Нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг дөрөвдүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургадугаар сард товлосон.
Харин бие даалтын долоо хоног нь аравдугаар сард болж, хичээллэх хугацаанд оруулж тооцохоор болсон юм.
Үүнтэй холбоотойгоор бие даалтын долоо хоногт багш нарт цалин тооцохгүй гэх мэдээлэл сошиал орчинд тавигдсан юм. Тодруулбал, багш нарын цалинг гурван долоо хоногоор тооцон бичсэн, мөн бие даалтын долоо хоногт илүү цагийн цалинг олгохгүй байх чиглэл ирсэн тухай мэдээлсэн юм. Энэ талаар Боловсролын ерөнхий газраас тодруулахад "Бие даалтын долоо хоногт багш нарын үндсэн цалинг хэвийн тооцно. Түүнчлэн бие даалтын долоо хоногийг сургууль бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулах тул тухайн сургууль багшийн нөөц, хүрэлцээнээс шалтгаалан илүү цагаар ажиллуулах эсэх шийдвэр гаргана. Харин бие даалтын долоо хоногт багш нарт илүү цагийн мөнгө тооцохгүй" гэх мэдээллийг өглөө.
Бие даалтын долоо хоног 2024 оны аравдугаар сарын 28-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 2-ний өдрүүдэд үргэлжилнэ. Тухайн долоо хоногт танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна. Бие даалтын долоо хоногт хувийн сургуулиуд мөн адил хамаарах юм байна.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2023-2024 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад нийт 54.2 мянган багш ажиллаж байгаа ба бол сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг багшид 28 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 хүүхэд ногдож байгаа аж.
Холбоотой мэдээ