МАН: Энэтхэгийн Экзим банкнаас 431 сая доллар нэмж авах гэрээг байгуулна 

Хуучирсан мэдээ: 2024.10.21-нд нийтлэгдсэн

МАН: Энэтхэгийн Экзим банкнаас 431 сая доллар нэмж авах гэрээг байгуулна 

МАН: Энэтхэгийн Экзим банкнаас 431 сая доллар нэмж авах гэрээг байгуулна 

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2024.10.21/ ээлжит мэдээлэл хийлээ.


МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар:

-МАН-ын бүлэг Засгийн газраас боловсруулж буй улс орныг түүчээлэх 14 мега төслийг нэг нэгээр нь хэлэлцэж, тодорхой улс төрийн шийдвэрийг гаргаад явна. Эхнийх нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын мэдээллийг сонслоо. Монгол Улс, Энэтхэг улсын эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэрээг байгуулсан. Энэ ажил 2021 оноос эхэлж, цар тахлын нөхцөл байдал тулгарсан ч ажлууд нь үргэлжилж байгаа. Нийт дөрвөн багц ажлыг гүйцэтгэх ёстойгоор гурав нь бүрэн хэрэгжиж байна. Ажил нь удааширсан асуудлууд ч байна.

Хамгийн гол нь нэмэлт санжүүжилт шаардлагатай болсон. Энэтхэгийн талтай энэ талаар ярилцаж, хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулахаар яаравчлах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнээс гадна газрын тос олборлолтын үйл ажиллагааны талаарх явцыг сонссон. Ер нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо хангах ёстой гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж бий. Тийм учраас газрын тос боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Хуучин нэг сая 100 тоннд хүрч байсан бол одоо 530 мянган тоннд хүрч, хоёр дахин буурсан. Үүний учир шалтгааныг тодруулж, БНХАУ-ын "Петро Чайна Дачин тамсаг" ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нэг талд шийдвэрлэхгүй бол төвөгтэй байдлыг бий болгож байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ярилцлаа. Танилцуулгадаа үйлдвэрийн явц, тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын явц, үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын явцаас мэдээлэл өгсөн. Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох төсөл 2019 оноос эхэлсэн. Бид дөрвөн багцад хувааж ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний багц дуусах шатандаа яваа. Харин хоёр, гуравдугаар багц хэрэгжээд явж байгаа бол дөрөвдүгээр багц дээр нийт санхүүжилт хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч, 431 сая ам.доллараар нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Цар тахлын дараагаар бүтээн байгуулалтын өртөг хэд дахин өссөн учраас ийм асуудал үүсч байна. Энэтхэгийн Экзим банкнаас 431 сая ам.долларыг нэмж авах гэрээг байгуулснаар энэ төсөл зогсолтгүй явах нөхцөл бүрдэнэ.

Ингэснээр 2027 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Бид нэмэлт санхүүжилтын гэрээг яаравчлан байгуулах шаардлагатай байгаа.

Өнөөдрийн байдлаар "Петро Чайна Дачин Тамсаг", "Доншин" компаниуд газрын тос олборлож байгаа. Энэ онд 530 орчим мянган тонн түүхий тосыг олборлохоор төлөвлөсөн. Бидэнд нэг сая орчим тонн түүхий тосны нэмэлт хэрэгцээ үйлдвэр ашиглалтад орсноор үүснэ. Бид олборлогч компаниудтай хамтран ажиллаж, хайгуулын талбайгаа нэмж зарлана. Жишээлбэл "Петро Матад" ХХК 2024 оны аравдугаар сарын 25-нд олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. Саяхан БНХАУ-д Ерөнхий сайд "Петро Чайна Дачин Тамсаг"  ХХК-ийн толгой компанитай албан уулзалт хийж, олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр нааштай яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болсон.

1-4 дүгээр багцын гэрээнүүд яг хугацаагаа барьж ажиллана. Харин дөрөвдүгээр багц дээр гэрээ байгуулснаас хойш 36 сарын дотор ашиглалтад өгөх ёстой. Бид маш их яаравчилж, ойрын хугацаанд нэмэлт санхүүжилтээ шийдэж, УИХ-аар баталснаар хүчин төгөлдөр болж эхэлнэ. Үүнээс хойш цаг хугацаа тоологдож эхэлнэ.

Энэ нь 1.6 тэрбум ам.долларын төсөл Монголын ард түмэн зээлийг төлөх учраас богино хугацаанд ашиглалтад оруулахыг зорьж ажиллана.

Дотоодынхоо газрын тосны 55 хувийг хангахаар төлөвлөж буй. Чанарын хувьд асуудалгүй. Үлдсэн хувийг нь импортоор хангана гэсэн юм.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа болсон. Тус үйлдвэр нь  Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд жилд 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай гэж тооцоолж байгаа. Ингэснээр хэрэглээний 55 хувийг хангах юм. 

 "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг:

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл огт тасраагүй. Цоо шинэ хүнд аж үйлдвэрийн төслийг хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Дараа дараагийн ийм бүтээн байгуулалтыг эхлэхэд мөн л их хугацаа орно. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт замаасаа эхлээд бүх ажлыг шинээр хийж буй. Инженерчлэлийн ажил гэхэд 2-4 жил үргэлжилдэг. ТЭЗҮ боловсруулаад л ажил эхлэдэг гэж ойлгодог. Тус тусдаа 12 үйлдвэрийг байгуулна. Зураг төсөл нь таван үе шаттай байх жишээтэй.

Итгэл алдах зүйл байж болохгүй. Энэтхэг, Монгол улсын Засгийн газрын хооронд өндөр хэмжээнд зохион байгуулж байна. 12 улс орон компаниуд энэ бүтээн байгуулалтад оролцож байгаа.

Манай үйлдвэрийн төслийг МАН-ын бүлэг өөрөө санаачлан хэлэлцлээ. Би ам бардам ашиглалтад орох хугацааг хэлэх боломжгүй. Энэтхэгээс хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтыг нэмэгдүүлэх санал ирүүлэхэд шат шатандаа маш олон зөвшөөрөл шаарддаг. УИХ-ын байнгын хороо, Засгийн газраар орно. Ганц хүн бие даан шийдвэрлэх боломжгүй. Ажилчид Монголд жил жилээр, сар сараар визээ сунгуулан ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 251 сая ам.долларын санхүүжилтыг зарцуулсан. Энэ төслийн явцыг гадаадын компаниуд хянаж байгаа. Энэ санхүүжилт Монголын банк руу орж ирдэггүй. Гүйцэтгэгч нь Энэтхэг улсын компани учраас шууд тэр компани руу шилжүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж