Америкийн автомашин үйлдвэрлэгч "Ford" компанийн гүйцэтгэх захирал Жим Фарли сүүлийн хагас жилийн турш хятад цахилгаан машин унажээ. Тодруулбал, "Xiaomi"-ийн "Speed Ultra 7" буюу олны нэрлэж заншсанчлан "SU7"-г тэр унадаг бөгөөд цаашид ч татгалзах бодолгүй байна.
"Өрсөлдөөний талаар ярьмааргүй байна. Ямартай ч би ‘Xiaomi’ унадаг. Шанхайгаас Чикаго руу авчруулаад зургаан сар унаж байна. Цаашид ч унамаар байна" гэж тэр хэлжээ. Жим Фарли өмнө нь ч бас "Xiaomi"-ийн цахилгаан машиныг сайшааж байсан удаатай. "SU7" автомашины амжилтын талаар тэр өмнө нь хэлэхдээ "Үнэхээр гайхалтай. Тэд сард 10, 20 мянгыг зарсаар зургаан сарын дотор л зарагдаж дууссан" гэжээ.
"SU7" нь "Xiaomi"-ийн анхны цахилгаан машин юм. Энэ нь дотроо "SU7", "SU7 Pro", "SU7 Max" гэсэн гурван төрөлтэй бөгөөд Жим Фарли чухам аль төрлийг унадаг нь тодорхойгүй.
Жим Фарли тавдугаар сард Хятадад айлчилсныхаа дараа тус улсын автомашины зах зээлийг бодит аюул гэж нэрлэсэн юм. "Xiaomi"-ийн цахилгаан машиныг унахаасаа өмнө тэрбээр Хятадын төрийн өмчит автомашин үйлдвэрлэгч "Changan Automobile"-ын цахилгаан машиныг туршиж үзжээ. Энэ үеэс л Хятадын цахилгаан автомашины чанар чансаа сэтгэлд нь хүрсэн гэдгийг тэр хэлсэн байдаг.
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэл салбартаа тэргүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. "ABI Research" технологийн фирмийн мэдээлснээр, Хятадын автомашин үйлдвэрлэгчид энэ оны эхний улиралд Бразилын зах зээлийн 88 хувь, Тайландын зах зээлийн 70 хувийг тус тус бүрдүүлжээ.
"Ford" компани цахилгаан автомашины стратегиэ өөрчилж, шинэ машинуудаа хайбрид загвартай төлөвлөж байгаагаа наймдугаар сард мэдэгдсэн. Тус компани нь "Toyota", "Volkswagen", "General motors" болон "Hyundai"-ийн дараа дэлхийд тавд бичигдэж байна.
Холбоотой мэдээ