Дэлхийн хамгийн баян хоёр хүн Энэтхэгийн хиймэл дагуулын интернетийн зах зээлийн төлөө өрсөлдөж байна. Энэтхэгийн засгийн газар өнгөрсөн долоо хоногт хиймэл дагуулын спектрийг дуудлага худалдаагаар бус захиргааны журмаар хуваарилна гэж зарласны дараа Элон Маск, Мукеш Амбани нарын тэмцэл улам ширүүсэв. Элон Маск өмнө нь Амбанигийн танилцуулсан дуудлага худалдааны загварыг шүүмжилж байсан удаатай.
Хиймэл дагуулын өргөн зурвасын сүлжээ нь тухайн хиймэл дагуулын хамрах хүрээний хаана ч байсан интернетэд нэвтрэх боломжийг олгодог. Ингэснээр уламжлалт үйлчилгээг ашиглах боломжгүй алслагдсан бүс нутаг сонголттой болох юм.
"ICRA" зээлийн үнэлгээний агентлагийн мэдээлснээр Энэтхэгт хиймэл дагуулын интернет хэрэглэгчдийн тоо 2025 он гэхэд хоёр саяд хүрэх төлөвтэй байгаа аж.
Мукеш Амбани агаарын долгионы дуудлага худалдаанд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Түүний удирддаг "Reliance Jio" компани өдгөө Люксембургт төвтэй "SES Astra" хиймэл дагуулын тэргүүлэгч оператортой хамтран ажиллаж байна. Элон Маскийн "Starlink" нь дэлхийн гадаргуугаас 160-1000 км-ийн зайд байрладаг нам тойрог замын хиймэл дагуулуудыг ашигладаг. Харин "SES" нь илүү өндөрт дэлхийн дунд тойрог замын хиймэл дагуулуудыг ажиллуулдаг.
"Starlink" нь тойрог замд 6419 хиймэл дагуултай бөгөөд дэлхийн 100 оронд дөрвөн сая захиалагчтай. Элон Маск Энэтхэгт үйлчилгээгээ нэвтрүүлэхээр 2021 оноос хойш хөөцөлдөж байгаа ч зохицуулалтын саад бэрхшээл учраад буй. Хэрвээ "Starlink" Энэтхэгт нэвтэрвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах ерөнхий сайд Нарендра Модигийн хүчин чармайлтыг эрчимжүүлнэ. Нөгөөтэйгүүр, түүний Мукеш Амбани зэрэг энэтхэг бизнес эрхлэгчдээ дэмждэг гэсэн дүр төрхтэй нь зөрчилдөх юм.
Холбоотой мэдээ