Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум Мягмар гаригт хөдөө аж ахуйн шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа. Тус төлөвлөгөө нь Мексикийн хүнс үйлдвэрлэл, түгээлтийн салбарыг 1980-аад онд эргүүлэн аваачих юм. Тухайн үеийн мексикчүүдийн гол хоол хүнс нь тортилла, шош, найруулдаг кофе, хямд үнэтэй халуун шоколад байв. Эдгээр хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг засгийн газрын харьяа дэлгүүр хоршооноос л авах боломжтой байжээ. Мөн цөөн төрлийн үндсэн хүнс л агуулахад хадгалагддаг байв.
Тэгвэл 40 гаруй жилийн өмнөх хязгаарлагдмал нөөцтэй төрийн харьяаллын дэлгүүрүүдийг эргэн сэргээж, хүнсний тусгаар тогтнолд хүрнэ гэж Клаудиа Шейнбаум мэдэгдлээ. Ингэхдээ шош болон эрдэнэшишийн үйлдвэрлэлд голчлон анхаарах юм. Импортын шошийг орлуулахын тулд ирэх зургаан жилд үйлдвэрлэлийг 30 хувиар өсгөнө. Мөн өндөр ашиг шимт буурцагны үр нийлүүлэх судалгааны төвүүдийг байгуулна.
Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум "Иддэг зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэнэ гэсэн үг. Нэг уут төмсний чипс идсэнээс шоштой тако идсэн нь дээр" гэжээ.
"Тортилла хийхэд ашигладаг эрдэнэшишийг тарьж ургуулж буй тариаланчдын төлөө бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад анхаарлаа хандуулж ажиллана" гэдгийг тус улсын Хөдөө аж ахуйн яамны нарийн бичиг Хулио Бердегуэ хэлэв.
Мексик айл өрхүүдийн 84 хувь нь найруулдаг кофе хэрэглэдэг. Тиймээс кофены үйлдвэрлэлд ч мөн төвлөрөх ажээ. Цаашилбал, какаоны үйлдвэрлэлийг дэмжиж ажиллахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ бодлого зах зээлийн чиг хандлагатай зөрчилдөж буйг ажиглагчид хэлж байна. Мексикчүүд сүүлийн үед найруулдаг бус үрийн кофе хэрэглэх сонирхолтой болсны зэрэгцээ орчин үеийн хэв маягтай хүнсний дэлгүүрээр үйлчлүүлдэг болжээ.
Нэргүй 2024-10-23 66.181.188.218
байдаг л нэг посткоммунист ажээ.