Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган 2024 оны Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн. Солонгосчууд энэ өдрийг баяр ёслол адил тэмдэглэн, дэлхий даяар уншигчид Хан Ганы номд хошуурч буй. Үүний зэрэгцээ түүний бүтээлийг залууст хортой гэсэн маргаан ч гарав.
Тодруулбал, сурагчдад халтай гэж үзсэний үндсэн дээр өнгөрсөн жил Кёнги мужийн бага, дунд, ахлах сургуулийн 2500 орчим номын сангаас 2528 ном зохиолыг хасчээ. Үүний дотор "Цагаан хоолтон" зохиол багтсан байна. Хан Ганы номоос гадна Нобелийн шагналт зохиолч Хосе Сарамагогийн "Сохор", Германы Шинжлэх ухааны оны шилдэг номын шагналыг хүртсэн Майкл Ройзений "Чи: Эзэмшигчийн гарын авлага", "Times Educational Supplement" сэтгүүлээс мэдээллийн чанартай оны шилдэг номын шагналыг хүртсэн Сюзан Мередитийн "Надад юу тохиолдоод байна?" зэрэг бүтээл багтжээ. Сүүлийн хоёр ном нь хүний бие махбодь, өсвөр насныхны бэлгийн боловсролын тухай юм.
Кёнги мужийн Боловсролын газраас сургуулиудад секстэй холбоотой номыг хаяхыг зөвлөсөн санамж бичгийг илгээсний дараа ийм арга хэмжээ авчээ.
Харин "Цагаан хоолтон" номыг БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Хэвлэлийн үйлдвэрлэлийг дэмжих агентлагаас залуучуудад хор хөнөөлтэй гэж үзсэн байна. Ээжүүдийн цахим бүлгэмд энэ талаар хэлэлцүүлэг өрнөжээ. "Цагаан хоолтон" ном хүүхдүүдийн заавал унших номын жагсаалтад багтсан учир бэлгийн харилцааны тухай ийм дүрслэл уншуулмааргүй байна гэж ээжүүд ярилцжээ. Тиймээс сургуульд албан ёсоор гомдол гаргана гэв.
Гэвч дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн номыг хүүхдүүдэд хориглох нь утгагүй зүйл гэж зарим хүн үздэг. Хүмүүс Хан Ганы номын хор хөнөөлийг ярихаасаа өмнө ерөнхий агуулгыг нь мэдэж байх ёстой гэж Сөүлийн нэгэн ахлах сургуулийн багш хэлжээ.
Сурагчдад халтай гэж үзэж номын сангаас хасагдсан номууд дотор "Цагаан хоолтон" багтсантай зарим мэргэжлийн хүн санал нийлэхгүй байна. ЮНЕСКО-гийн Бэлгийн боловсролын олон улсын гарын авлагад зааснаар 15 ба түүнээс дээш насны залуучууд эрүүл бэлгийн харьцааг ялгаж салгах, бэлгийн хүсээгүй дарамтыг эсэргүүцэх чадвартай байх ёстой. "Цагаан хоолтон" тэдэнд энэ талаар эргэцүүлэн бодох боломж олгох аж.
Нэргүй 2024-10-22 103.57.93.71
нобелийн шагнал гэж угаасаа утгаа алдсан,солонгосчууд мундаг юмаа нобелийн шагналд түй май гэж салаавч өгдөг,даан ч тийм байхаа гаж s** сурталчилсан ,лбгт,трансжендерийг магтан дуулсан болохоор л авсан байна,белорусыг муулсан зохиолч бас хүртэж байсан даа ливийг үнсэн товрог болгож,каддафиг алсныхаа төлөө барак хусейн обама энх тайвны шагнал ч авах шиг???