Оюутны ДАШТ Спортын ордонд болно

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Оюутны ДАШТ Спортын ордонд болно

Олон улсын оюутны спортын холбоо, Монгол Улсын Засгийн газраас нийслэл
Улаанбаатар хотноо ирэх аравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд дэлхийн оюутны
аварга шалгаруулах боксын IV тэмцээнийг зохион байгуулахаар болсон
билээ.

Монгол улсын Ерөнхий сайдын 2007 оны 58 тоот захирамжаар батлагдсан Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээний Зохион байгуулах хорооны хурал Эрүүл мэндийн яамны Сайдын зөвлөлийн танхимд өнгөрсөн долоо хоногт боллоо. Хурлыг Зохион байгуулах хорооны дарга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа удирдан, ЗБХорооны орлогч дарга, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр болон хорооны  гишүүд,  ЭМЯам, БТСГазар, Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны удирдлагууд болон Гавьяат дасгалжуулагч Д.Банди нар оролцлоо.

Хурлаар тэмцээний бэлтгэл ажлын тухай мэдээлэлийг тавьсан ба Спортын шинэ ордоны асуудал, телевизийн шууд дамжуулах эрх олгох, ивээн тэтгэгчийг сонгон шалгаруулах, хөрөнгө мөнгө хуримтлуулах үйл ажиллагаа, тэднийг сурталчилах, шагнах журам, Монголын баг тамирчидын бэлтгэл сургалтын үйл явцын байдал ба тус тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах талаар ЗБХ-ны гишүүн Ч.Наранбаатар, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, ЗБХ-ны нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Гавьяат дасгалжуулагч Д.Банди, ҮШБ-ийн дасгалжуулагч Д.Батсүрэн, Спортын шинэ Ордоны Ашиглалтын өмнөх захиргааны дарга С.Батсүх нарын зэрэг албаны хүмүүс мэдээллийг тавьсан байна.

Тэмцээний бэлтгэл ажил одоогоор 90% явж байгаа ба Үндэсний ЗБХорооны ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор НЗДТГазар, БТСГазар, Монголын оюутны спортын холбоо, Монголын олимпийн боксын холбооны дэргэд тус бүртээ ажлын хэсгүүд байгуулагдан   бэлтгэл ажлыг хангаж байна.

Монголын баг тамирчид Эрдэнэт хотод 45 хоногийн бэлтгэл хийгээд ирсэн бөгөөд удахгүй Хөх хотод 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр явна. ОХУ-ын 16 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид 9 сарын 27нд хамгийн түрүүнд ирж хатарсан бэлтгэл хийх саналтай байгаагаа мэдэгдлээ. Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээн болон бусад тэмцээнүүдэд рейтингээрээ эхэнд байгаа тамирчид дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно. МУИС-ийн оюутан Олимпийн аварга Э.Бадарууган бэртэлтэй байгаад сая эмчлүүлээд ирсэн бол У.Мөн-Эрдэнэ мөн гэмтэлтэйн улмаас Эрдэнэт хотод болсон суурь бэлтгэлд ороогүй байна. Цагдаагийн академийн оюутнууд дэлхийн аварга П.Сэрдамба, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт нар болон ОУХМ Э. Идэрхүү, Б. Жавхлан, З.Энхзориг, Т.Чулуунтөмөр нарын олон тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж байна. Түүнчлэн сүүлийн үед амжилт нь эрс өсч буй залуу тамирчид манай багийн бүрэлдэхүүнд багтана.

Оюутны дэлхийн аваргын тэмцээнийг Буянт-Ухаа дахь Спортын шинэ Ордонд хийхээр төлөвлөж байсан ч Хятадын засгийн газраас хүлээн аваагүй, хүлээн авах хугацаа тодорхойгүй учраас тэмцээний бэлтгэл ажил хангагдах хугацаа байхгүй, гаднах талбайн тохижилт хийгдээгүй, дотор талын тавилга, тоног төхөөрөмж авах төсөв хөрөнгө шийдэгдээгүй зэрэг шалтгаанаар Спортын төв Ордонд хийхээр ЗБХ-ны хурлаар шийдвэрлэлээ.

ЗБХ-ны хуралдаанаар ивээн тэтгэгчидийг сонгон шалгаруулах, сурталчилах, шагнах урамшуулах тухай журмыг баталлаа. 1-5 сая төгрөг хүртэл мөнгөн болон эд материал, үйлчилгээний  хөрөнгө оруулж дэмжлэг үзүүлсэн байгууллагыг тэмцээний ивээн тэтгэгч болон хамтран ажилласан байгууллагаар, 5-14 сая  төгрөг хүртэлхэд тэмцээний албан ёсны ивээн тэтгэгч, 15 саяаас дээш төгрөгөөр ивээн тэтгэвэл тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр өргөмжлөн шагнаж урамшуулахаас гадна бүх л төрлийн реклам, хэвлэлтийн материал зэргээрээ сурталчилна. Одоогоор ЗБХ-той “Голомт” банк, “Сод пресс” хэвлэлийн газрууд хамтран ажиллаж байна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр “Өдрийн сонин” ажиллаж байна.

Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээнийг эх орон даяар шууд дамжуулах эрхийг МҮОНРТ, TV9 телевизүүд албан ёсоор авсан бөгөөд бусад телевизийн тухайд сурвалжлах, мэдээлэл авах бүрэн боломжтой. Гэхдээ ЗБХ-той хамтран ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчидэд сурвалжлах эрхийн мандат олгох ба мандатгүй сэтгүүлчид хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулан мэдээллээ авах ажээ.

ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж