Залхуу француудаас сурах зүйл их бий

Залхуу француудаас сурах зүйл их бий

Залхуу француудаас сурах зүйл их бий

Францын хөдөлмөрийн соёл ихэнх улс орноос ялгаатай. Яагаад гэвэл тэд дэлхийн дунджаас эрт тэтгэвэртээ гарч, цайны цагтаа 120 минут хүртэлх хугацааг зарцуулдаг. Мөн удирдах ажилтан ажлын бус цагаар доод албан тушаалтандаа хандах хориотой байдаг.

Францын тэтгэврийн нас сүүлийн жилүүдэд маргаантай сэдэв болоод буй. Маргаан дагуулсан тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд тус улс тэтгэврийн насыг 62-64 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 62 гэдэг нь францууд бусад олон орны ажилчнаас хамаагүй залуудаа тэтгэвэрт гардгийг илэрхийлнэ. Дэлхийн улс орнуудын хувьд харилцан адилгүй боловч 60-62 хооронд тэтгэврийн нас нь хэлбэлздэг. Жишээлбэл, АНУ-д төрсөн оноос хамаараад тэтгэврийн нас 66, 67 байдаг. Үүний зэрэгцээ Скандинав болон Азийн зарим оронд хүн ам нь хөгширч буй тул тэтгэврийн нас аажмаар нэмэгдэх болсон.

Харин үдийн цайны цагийн тухайд ихэвчлэн 1-2 цаг үргэлжилдэг бөгөөд Францын соёл гэж тооцогддог зүйл. Үүний утга учир нь зөвхөн хоол идэхэд бус хамтран ажиллагсадтайгаа харилцаа холбоо үүсгэхэд оршдог тул “нийгмийн үдийн хоол” гэж нэрлэдэг.

Цаашилбал, францууд жилд 31 хоногийн ээлжийн амралт авах эрхтэй. Энэ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дотор хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдоно.

Дээр дурдсан хүчин зүйлсээс улбаалаад француудыг жаргаж ажилладаг залхуучууд гэсэн ойлголт тогтжээ. Гэвч тэд бага цагаар шаргуу ажилладаг. Францын бүтээмж буюу нэг цагийн дотоодын нийт бүтээгдэхүүн нь 93 ам.доллар байна.

28 настай Чарли Райдер Их Британийн иргэн бөгөөд Парис дахь гарааны компанид ажилладаг. гэвч тэр эх орондоо буцах санаагүй гэдгээ ярьжээ. Өмнө нь тэр долоо хоногт 55-60 цаг ажилладаг байсан бол Францад 37 цаг орчим ажиллаж байна. Францын хөдөлмөрийн орчин, соёл нь аз жаргалтай ажилчдыг бий болгодог гэдгийг тэр онцолжээ.

Харин 27 настай Дэвид Анаклето 2019 оноос хойш Францад ажиллаж байна. Ажилтнуудад зориулсан хөнгөлөлт бусад улсаас илүү сайн байдгийг тэр хэлжээ. Ажилчид өдрийн хоолондоо зарцуулах сарын 180 еврогийн карт авах нь хэвийн үзэгдэл аж. Энэ мөнгөний тодорхой хэсгийг ажил олгогч нь даах бол заримыг нь засгийн газраас санхүүжүүлнэ.

“Би хэдий олон хоног ажилласан ч хамт олонтойгоо үдийн хоолоо аажуу тайван иддэг байсан нь таатай. Энэ нь бидэнд нэг баг хамт олон гэсэн мэдрэмжийг өгдөг” гэж тэр хэлжээ.

Тэр бүү хэл Францад үдийн цайны цагаар ажиллахыг ариун бус явдал гэж үзэх нь ч бий.

Их Британийн улс төрийн эдийн засгийн профессор Адриан Пабст хэлэхдээ “Бидний бүтээмжийн асуудал сүүлийн 60 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт дутсанаас үүдэлтэй” гэжээ. Өөрөөр хэлбэл, аливаа байгууллага, тэр дундаа хувийн хэвшилд хөрөнгө оруулалт хангалттай байх нь ажлын бүтээмж, гарц сайн байхад нөлөөлдөг аж. Их Британид бизнесийн хөрөнгө оруулалт жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэж байгаа бол Францад 20 хувь байна. Харин Их Британийн төсвийн хөрөнгө оруулалт жилдээ дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай, Францад таван хувьтай тэнцэж байна.

Их Британид хөрөнгө оруулалт дутмаг байгаа шалтгаан нь хэт зохицуулалт болон төлөвлөлтийн шаардлага аж. Энэ нь өөрөө өөрсдөдөө аливааг улам хүндрүүлж буй нэг хэлбэр гэдгийг тус улсын Эдийн засаг, нийгмийн судалгааны зөвлөлийн дарга Стиан Вэстлейк хэлжээ.

Францууд орон сууцны зардал, төлөвлөлтийн дүрэм журмаас шалтгаалаад ажлын байртайгаа ойр амьдрахыг илүүд үздэг. Иймд тэдний ажилдаа явах зам болоод хугацаа богино байдаг гэсэн үг. Оксфорд, Кембриж зэрэг газруудыг харвал дэлхийн хамгийн гайхалтай шинийг санаачлагч, эрдэмтэд тэнд байх боловч амьдралын өртөг өндөр байдаг. Хотууд нь хэт тэлэлтээс сэргийлсэн ногоон бүсийн системээр маш хатуу хязгаарлагдсан байдаг учир орон сууц бага барьдаг. Үүнийг дагаад тэнд ажиллаж, амьдрахад хэцүү байдаг аж.

Францад ажиллах таатайг өгүүлж буй дараагийн хүн бол Жэйн. Тэрбээр британи хүн боловч Францын томоохон компаниудад 20 гаруй жил ажилласан. “Франц дахь инженерийн болон бизнесийн томоохон сургуулиуд оюутнуудаа ажилтай болгоход төвлөрдөг. Ажилд орох чиглэлийг нь сайн өгдөг. Илүү практик чиглэлтэй байдаг” гэж тэр ярьжээ.

Францын шилдэг компаниуд инженер, бизнес, эдийн засаг, технологийн чиглэлээр мэргэшсэн их дээд сургуулиудаас ажилтан авахыг илүүд үздэг. Тиймээс их сургуулиудын өрсөлдөөн нь ширүүн байдаг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-23 209.29.168.84

тийм болохоороо арабууд дүүрэн бэлэн юм хайдаг нийгэм гарч ирсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж