Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн хотуудын жагсаалтыг тэргүүлдэг. Зуны улиралд дунджаар 20 хэм дулаан байдаг бол өвөлдөө -15-30 болж хүйтэрдэг, эрс тэс уур амьсгалтай орны нэг. Тиймээс жолооч нар зуныхаа дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг. Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутайн дээр хөлдөх тохиолдол ч бий. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад иргэдийн эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг. Сүүлийн өдрүүдэд цас орж, хүйтний эрч чангарсан. Иймд өвлийн дугуйны үнэ, эрэлт ямар байгаа талаар сурвалжиллаа.
ӨВЛИЙН ДУГУЙНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Өгөөмөр" зах сүүлийн гурван хоногт өвлийн дугуй худалдаж авахаар зорьсон хүмүүсийн хөлд дарагджээ. Тодруулбал өмнөх долоо хоногтой харьцуулахад иргэдийн хөдөлгөөн хоёр дахин нэмэгдсэн аж. Гэсэн ч худалдаачид үнээ огт нэмээгүй, тогтмол үнээрээ худалдаалж байгаа гэх байр суурьтай байв. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр цас орсныг далимдуулан үнээ нэмэх худалдаачид ч байгаа гэдгийг хэллээ. Иргэдийн дунд приус 40,41 загварын автомашины дугуй хамгийн эрэлттэй байгаа гэнэ. Үнийн хувьд том, жижгээсээ хамаараад 70-150 мянган төгрөгийн үнээр худалдаалж байна. Харин приус 20,30 загварын машины дугуй 60-70 мянган төгрөг, прадо 150 загварын машины дугуй 150-200 мянган төгрөгийн үнэтэй байна.
Худалдаачдын хэлж буйгаар өвлийн дугуй загвар, размер зэргээсээ шалтгаалан янз бүрийн үнэтэй. Хамгийн гол нь тухайн дугуйны чанар үнэд нөлөөлөх гол хүчин зүйл болдог аж. Одоо зах зээлд худалдаалж буй ихэнх дугуй наймдугаар сард орж иржээ. Тухайн орж ирсэн 70 хувьтай шинэ гэх дугуйг, аравдугаар сард орж ирсэн 90 хувьтай шинэ дугуйтай харьцуулахад мэдээж чанарын ялгаа гарна. Үүнд нь тааруулж үнээ тогтоож байгаа учраас яг адилхан хоёр дугуйн дээр үнэ нэмэгдсэн гэх асуудал байхгүй гэдгийг тайлбарласан юм.
Түүнчлэн иргэд аль болох чанартай дугуй сонгож өөрсдөдөө эрсдэлгүй байхыг зөвлөлөө. Монголчуудын түгээмэл алдаа нь нэг авсан дугуйгаа өвөл зунгүй ашигладаг. Хэрэв улиралд нь тохируулан чанартай дугуй сонговол 2-3 жил ямар нэгэн асуудалгүй ашиглах боломжтой гэдгийг худалдаачид хэлсэн юм.
ЗУНЫ ДУГУЙТАЙ ЖОЛООЧ НАР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА
Энэ амралтын өдөр буюу аравдугаар сарын 20-нд нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас Тээврийн Цагдаагийн Албанд зам тээврийн ослын 758 дуудлага мэдээлэл, осол хэргийн шинжтэй 622 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Өнгөрсөн амралтын өдөр ирсэн дуудлага мэдээллийг ангилахад зуны улирлын дугуйтай замын хөдөлгөөнд оролцсоноор зогсоох арга хэмжээ авах боломжгүйгээс үүдэн урдах тээврийн хэрэгслийг мөргөх дуудлага мэдээлэл зонхилж байна. Мөн өгсүүр, уруу замд зуны улирлын дугуйтай тээврийн хэрэгслүүд өгсөж, уруудаж чадахгүйгээс зохиомол түгжрэл, саатал бий болсон. Энэ хүрээнд 12 автомашин мөргөлдсөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Иймд жолооч, иргэд та бүхэн тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, явах эд анги буюу тос маслоныхаа үйлчилгээг авч, өвлийн улиралд тохирсон засвар үйлчилгээнд идэвхтэй хамрагдах болон өвлийн улирлын дугуйгаа сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна” гэв.
ӨВЛИЙН ДУГУЙ СОНГОХДОО ЮУ АНХААРАХ ВЭ?
Авто машин засварын төвүүдээс тодруулснаар чанарын шаардлага хангаагүй дугуй сонгох нь машины бусад эд ангид сөргөөр нөлөөлдөг аж. Тиймээс жолооч нар өвлийн дугуй сонгохдоо дугуйн хээ болон хийгдсэн материалд анхаарах шаардлагатайг хэллээ. Дугуйн хээг өөрийн машины онцлогт тааруулан а вах нь аюулгүйгээр зорчих бас нэгэн нөхцөл болдог. Та дараах зургаас таны машинд ямар төрлийн хээтэй дугуй тохирохыг тодорхой харж болох юм. Харин хийгдсэн материалыг харахдаа дугуйн дээрх тэмдэглэгээг сайтар анзаарах хэрэгтэй.
Энэхүү тэмдэглэгээнүүдээс хамгийн гол анхаарах зүйл нь М+S гэсэн тэмдэглэгээ юм. Энэ нь шавар болон цасны зориулалттай дугуйг илтгэж байдаг. Өөрөөр хэлбэл бүх улирлын дугуй гэж ойлгоход болох юм. Мөн энэхүү дугуйн дээр цас, мөсний зурагтай тэмдэглэгээ байвал энэхүү дугуй нь мөс болон цасан дээр явахад ямар нэгэн бэрхшээлгүй юм байна гэж ойлгож болно. Мөн ганц тэмдэглэгээ бус тухайн дугуйн хэр зэрэг зөөлөн резинээр хийгдсэн буй нь тухайн дугуй мөстэй болон цастай замтай харьцах чадварт ихээр нөлөөлдөг аж.
Z 2024-10-22 66.181.180.97
Ерөөсөө энэ үхэрнүүдийг ойлгохгүй юм. Аль долоо хоногын өмнөөс л их цас орно дугуйгаа бэлдээрэй гээд байхад л цагыг тулгаж байдаг сонин үхэрнүүд шүү
Нэргүй 2024-10-22 59.153.115.11
Хуучин дугуйны үнэ мэдээж нэмэгдсэн байж таарна?! Эрэлт нэмэгдэхээр үнэ нэмэгдээгүй хэвээр байна гэдэг худлаа!!
Нэргүй 2024-10-22 66.181.181.133
цагийг нь тулгаж байж дугуйгаа сольдог монгол зан.