Р.Батболд: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс хил дээр 40 хонож байна

LiveР.Батболд: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс хил дээр 40 хонож байна

Р.Батболд: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс хил дээр 40 хонож байна
19 : 40
2024-10-25

Р.Батболд: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс хил дээр 40 хонож байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын мэдээллийн цагаар үргэлжилж, Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын талаар УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Тяньжин боомт дээр хэдэн мянгаараа чингэлэг гацаж байгаа нөхцөлд бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Боомтын нэвтрүүлэх чадвар дээр анхаарч ажиллах. Бодлогын хувьд хоёр хөрштэйгээ боомтоо хөгжүүлэх тал дээр арга хэрэгслээ тохирсон уу?

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Тяньжин боомт дээр чингэлэг хуримтлагдаж байгаатай холбогдуулаад Хятадын тээврийн сайдтай өнгөрсөн сард уулзалт хийсэн. Тяньжин боомт дээр одоогоор 316 чингэлэг байна.  

Өнгөрсөн наймдугаар сард 5000 орчим чингэлэг байснаас 1.7 галт тэрэг болгосноор 2000 гаруй чингэлэгийг нь татсан. Нийт чингэлгийн 70 хувь нь автомашин.

Чингэлгийг хурдан буцаахын тулд автомашиныг Замын-Үүд дээр шууд буулгах, тэнд нь гаалийн бүрдүлэлт хийх шийдвэр гаргаад машинуудыг эзэнд нь хүлээлгэж өгснөөр чингэлэг хурдан буцааж байгаа. Үлдсэн 30 хувь нь хүнсний бүтээгдэхүүн болон бусад ачаа бараа байгаа учраас хөрштэйгээ нэн тэргүүнд оруулж ирэх талаас ярилцаж байна.

Хоёр дахь далайн боомтын асуудлаар Зам тээврийн яамны Далайн боомтын захиргааны удирдлагуудыг явуулж Лёонон мужийн Жинжү боомтыг нэмэлтээр ашиглахаар ярилцаад эхний хэлэлцээр хийгээд явж байна.

УИХ-ын гишүүн Р.Батболд:

-Нүүрсээ төмөр замаар тээвэрлэж байгаа ч хил холболтын төмөр зам баригдаагүйгээс хил дээр очиж зогсчихоод байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсээ ачих, төмөр замаар тээвэрлэх, цааш нь нэвтрүүлэх асуудал “Эрдэнэс тавантолгой” ХК, Зам тээврийн хөгжлийн яам, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны яг хэн нь хариуцаж ажилладаг юм бэ.  Та нар хоорондоо учраа олдоггүй юм уу.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас төмөр замаар ачигдаж очсон нүүрс хил дээр очоод 40 хоносон гэж байна. Яагаад ийм юм болов гэхээр зөвшөөрлөө авч чаддаггүй.  

4 цаг ачигдаад очиж байгаа нүүрс автомашинд сэлгэн ачигдаад цаашаа гарах гэхээр Тавантолгойгоос шууд очиж байгаа автомашинтай нүүрснийхээ араас дугаарлаад гар гэдэг асуудал үүсдэг.  Вагоноор очиж байгаа нүүрсээ шууд гаргадаг шинэ терминаль үүсгэж болдоггүй юм уу, энийгээ шийдээч ээ.

Хоёрдугаарт, вагоноор очсон ачааг цааш нь гаргаж байгаа тээврийн үнэ тариф замбараагүй үнэтэй. Нэг цуваа вагоныг цааш нь гаргаад гаргасан компани нь 195 сая төгрөгийн нэхэмжлэх өгч байна гэдэг зүйл яригдах. Ирж очихын 10-аадхан км газар юм билээ. Энэ асуудлыг яаж шийдэх юм, хэн мэдэх юм бэ. Гурван бие рүүгээ шидээд зөвшөөрөл нь гарахгүй 40 хонодог асуудлыг шийдэхгүй юм уу?

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан:

-“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ экспортлох нь гол үүрэг. Тавантолгой төмөр замыг барьсан, ачих буулгах терминаль барьсан тул төмөр замаа  үр ашигтай явуулах үүднээс төмөр замаар тээвэрлэлт хийж байгаа. Харамсалтай нь,  төмөр замаар хийж байгаа тээвэрлэлт холболт хийгдээгүй учраас  ахиад машинаар дамжиж хил гарч байгаа. Таны хэлсэн шиг 195 сая төгрөг болж байгаа юм байхгүй. Covid-19-ийн үед ийм үнэ хүрсэн гэж яригддаг.

Одоо бол тээвэр дээр үнэ нэмэгдсэн юм байхгүй.  

Covid-19-ийн  үед С зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжсэнтэй холбоотойгоор хүндрэл эргээд гарч байгаа. Хятадын талаас С зөвшөөрлийг Монгол Улсын төр захиргааны төв байгууллагатай хийсэн учраас компани цаашдаа олгоод явбал 2025 онд дахин гэрээ хийхгүй гэдэг мэдэгдэл ирүүлсэн.

Тийм учраас ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэхээр бэлтгэж байна. Цаашдаа бид төмөр замаа түргэн холбох. Ерөнхий сайд болон миний бие энэ чиглэлээр Хятадын талын төмөр замын холболтыг хариуцаж байгаа “Чайна энержи” компанийн талтай  саяхан уулзсан. Асуудал нэлээн урагшилсан. Энэ эрчээрээ явбал энэ улирлдаа гэрээ хэлэлцээр эцэслэн, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

Боомтын асуудал эрхэлсэн сайд Б.Тулга:

-Тавантолгой төмөр замын шилжүүлэн ачих терминаль 2024 оны наймдугаар сард ашиглалтад орсон. Тэгэхдээ цаашаа Хятадын талтай холбогдоогүй төмөр зам байгаа учраас энэ төмөр зам дээр дахин шилжүүлж ачаад цаашаа гарахад зардлын хувьд яалт ч үгүй өндөр байгаа. Тийм учраас энэ проблем шинээр гарч байгаа.

Одоо мөрдөгдөж байгаа түр журмыг шинэчилнэ. Нэгэнт баригдсан төмөр замыг дэмжих чиглэлийн бодлогыг оруулж, тооцож явна.

Төмөр замаар тээвэр хийж байгаа аж ахуй нэгжээс хүсэлт ирж байгаа. Энийг шүийдэх ёстой. Яригдаж байгаа төмөр замын холболт бүрэн хийгдвэл цаашаа дахин шилжүүлэн ачихгүйгээр явах бололцоо бүрдэх юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

 

18 : 08
2024-10-25

Б.Пүрэвдорж: Боомтод ачаалал үүссэнээр ачаа тээвэр 2 сая төгрөгөөр өслөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын мэдээллийн цагаар үргэлжилж, Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов. Мэдээллийг Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр хийсэн юм. 

Засгийн газар Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд дөрвөн чиглэлийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлжээ. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалт болон БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудад өргөтгөл шинэчлэл, барилга угсралтын ажлыг хийж, ашиглалтад оруулсан аж.

Замын-Үүд боомтын зорчигч тээврийн цогцолбор дахь импортын тээврийн хэрэгслийн 8 гарцыг 20, экспортын 4 гарцыг 24 болгож нэмэгдүүлсэн.

Мөн инженерийн дэд бүтцийн иж бүрэн шугам, нэгдсэн удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд, өндөр хүчин чадлын авторентген болон хилийн хяналтын бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар зорчигч болон тээврийн хэрэгсэл түргэн шуурхай нэвтэрч, иргэд ая тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрджээ.

Замын-Үүд дэх ачаа тээврийн шинэ цогцолбор дахь импортын тээврийн хэрэгслийн 3 гарцыг 22, экспортын 2 гарцыг 5 болж нэмэгдүүлэн, 28 барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн иж бүрэн шугам, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, зам талбайн гэрэлтүүлэг, холбоо дохиолол камержуулалт, хашаа хамгаалалтын хэрэгсэл зэрэг ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулсан байна. 

Гашуунсухайт боомтын барилга байгууламж, зам талбайг өргөтгөн шинэчилж, зорчигч болон ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх импортын 1 гарцыг 3, экспортын 1 гарцыг 3 болгон нэмэгдүүлж, нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын 6 гарцтай байсныг 10 гарцтай болгож олон улсын жишигт нийцсэн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, рентген, ариутгал, эрэлч нохойн байр, лаборатори, холбоо, дохиолол, камержуулалтыг хийснээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдсэн байна.

Мөн Боршоо боомтын иж бүрэн өргөтгөл шинэчлэлээр нийт талбай 3.5 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4,8 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 6.7 дахин нэмэгджээ.

Алтанбулаг боомтод зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м2 ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1,7 км урттай авто зам, 7000 м2 авто зогсоол, 30000 м2 боомтын доторх зам талбай, зорчигч, тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, орчин үеийн технологи бүхий гарцуудыг шинээр ашиглалтад оруулсан байна.

Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажлыг дуусган ашиглалтад оруулсан бол Бичигт боомтын шинэчлэлээр нийт талбай 3 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгдсэн гэлээ.

Азийн хөгжлийн банкны 106.3 сая ам.долларын санхүүжилтээр 2024-2030 онд хэрэгжүүлэх “Хилийн үр ашгийг нэмэгдүүлэх тогтвортой худалдааны төсөл”-ийн хүрээнд Хавирга, Булган, Цагааннуур боомтын өргөтгөл шинэчлэлтийг хийх бэлтгэлийг хангаад байгаа юм байна.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Боомтын хүндрэл ямар байдгийг бүгдээрээ мэднэ. Covid-19-ийн үеэр нэг машин нүүрсийг 120 сая төгрөгөөр 21 км газар зөөж байсан. Замын-Үүд боомт 24 цагийн ажиллагаатай байсан ч аравдугаар сарын 1-7 -ны хооронд Хятадын баяр болж дуусангуут 24 цагийн ажиллагаа нь байхгүй болсон. Монголын талаас  өнөөдрийн байдлаар 1650 машин хил дээр оччихсон дугаарлаж байна.

Аль талаасаа өдөрт 300 машин оруулж байна. Тэр хэрээр тээвэрлэлтийн үнэ өсч байна.  Урьд нь 9000 юаниар Эрээнээс Улаанбаатар руу ачаа тээвэрлэдэг  байсан бол одоо 13 мянган юаньд хүрчихлээ, хоёр сая төгрөгөөр тээврийн зардал нэмэгдлээ.

Хоёрхон өдрийн дотор. Оочер нэмэгдвэл үнэ дахиад өснө. Монголын тэр их хэрэгцээ Замын Үүд гэдэг багахан газраар гарч байгаатай холбоотой. Боомтыг олон болгох, нэвтрэлтийг сайжруулах талд хийж байгаа ажил юу вэ?

Боомтын асуудал эрхэлсэн сайд Б.Тулга:

-Энэ хугацаанд Замын Үүд боомтын шалган нэвтрүүлэх цогцолборыг зорчигч тээвэр болон ачаа тээврийн цогцолборыг сайжруулж шинээр бүтээн байгуулж дууссан. Үүнтэй холбоотойгоор 2023 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн ажлын айлчлалаар Хятадын боомтын удирдлагуудтай ярьж, Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийн талаар ярьсан. 1992 оноос хойш Монгол Улс Хятадын талд Замын-Үүдийн ачаа тээврийн цогцолборыг 24 цагаар ажиллуулах санал тавихад Хятадын тал зөвшөөрдөггүй байсан. Харин дээрх яриа хэлэлцээрийн дүнд өнгөрсөн жил зөвшөөрсөн. Ингэснээр бид анх удаа Замын-Үүдийн ачаа тээврийн цогцолборыг ачаалал багатай үеэр 24 цагаар ажиллуулах туршилт хийж болох юм гэдэг зөвшилд хүрээд анх удаа 14 хоногийн хугацаанд туршилт хийхэд амжилттай болсон.  

Хоёр дахь туршилтыг зургаан сарын хугацаанд буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-н хүртэл ачаалалтай үеэр мөн хийж үзье гэсэн. Туршилт амжилттай болсон.  

Дараачийнхаа Хятадын үндэсний боомтын захиргаатай хийх уулзалт дээр Замын-Үүдийн  боомт 24 цагаар ажиллах нь эдийн засгийн хувьд сайн үр дүн дагуулах учраас улирлын чанартай 24 цаг байх уу, байнгын 24 цаг байх уу гэдэг дээр тодорхой шийдвэр гаргахаар ажиллаж байна.

Хятадын хувьд манайх шиг хуурай 180 орчим боомт байдаг, 14 улстай хиллэдэг. Эднээс ганцхан 24 цагийн ажиллагаатай боомт нь Манжуурын боомт. Замын-Үүд боомт 24 цагийн ажиллагаатай болох юм бол Хятадын хувьд хоёр дахь 24 цагийн ажиллагаатай боомт нь болох юм.

УИХ, Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийн дүнд Замын-Үүд боомтод ажиллаж байгаа албан хаагчдынхаа ажиллах орчныг бүрдүүлж цалинг нь нэмэгдүүлсэн, орон тоог нь нэмсэн. Хятадын тал шийдвэр гаргах тадаа манайхыг бодвол удаан процесстой юм байна лээ. Тэр утгаараа хил гаалийн ажилчдынх нь орон тоо нэмэгдээгүй, тэрнээс болоод Хятадын талд гомдол байгаа.

Замын-Үүд боомт дээр ачаалал их байгаа гэдэгтэй санал нийлж байгаа. Ийм учраас бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулаад баруун бүс, зүүн бүсэд Замын-Үүдтэй дүйцэхүйц хүчин чадалтай боомт байгуулахаар ажиллаж байна. Боомтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан. Хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд өргөн барьж батлуулна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хоёр орны хөршийн удирдлагууд дээгүүрээ яриад байдаг юм. Гэтэл Өвөрмонголчуудаар толгойлуулсан Эрээний мафийнхан Баяннуурын мафийнхан байдаг.  

Тэд монголчуудын ачаан дээр шимэгчилж амьдардаг хэсэг нөхдүүд доогуур нь будилуулдаг.

Баруун аймаг руу хяналт шалгалт нь чангардаг. Яагаад гэвэл Шинжаан Уйгур руу гардаг учраас. Тийм учраас боомтынхоо нэвтрэлтийг чөлөөтэй, олон газраар илүү сайн явуулдаг болж байж өрсөлдөх чадвар бий болгож байж үнэ буурна. Хүнд суртал багасна. Энэ ажил дээр онцгой анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Монгол Улс дэлхийн зах зээлээс, далай тэнгисээс хол, худалдааны хувьд таатай биш нөхцөлтэй. Өөр бодлгоо баримтлахыг шаарддаг. Ажлын үр дүн гарахын тулд хатуу дэд бүтцийн ажлаас гадна зөөлөн дэд бүтцийн бодлого шийдвэр дундын үр дүнгээс үр дүн гарна. Төр засгаас хийж байгаа бодлого дээр хүн хүч нэмчихнэ, цемент арматур цутгачихаар болчих юмшиг явж ирснээс үр дүн нь ямар байгааг харж байна.

Боомтын сэргэлт гэдэгт хууль эрх зүйн хувьд ямар шинэчлэл хийгдсэн бэ. Худалдааг хөнгөвчлөх чиглэлээр юу хийв. Технологи менемэнт агуулсан шийдлүүд хаачив?

Боомтын асуудал эрхэлсэн айд Б.Тулга:

-Хатуу дэд бүтцийг ярихгүй бол болохгүй байгаа.  Сүүлийн 30 жилийн хугацаанд Замын-Үүд, Сүхбаатар, Алтанбулаг боомтоос бусад нь хоцрогдсон. Гашуун сухайт боомт сүүлийн 10-аад жил нэлээн ачаалалтай болж байгаа. Тийм учраас боомтынхоо шалган нэвтрүүлэх цогцолбор дээр ажиллах ажиллах хүчнийхээ орчин нөхцлийг бүрдүүлэх, олон улсын жишиг рүү ойртуулах шаардлага байгаа.

Боомтуудыг холбосон авто зам, төмөр замыг зайлшгүй хийх шаардлагатай.

Менежмэнтийн хувьд зөөлөн дэд бүтцийн хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд боомтын хяналт шалгалтын цэг гэдэг ойлголт нэлээн байгаа.  Сэтгэлгээний хувьд өөрчлөх шаардлага байна. Судалгаа хийлээ, дэлхий дээр амжилттай явж байгаа боомтын загварыг авч үзвэл төр хувийн хэвшлийн хамтарсан, цэвэр хувийн хэвшлийн менементэд тулгуурласан боомт илүү амжилттай богино хугацаанд төлөвлөлт хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа явуулдаг загвар байна.

Боомтын тухай хуулийг шинэчилж оруулж ирэх зорилго нь одоо байгаа боомтуудын удирдлагыг корпораци хэлбэрээр төрийн хяналттай, хувийн хэвшлийн төлөөлөл удирдаж явдаг ийм хэлбэр лүү оруулах бодлогын хуулийн төслийг УИХ-руу оруулахаар зэхэж байна. Энэ загвар Монгол Улсад  байгаа.

Шинэ нисэх буудал агаарын ганц ажиллаж байгаа боомт. Энэ боомтын өргөтгөл шинэчлэлийг Японы компани хариуцаад явж байгаа. Агаарын боомт дээр хэрэгжсэн сайн туршлагыг бусад боомтуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Боомтоор нэвтэрч байгаа худалдааг дэмжиж, хурдан шуурхай болгох зорилгоор технологийн дэвшлийг нэвтрүүлж байна. Шивээ хүрэн, Гашуунсухайт боомт дээр жолоочгүй авто тээврийн терминалыг бүрэн ашиглалтад оруулсан. Энэ жилийн хувьд нийт тээвэрлэж байгаа нүүрсний 3 сая тонн нүүрсийг тээвэрлэсэн. 24 цагийн ажиллагаатай болгох тал дээр Хятадын талтай хэлэлцээрт орж ажиллаж байна. Худалдааг дэмжих үүднээс ачаалал ихтэй боомтуудад рентген суурилуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

 

 

 

15 : 35
2024-10-25

Н.Батсүмбэрэл: Л.Гантөмөр дарга өөр намд орчихсон юм уу, дэгээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдээлэл хийлээ. 

Тэргүүн Шадар сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж Ардчилсан намын бүлэг, ХҮН, Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвслээс мөн мэдээлэл хийв. Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл горимын санал хэлнэ гэж санал гарган, үг хэлээд УИХ-ын даргад загнуулав.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:

-Ардчилсан нам, ХҮН нам хоёр өөрсдийгөө сөрөг хүчин гээд байх юм. Хоёулаа Засгийн газрыг бүрдүүлж байгаа гишүүд мөн биз дээ. Эсвэл Л.Гантөмөр гуай өөр намд орчихсон юм уу. Яагаад өөрөөсөө асуугаад байгаа юм. Би ч гэсэн асуумаар байна ш дээ. Бүгд асууж байгаа юм бол. Б.Батбаатар, А.Ундраа хоёр л асууна биздээ. Нөгөө хоёр нь Засгийн газрын гишүүд ш дээ. Яагаад ийм тэгш бус байгаа юм бэ. Дэг мэгээ өөрчилдөг юм уу. Тэргүүн шадар сайд нь сая илтгэл тавилаа, Ардчилсан нам нь асуулаа, юу болоод байгаа юм. Ичмээр юм. Бид ч гэсэн асуух эрхтэй шүү дээ.  Жинхэнэ жонхуу болж байна ш дээ. Дэгээ өөрчлөх хэрэгтэй.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Юм л болбол УИХ-ын гишүүд өөрсдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлж дэг өөрчилье гэж ярьдагаа хязгаарлах хэрэгтэй. Байгаа дүрэм журам, дэгд зохицуулж  ажиллах ёстой. Өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж, дэг өөрчилье гэж ярьдагаа таслан згсоо. Яг л нөхцөлдөө тааруулаад өөрчилнө өөрчилнө гэж байнга ярьдаг боллоо. Муу дэг бол биш шүү. Ардчилал хөгжсөн, парламент хөгжсөн орнуудад нийцсэн, мөрдөгддөг дэг гэдгийг та бүхэн ойлгоорой.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Ерөнхий сайдыг дуудаж оруулж ирье. Дэгийн тухай хуулиа хэрэгжүүлье.

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж.

-Ерөнхий сайдын нэгдсэн хуралдаанд хийж байгаа мэдээлэл 112 дугаар зүйлд заасан журмын дагуу явагдаж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал сайдаас өнөөдөр /2024.10.25/ албан бичиг ирсэн. Албан бичигт “2024 оны аравдугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийхээр товлогдсон ч Ерөнхий сайд түр эзгүй байгаа тул Засгийн газрын тухай хуулийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Тэргүүн шадар сайд хийнэ” албан бичиг ирүүлсэн. Ерөнхий сайдын түр эзгүйд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд үүрэг гүйцэтгэнэ гэж заасан байгаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Тухайн өдөр Ерөний сайд түр эзгүй байгаа тул мэдээллийг хойшлуулж өгнө үү гэдэг хүсэлт эхэлж гаргасан. Гэтэл хугацаандаа хийгдэх шаардлагатай гэдэг тайлбар байсан тул Засгийн газрын тухай хуулийн 17.2-ийг бариад  Эдийн засаг хөгжлийн сайд мэдээллийг хийсэн.

 

12 : 04
2024-10-25

Т.Доржханд: УИХ дээр л шийднэ, Засгийн газарт итгэхгүй гэдэг чинь муйхарлал

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дагалдах төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбоотой хэлэлцүүлэг хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Бүх л үйлдвэрүүд импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө чармайж байгаа.  Монгол Улс бүхэлдээ бүс. Гэтэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа компани яах юм. Татварын хөнгөлөлтөд хамрагдах аж ахуй нэгжийн жагсаалтыг Засгийн газар гаргана гэхээр итгэхгүй болоод байна. Өмнөх туршлагаа харахад ямар компанид хөнгөлөлт эдлүүлдэг нь тодорхойгүй явдаг.

Засгийн газрын сайд нартай ойр дотно, намын шугамаар харилцаа холбоотой компани нь холбгдоод хөнгөлөлт ямбыг нь эдлээд явдаг.

Хэн ч ярьдаггүй, хяналт шалгалт хийлгүй өнөөдрийг хүрсэн. Шударга байх гэдэг зарчмбг хангахгүй болчих вий гэж айгаад байна. Хувийн хэвшлээ дэмжинэ гэдэг утгаар Аж ахуй нэгжийн татварыг хөнгөлнө гэдэгтэй санал нийлж байгаа. Хяналт тэнцэл гэдгээрээ УИХ Үндсэн хуулийнхаа дагуу бодлого тодорхойлоод, ямар компанийг хамруулах юм, хяналтаа тавиад явах ёстой. Хуулийн төслийг хэлэлцээд хэрэггүй гэдэг байр суурьтай байна,

Сангийн сайд Б.Жавхлан:

УИХ-ын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тогтоол 2024-2028 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүсчилсэн хөгжилд маш ойлгомжтойгоор газар зүйн байрлалаар тодорхой заасан. Тэргүүлэх чиглэлийг ч маш тодорхой заасан. Шинээр зохиох боломжгүй, тэгэх ч шаардлага байхгүй. Бодлого эндээ тодорхойлоод гаалийн байцаагч татвараа тогтоодгоороо тогтоогоод хяналтын пункц ажилладгаараа ажиллаад явна.

Шадар сайд Т.Доржханд:

-Үл ойлголцлоо нэг тийш нь болгох нь зүйтэй гэж бодож байна. Хувийн сектороо дэмжинэ гэж бүгдээрээ ярьдаг. Хувийн сектороо дэмжих санхүүгийн үндсэн хоёр арга байгаа. Нэг бол хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл өгнө, үгүй бол татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Бүгдээрээ хувийн сектороо дэмжинэ дэмжинэ гэж лоозогнодог хэрнээ оруулаад ирэхээр хуулийн зөрчил үүсэх юм байна, Засгийн газарт итгэхгүй байна, болъё гэж болохгүй.

Яагаад гэвэл энэ бол гурван намын хамтарсан Засгийн газар. Хамтарсан Засгийн газар бүх юмаа ил тод нээлттэй яриад явж байгаа. Дотроо бас хяналттай. Бүх юмыг парламент дээрээ шийдвэрлэнэ, Засгийн газар тэндээ шийдэж болохгүй гэвэл маш том муйхарлал шүү. Яах гэж хамтарсан Засгийн газар байгуулсан юм. Үр дүн нь бол бизнесээ дэмжье, хувийн хэвшлээ дэмжье, татварын зөв бодлого хэрэгжүүлье л гэсэн.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Хөшигийн хөндий рүү Механик инженерийн сургуулийг шилжүүлэх асуудал яригдаж байна. Энэ ажил ямар шатанд явна вэ?

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Хөшигийн хөндийд их сургуулийн хотхон байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 500 га газар Боловсролын яамны нэр дээр авсан. Олон улсын инженерийн сургууль байгуулна. БНХАУ-тай хамтраад ШУТИС -ийн харьяа Механик инженерийн сургуулийг шилжүүлэх юм.

Тэнд шинээр төлөвлөлт хийх, ТЭЗҮ боловсруулах 800 саяын төсөв ирэх оны төсөвт суусан.

Хотхоныг кампус хэлбэрээр хөгжүүлнэ. Хөшигийн хөндийн захиргаатай ярилцаад явж байна.

Улмаар дээрх хуулийн төслүүдээр санал хураалгахад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Засгийн газарт чиглэл өгөх тухай төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Түүнчлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэнийг гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Ингэснээр дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан, хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр хандсан бол УИХ яаралтай горимоор хэлэлцэхээр заасан байна.

Иймд дээрх хуулийн заалтыг үндэслэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад гишүүдийн 65 нь буюу 61 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Монгол Улс Франц улсын “Орано майнинг” компанитай хийх Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ нь уран олборлох тухай гэрээ юм.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

11 : 10
2024-10-25

Б.Жавхлан: Баялгийн сангаа валютаар байршуул гэж битгий шахаарай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дагалдах төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбоотой хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

УИХ-аар дээрх төслүүдийг хэлэлцэх үеэр гишүүд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд түлхүү ач холбогдол өгөн, асуулт тавьж хариулт авч буй. Төсөлд салбар харгалзахгүй боловсруулах шатны үйлдвэрийн технологийн тоног, төхөөрөмжийг гаалийн албан татвараас бүрэн чөлөөлөх, мөн бүсчилсэн хөгжлийн ялгаатай татвар тогтоохоор тусгасан аж.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Төсвийн тухай хуулийг дагаж Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулъя гээд УИХ-д оруулж ирсэн. Гэтэл Төсвийн байнгын хороо өчигдөр дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжихгүй гээд унагасан байна. Эргэлзээ төрж байна.

Манай улс бүсчилсэн хөгжлийн реформ хийнэ гээд зургаан бүсээ тэргүүлэх чиглэл болгон зарласан. Эрчимжсэн мал аж ахуй, соёлын өв дагасан олон улсын аялал жуулчлалын бүс гэх мэт экспортыг дэмжих,  гаднаас жуулчид оруулж, валют олж төгрөгийн ханшийг чангаруулах ёстой гээд үйлдвэрлэлд зориулсан бүхий л татварыг Гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.

Шинэ хоршоо хөдөлгөөнөөр хөнгөлөлттэй зээл олгож байгаа.  Үйлдвэрийн тоног төөхөрөмж худалдан авах юм бол малчид давхар орлоготой болоод нийгэм эдийн засгийн хувьд сайжирна. Тийм учраас Байнгын хороогоор дэмжигдээгүй саналыг дэмжээд  үйлдвэрлэгч Монголыг бий болгох шийдвэр гаргаж өгөөч гэсэн саналтай байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Байнгын хороогоор өчигдөр хоёр Татварын тухай хуулийг хэлэлцэхэд гишүүд дэмжээгүй нь буруу ойлголт гарсан. Уг нь бол боловсруулах үйлдвэрлэлд чиглэсэн үндсэн хөрөнгийн зориулалттай тоног төхөөрмжийг татвараас чөлөөлье гэдэг асуудал юм. Боловсруулах үйлдвэртэй байя гэвэл УИХ тэгж л шийддэг. УИХ- ын үндсэн эрхэд халдаж байгаа юм байхгүй. Тийм төхөөрөмж байна, ийм төхөөрөмж байна гэдэг зүйлийг УИХ яриад байвал утгагүй юм болно. УИХ -ын түүхэндээ ийм зориулалтын тоног төхөөрөмжийг чөлөөл гээд баталдаг. Гишүүд жагсаалтыг баталъя гээд байгаа тул хуулиуд хэлэлцэгдсэний дараа Аж ахуй нэгжийн орлогын албан татвараас чөлөөлж байгаа, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн гэдэг их ерөнхий байгаа. Энийг  эргэж авч үзээд, нарийвчилж өгөөд жагсаалтыг нь УИХ баталдаг болъё. Манай шинэ гишүүд зав ихтэй байгаа, УИХ баталдаг болъё гээд байгаа юм шиг байна лээ. Уг нь жагсаалтыг нь Засгийн газар хийгээд батлаад явдаг байсан. Тийм учраас хэлэлцэх эсэхийг нь дэмжээд, УИХ дээрээ татаад авъя. УИХ үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагааг дэмждэг байх ёстой. Халамж дэмждэг байж болохгүй ээ, Монголын төр.

Улс төрийн санал авахыг нь бодоод халамжийг дэмжээд байдаг юм уу, үйлдвэрлэл гэхээр татгалзаад байдаг УИХ байж болохгүй.

Үйлдвэрлэлийг дэмжих юм хийж өгөхгүй бол болохгүй. Манай үйлдвэрлэгчид Хятадын зах зээлтэй өрсөлдөж чадахгүй. Бид нар импортын татвараар хамгаалах ёстой. Татварын асуудал дээр хэдүүлээ анхааралтай хандахгүй бол буруу зөрүү ойлголт явчих шиг болно лээ.

УИХ жагсаалт батална гэдэг бол аж ахуй нэгжүүд дээр хүнд суртал нэмэгдэнэ, УИХ-аас шийдвэр гарах гэдэг шат дамжлага нэмэгдэнэ гэдгийг ойлгоорой. Татварын асуудлыг бизнес эрхлэгч нартаа шийдэж өгөх нь зөв.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Баялгийн сан дээр байгаа 6 орчим их наяд төгрөг өнөөдөр Төрийн сан дээр буюу Монголбанкинд ямар ч өгөөжгүй байж байна. 50 орчим тэрбум төгрөгийн өгөөж орж ирсэн, хуульд өөрчлөлт оруулж байж бүртгэх тухай асуудал ярих юм байна гэж ойлгогдсон. Цаашдаа Сангийн яам өөрөө гадаадад байдаг юм уу валютаар байршуулж байж Эрсдлийн сан болгохгүй бол Монголдоо байж байгаа нь сангийнхаа утга учрыг алдагдуулаад валютаар байж байгаа нь эрсдэлд оруулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Баялгийн сан цаашид улам арвижна. Хоёрхон жилийн дотор гэхэд чамгүй хуримтлал бий боллоо. Тийм учраас Баялгийн сангийн хуримтлалыг найдвартай, хөрвөх чадвартай, өсч, баяжиж байдаг хэлбэрээр хадгалах нь чухал.

Тэгэхдээ бидэнд гашуун түүх бий. Олон сангуудаа өндөр өгөөжтэй байлга гэж айлгасаар туусаар байгаад хамгийн өндөр хүү амласан банкинд хууртаж, хадгалуулаад алддаг.

Олон улсын стандарт барьдаг. Төрийн сангийн чөлөөт үлдэгдлийг нэгдүгээрт найдвартай байлгах ёстой, хоёрдугаарт хөрвөх чадвартай болгох ёстой. Энэ хоёр нөхцөл бүрдсэний дараа өгөөж хайж болно. Энэ зарчмаараа Баялгийн сангууд маань одооогоор төв банкинд байгаа. Валютаар хадгална гэдэг хоёр талтай шүү. Үндэсний мөнгөн тэмдэгтдээ итгэхгүй валют руу шилжүүлээд байх юм бол нийгэм тэр чигээрээ энийг дагаад явна. Ийм хөрвүүлэлтийг бид өөрсдөө дийлэхгүй. Эдийн засгаа тогтвортой байлгах, үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг нь нэмэгдүүлэх найдвартай байлгахад бодлого явуулах ёстой. Валютаар байршуул, доллар болго гэж битгий шахаарай.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Санал гаргасан хүн нь би. Яагаад ийм санал гаргасан гэхээр цар тахлын үед УИХ бүхий л эрхээ Засгийн газарт шилжүүлсэн. Ингэснээр Засгийн газар давхар хууль тогтоогчийн ажил гүйцэтгэж байсан. Хоёр жил ингээд сурчихсан чинь сайд нь ч яам, агентлаг нь ч, төрийн албан хаагчид түүндээ дадчихсан, тэр дотуур нь хулгай хийчихсэн. Ердийн хуулийн хана хэрэм дотор ороод ирэнгүүт байж чадахаа больсон. 2023, 2024 онд анзаарагдаж байсан, тэр нь одоо ч анзаарагдаж байна. Бүгд л улс оноо хөгжүүлье гэсэн сайхан сэтгэлтэй.

Сайхан сэтгэлийг ашиглаад хуулийн хулгай хийгээд байгаа нь асуудал.

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд Бүсчилсэн хөгжлийн үзэл бримтлалд нийцсэн импортыг орлох экспортыг дэмжсэн татварын 90 хувийг Засгийн газраас жагсаалт гаргаж байгаад чөлөөлнө гээд байгаа. Сангийн сайд барилгын материал орохгүй гэж хэлээд байгаа. Хуульд энэ нь байхгүй, Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Энэ нь орно, энэ нь орохгүй гэдгээ яръя” гээд байгаа.

Энэ байдлаар хуулийг баталбал нэгдүгээрт хэний юуг чөлөөлөхийг Сангийн сайдын дур зоргоос хамаарч шийдэх гээд байгаа. Хоёрдугаарт энийг Засгийн газар шийднэ гэдэг нь Үндсэн хууль зөрчөөд байгаа.

Татвар чөлөөлөх эрх УИХ -ын онцгой бүрэн эрх. Хэнтэй ч хуваалцдаггүй бүрэн эрх. Бүсчилсэн хөгжлийг дэжих гоё нэрийн дор юуг чөлөөлөх юм, хэнийг чөлөөлөх юм, хэдэн их наядыг чөлөөлөх юм бүү мэд, харанхуй. Гаалийн албан татвар мөн ялгаагүй. Боловсруулах үйлдвэр гэдэг нь юу юм. Тарагны үйлдвэр юм уу, нефть орох юм уу, үгүй юм уу. Барилгын материал орох уу. Энд юу орохыг Сангийн сайд юм уу, гаалийн нэг байцаагч мэдэх гээд байна. Тэгэхээр энэ чинь авлига болно. Энэний цаана хэдэн зуун тэрбум яригдана.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Татварын хувиа хөнгөлж чөлөөлж байгаа эрх нь УИХ дээр хадгалагдана. Өмнө нь нефть бүтээгдэхүүн дээр УИХ- ын эрхийг Засгийн газарт шилжүүлсэн. Тухай бүрт нь тэглэх эсэхийг шийднэ гэсэн. Тэрийг хольж болохгүй. Энэ удаад бол хувиа УИХ тогтоож байгаа. Б.Энхбаярын хэлээд байгаа үнэн, ямар салбарт байх юм, ямар салбарт тэргүүлэх ач холбогдол өгөх юм, ямар салбарыг дэмжих юм бэ гэдгээ УИХ шийдэж өгч байж тухайн салбарын экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих ёстой. Энэн дээр татгалзаж болохгүй, бизнес эрхлэгчиддээ шийдэж өгөх ёстой. Тэргүүлэх чиглэлээрээ аль бүсэд дэмжлэг үзүүлэх юм бэ гэдгээ зааж өгөх ёстой. Жишээлбэл, Хангайн бүс хөдөө аж ахуйн экспортыг дэмжих бол дотроо арьс шир байх юм уу, энийг УИХ зааж өгөх ёстой.

Боловсруулах үйлдвэр дээр ч ялгаагүй. Валютын нөөцөө алдаад байгаа юман дээрээ татварын бодлогоор зохицуулалт хийх ёстой.

Тиймээс гишүүд ялгаж салгаж ойлгоод,  айхтар үгээр айлгах бус ухаалаг хандаад явах ёстой.  Энэ алхам зөв үү, зөв ерөнхий байж болохгүй.  Тийм учраас УИХ аль чиглэлийн ямар салбарын бүтээгдэхүүнд тэргүүлэх ач холбогдол өгөх вэ гэдгээ  хэлэлцүүлгийн шатанд шийдэх ёстой.Тэгж байж энэ хууль гарна.

Сангийн сайд Б.Жавхлан:

Үндсэн хуулиар бол УИХ бодлогоо гаргаад Засгийн газар хэрэгжүүлээд хариуцлагаа хүлээдэг. Энэ зарчмаар 34 жил татварын бодлого явж ирсэн.

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хэлэхэд, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг  УИХ өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоолоор баталсан. Мөн бид Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг Засгийн гзрын мөрийн хөтөлбөрөөр баталсан. Аль газарт ямар байдлаар үйлдвэрлэлийг салбарлуулж хөгжих юм бэ гэдгээ тодорхойлсон. Цаашдаа ч мөн Засгийн газарт  өгсөн чиглэлийн дагуу энийгээ хариуцсан яам, шадар сайд томилогдоод, УИХ- ын оролцоотойгоор бүсийн схемээ гаргаж ирээд салбар, салбараар нь боловсруулах үйлдвэрийн асуудлаа оруулж ирээд шийдээд явж байна.

 

10 : 05
2024-10-25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.25/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.

Үүнд, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нэр бүхий таван төслүүд багтаж байна. 

Дээрх хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ. 

Хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, төсөв хооронд үе шаттай, оновчтой зохицуулалт хийх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олон нийтийн болон хараат бус, хөндлөнгийн хяналтыг өргөжүүлж, сахилга бат, хариуцлагыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн, боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслийг дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна. 

Мөн Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эрэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газарт чиглэл өгөх тухай, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, байгаль, цаг уурын болон бусад болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн юм байна.

Хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар бүсчилсэн хөгжлийг дэмжиж, хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөгжлийг хурдасгах хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. 

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр энэхүү хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Ингэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. 

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-25 139.5.216.147

Нүүрсний төмөр замыг гацаасан Женко-доо баяр хүргэцгээ дээ!!!

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.177.127

Сая хятадын гаальтай уулзалт хийгээд тэдний болохгүй байгааг хэлсэн ч гаалийн баагий харин хятадуудаас гөлөг болоод шаадгийн…чи яаж байгаан гэсэн ч эд нар улам чангална гэнүү..с** юмаа

Avatar

Нэргүй 2024-10-25 103.168.34.49

Oyu tolgon zes, alt unet metalluud hil deer hed honoj baih yum?

Avatar

Нэргүй 2024-10-25 124.158.104.146

Жонхуучууд нүүрсний төмөр замын царигийг зөрүүлж тавьсанаас Монгол улс асар их хохирлыг амсаж байна. Энэ бол Монгол Төрийн агуу тэнэглэл. Дэлхийн элэг доог болж байна. Нүүрсний төмөр замаа яагаад өргөнөөр тавьсанаа Төр засаг ард түмэндээ тайлбарлах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-25 202.126.90.166

Цахилгааны хомсдолтой Монгол улсад шөнөжин асдаг сурталчилгааны гэрэлтүүлгүүд хэрэггүй. Өвлийн цагт хэмнэлтийн горимд шилжээч ээ!

Avatar

Нэргүй 2024-10-25 66.181.191.210

Төмөр замыг холбохгүй байх сонирхол хятадуудад байдаг юм шүү дээ, манай нүүрсний тээвэр хятадын ачааны машины үйлдвэрлэл, дугуйн худалдаа, шатах тослох материал, дизелийн түлш гэх мэтийг тэжээн тэтгэж асар их мөнгийг тэдэнд төлж байдаг юм шүү дээ, хятадууд юу гэж бэлэн орлогоосоо татгалзах вэ дээ, бид л хөөрхий юм даа, арчаагүй дорой.

Avatar

Нэргүй 2024-10-25 59.153.114.117

попуудын цуглаан

Avatar

Нэргүй 2024-10-25 103.57.95.9

Хулгайлагдсан нүүрсний үнийг хулгайчдаас аваад сандаа оруулчихвал болох юм биш үү. Тэгээд төр мөр хувь мувь гэснээс баялгийн сангийн татвар гээд тогтоочихвол амар биш үү.

Avatar

Нэргүй 2024-10-25 27.123.212.86

УИХ бодлого, хуулиа маш сайн гаргаад хэрэгжилт дээр нь хяналтаа сайн тавиад явах ёстой юм биш үү?

Avatar

Нэргүй 2024-10-25 43.242.242.59

Жаргалан өөрийгөө юу гээд бодчихсон юм бэ. аав нь УИХ-д согтуу орж ирээд яриад байдаг байсан бол охин нь хаа хамаагүй юмыг дураараа бурж болохгүй. засгийн газрын хийх ажлыг УИХ хийнэ гэж байхгүй. УИХ бол хууль тогтоох дээд байгуууллага юм. Хамаа намаагүй ярихаар чамайг мундаг мэдлэгтэй юм байна гэж хэн ч бодохгүй.

Avatar

Нэргүй 2024-10-25 124.158.104.152

Хамтарсан ЗГ шийдээд яваг л дээ. УИХ Наараачууд та нар юугаа мэднээ.

Avatar

Зочиг 2024-10-25 202.126.89.224

Новшийн солийсон Жавхлан дандаа худлаа хуцна Хулгайлсан мөнгөө буцааж хийгээрэй чи

Avatar

зочин 2024-10-25 124.158.109.196

баялагийн сангийн хуримтлалыг үнэгүйдүүлэхгүй ард түмнийг хохироохгүйн тулд алтаар байршуул

Avatar

Нэргүй 2024-10-25 202.9.46.209

Баялгийн сангаа валютаар байршуул гэж битгий шахаарай….доллар навс унаж цаас болох цаг ойртож байгааг өчигдөрийн БРИКС- н уулзалт харууллаа………………

Avatar

Нэргүй 2024-10-25 210.148.94.144

хаха 70иад суртал ухаалгаасаа салаач ээ

Avatar

Нэргүй 2024-10-25 103.168.34.49

erguu teneg. bodit bolj gaa uil yavdliig harah chadvargui salgalsan arhichin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж