Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр өнөөдөр /2024.10.23/ тохиож байна. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг ийнхүү "Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр" гэж тэмдэглэдэг байна. Улмаар бурхны шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтсон ажээ.
Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн Олон нийт хариуцсан албаны ажилтан Ц.Пүрэвжав тайлбарлахдаа, Энэ өдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан. Өөрөөр хэлбэл, бурхан багш энэ өдөр эхдээ бурхны ном зааж эхийгээ гэгээрүүлсэн гэж үздэг.
Тиймээс сүсэгтэн олон бурхан багшийн дүйчин өдрөөр эхийнхээ ачийг санаж, муу үйлийг тэвчиж, буян хийх хэрэгтэй. Хамгийн энгийн эцэг, эхдээ "баярлалаа" гэдэг үгийг хэлэх хэрэгтэй.
Гандантэгчинлэн хийдийн зүгээс уг өдрийг тохиолдуулан Тэргүүн хамба лам нар сүсэгтэн олонд зориулж номын айлдвар буюу тэгчэн сожон айлдаж байна. Энэхүү ном нь нүгэл хилэнцийг арилган, буян хураахын хамгийн хялбар арга бөгөөд нэг өдрийн тэтгэн ариусахуйн сахил авах ёс гэж бурхны шашинд үздэг" гэлээ.
Сожон сахил гэдэг нь буянаа сэргээх гэсэн утгатай түвд үг аж. Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдээсэн байдаг ажээ.
Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг байна.
Холбоотой мэдээ