг боллоо хэмээн тухайн үед таамаглацгааж байв.
Гэвч 2009 оны хавар болсон МАХН-ын дараагийн бага хурлаар Н.Энхбаярыг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэв. Түүгээр бол МАХН-ын гишүүд 100 хувь дэмжиж түүнийг Төрийн тэргүүнээр дахин сонгогдох замыг зассан мэт харагдаж байв. Гэвч дараа дараагийн үйл явдлууд хийгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад харин ч 100 хувийн саналаар Н.Энхбаярыг их улс төрөөс үдээд мордуулчихсан мэт. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч “Сонгууль луйвар болсон. Манай намын удирдлага намайг луйвардсан” гэсэн утгатай ярилцлагыг байн байн өгдөг болсон нь үүнийг гэрчилнэ.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Ардчилсан намын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн оронд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт УИХ-ын нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшүүлэх асуудал босоод ирмэгц бүгдээрээ Н.Энхбаяраас нүүр буруулсан нь үүнийг гэрчилнэ. Ямааны махны халуун дээр бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчийг тодруулах ёстой, УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ч уг асуудлыг 45 хоног дотор шийдэх учиртай байсан ч парламент дахь суудлын илүүгээрээ яаж ийгээд сонгуулийн товыг намар хүртэл хойшлуулж чадсан. Бүр Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаад шүү.
Үүнд бага хурал биш мөнөөх эрх мэдлийг нь халаасалчихсан Удирдах зөвлөл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Намар ч болж, нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхэд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг гаргаж ирсэн. Анхан шатанд болсон санал асуулгаар экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэгээр гарч ирсэн ч Удирдах зөвлөл сайн гэгчийн сценари боловсруулж, тэндээс дэглэсэн тактикийг бага хурал дээр хэрэглэснээр Д.Зоригт ногоон гэрлээр нэр дэвшигчээр тодрон, улмаар сонгуульд ялалт байгуулсан юм. Дөнгөж жилийн өмнө хэний ч танихгүй шахам байсан энэ залуу гэнэт нөлөө бүхий том яамыг тэргүүлэх болсон. Ердөө л “бусдын гарт амиа алдсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга агсан Д.Бадраагийн ах” гэсэн тодотголтойгоор гүйцэтгэх засаглалын танхимд туниа муутайхан орж ирж байсан тэрбээр мөчөөгөө тавихааргүй сайд болж өссөнөөр барахгүй тийнхүү парламентын 76 гишүүний нэг болсноор Н.Энхбаяр гэдэг нэр их улс төрөөс хөндийрөх шалтгаан болсон.
Түүнээс цаашлаад удаах бага хурлаар МАХН-ын дарга С.Баяр Ерөнхий сайдын албаа өөрийн хүсэлтээр Сү.Батболдод шилжүүлсэн атал намын даргын эрх мэдлээ авч хоцорсон, дараа дараагийн нүүдлээ бодохын тулд “тайм аут” авч АНУ-д эмчилгээ хийлгэнгээ генсектэйгээ үе үе зөвлөлддөг болов. Энэ шалтгаанаар дараагийн бага хурал он дамнан хойшилсоор байв. С.Баяр даргыг өнгөрсөн хавар буцаж ирсний дараа МАХН-ын байранд хуралддаг байсан Удирдах зөвлөлийн хурлыг С.Баяр даргын албан өрөө болгосон хуучин цагийн алдарт Соёмбо танхимд хийдэг болж, нэр сүр, эрх мэдэл нь улам дээшлэв. Тэгж тэгж удтал хүлээлгэсэн МАХН-ын бага хурал болж, түүний эхэнд МАХН-ын дарга С.Баяр гэнэтхэн албан тушаалаа өгч буйгаа мэдэгдэн шинэ дарга Сү.Батболдыг “Дандаа yes гэж болохгүй, хааяа no гэж хэлж сурах хэрэгтэй” хэмээн сургамжилсан юм. Энэ бага хурлын үеэр хэсэг зуур чимээ алдарсан МАХН-ын “Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс” жигүүрийнхэн идэвхжиж МАХН-ын бага хуралд нөлөө бүхий гишүүд цөөрсөн, Удирдах зөвлөлдөө эрх дархаа алдсан, Удирдах зөвлөлд нь гэтэл Ц.Нямдорж сайдаас өөр нөлөөтэй хүн бараг алга болж, намын ажил ихээхэн сулраад байна хэмээн шүүмжилсэн нь үнэнийг хэлсэн хэрэг байв. Гэвч Удирдах зөвлөлийнхөн, ялангуяа Ц.Нямдорж сайд тэднийг” улс төрийг хордуулж буй бохир заваан нөхөд” хэмээн хариу барьснаар үйл явдалд цэг тавьсан.
Намын бага хурлын нэг үүрэг нь их хурлаа хуралдуулах явдал байдаг. Парламентын нэгэн бүрэн эрх буюу дөрвөн жилийн хугацаанд хоёроос доошгүй удаа их хурлаа хийлгэх ёстой. Гэтэл 2008 оны сонгуулиас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Бүр 2009 оны сүүлээр их хурал хийлгэхийг дороос шаардаж байсан ч нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөн он гаргасан. Харин одоо болох бага хурлаар их хурлаа товлож магадгүй байна. Гэхдээ Удирдах зөвлөл юу гэж айлдахаас бага хурлын шийдвэр шалтгаалах хойно түүнийг хүлээх л үлдлээ.