ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэ оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчилсан. Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалыг биелүүлж Путиныг баривчлаагүй тул Гаагийн шүүхээс дүгнэлт гаргахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн Пүрэв гаригт энэ асуудлаар мэдэгдэл хийв.
Шүүхийн мэдэгдэлд "Оролцогч улсууд болон хувь хүмүүс албан тушаал, харьяалал харгалзахгүйгээр Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалын дагуу хүмүүсийг баривчлах, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Монгол Улс Шүүхтэй хамтран ажиллахгүй байгаа ноцтой байдлыг харгалзан үзэж, энэ асуудлыг оролцогч орнуудын Ассамблейд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн” гэжээ.
Оролцогч орнуудын Ассамблей ирэх арванхоёрдугаар сард Гааг хотноо хуралдах юм.
Дашрамд дурдахад, Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард Путиныг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан. Уг тушаалын дагуу шүүхийн гишүүн 124 улс Путиныг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд баривчлах ёстой. Монгол Улс Ромын дүрэмд нэгдэн орсон улсын хувьд Путиныг хүрэлцэн ирэхэд нь баривчлах үүрэг хүлээсэн. Хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүх дүгнэлт гаргаж, оролцогч улсуудын Ассамблейд мэдээлж болно. Дараа нь Ассамблей зохих арга хэмжээг авдаг.
3,569.17















































