Уяхан замбуу тивийн наранд жаргаж, маргад тэнгэрийн чулуун зүмбэрт зорчих дор

Уяхан замбуу тивийн наранд жаргаж, маргад тэнгэрийн чулуун зүмбэрт зорчих дор

Уяхан замбуу тивийн наранд жаргаж, маргад тэнгэрийн чулуун зүмбэрт зорчих дор

/Аяллын тэмдэглэл /


2024 оны наймдугаар сарын 4 -ний өглөө, арван жилийн нэг ангийн бидний хэдэн охид хөвгүүд өмнө ярьж тохирсон ёсоор алдарт  Их газрын чулууг үзэхээр Дундговь аймгийн Гурван сайхан сумыг зорин одвой,

УБ-аас Гурван сайхан орох замд Дундговь аймгийн тухай юу мэддэгээ эмхэлж эхэлтэл алдарт Онги голын хөдөлгөөн , Салхитын мөнгөний ордын дуулиант хэрэг цаашлаад гүүний саам бялхсан айраг, исгийн нутаг, дуу хуурын өлгий, нэрт уртын дуучийн төрсөн нутаг гээд ураад хаясан цаас шиг мэдээллүүд санаанд хэсэг бусгаар бууж байлаа.

Оройн нар буухын өмнөтэй энэхэн замбуулингийн ариун дагшин газар орны нэг болох Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Их газрын чулуу” байгалийн цогцолборт газарт аяны дөрөө мултлав.

Өмнө нь энэхүү газар орны сайхныг шагшсан олон мэдээ мэдээлэл үзэж, сонсож байсан боловч өөрийн биеэр анх удаа ирээд байгалийн ер бусын яруу тансагт сэтгэл алдарч дээр хөхрөгч тэнгэр, алтан наран, дороос тулах говь цайдам , дэргэд дүнхийх их чулуун уулс нь гандирсан хотод буусан мэт,

Салхины үзүүрээс таанын үнэр анхилан их чулуун хоригт оройн нар жаргах нь хосгүй үзэсгэлэнтэй. Ариун дагшин газар нутаг, зүмбэрлэх уулсын сүрд дарагдаж, эх орон минь гэх далд бахархал асгарна.

Уран байгалийн төгс хосгүйд нүд, сэтгэл алдарч уяхан замба тивийн наран дор таанын салхинд илбүүлэн баяр хөөрт бялхсан бид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Японы Фүкүокагийн "Азийн соёлын шагнал"-т зууны манлай уртын дууч Н.Норовбанзад,  зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва  агсан нарын гэгээн дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөө, задгай театрт зочилсон нь давхар баяр нэмж хүүхэд мэт хөл алдан гүйлдэж, баясан шуугилдаж сэтгэл оюуны цэнгэлд умбан амьдын жаргал эдэлвээ…

Хөх нуруут монголчуудын наран болсон авьяасын бурханд өргөсөн тэнгэрлэг хөшөөний өмнө сүрдэн зогсохдоо өвөг дээдсийнхээ бүтээсэн эгшиглэнт шүтээн Уяхан замба тивийн наранд сүслэн залбирав. "Уяхан замбуу тивийн наран” уртын дууны бадгийг хөшөөн дээр сийлжээ.

  • Жаа, Уяхан замба тивийн наран
  • Илхан бүх дэлхий даяханаа /раа/
  • Мөхдөлгүй мандан мандсаар байхыг чинь
  • Мэдсэгээр л биш үү дээ.
  • Та мину зээ…

Дууны бадагт, наран бүх дэлхийн хамаг амьтныг сайн муу хэмээн ялгал үгүй гийгүүлдгийг яруу тансгаар өгүүлжээ.

Уяхан замба тивийн наран жаргах, миний сэтгэлд  нуугдах  дурсамжууд урин салхины сэвшээнд шивнэх зэрэгцэнэ.

Цагийг эзэлсэн их дуучны охин улстөрч Банзрагчийн Дэлгэрмаа бол миний дарга байлаа. Миний юу байхав, бидний дарга л даа.  Бид түүнийг Дээгий дарга л гэж дуудна.

Түүнийг 1998 онд Монголын Үндэсний Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон цагаас намын ажлын шугамаар танилцаж ажил хэргийн хамтрагч болсон билээ.  Үүнээс хойш 2003-2010 онуудад Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчийн албыг хашиж байхад нь түүнтэй долоон жил хамт ажиллах завшаан  тохиож билээ.

Б.Дэлгэрмаа дарга АЭХ-ны ерөнхийлөгч болсон яг тэр жилээ “Норовбанзад сан”-гаа байгуулж байлаа. Дээгий дарга нам улстөрийн амаргүй ажлынхаа зэрэгцээ сангийнхаа ажлыг удирдаж, монголчуудын оюун сэтгэлгээний давтагдашгүй  үнэт өв уртын дууг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, судлах, залуу үед өвлүүлэх гээд мундашгүй их ажлаа түүртэхгүй амжуулж энэ тухайгаа бидэнд харамгүй хуваалцдаг байв. 2006 онд УИХ-аас Их Монгол Улс байгуулагдсаны 800 ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан нь зууны манлай уртын дууч Н.Норовбанзад агсны 75 насны ойтой давхцав.

Дээрх хоёр ойд зориулан Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Японы Фүкүокагийн "Азийн соёлын шагнал"-т зууны манлай уртын дууч Н.Норовбанзад агсанд зориулан гэрэлт хөшөөг төрсөн нутагт нь байгуулах,  харин зуны  задгай театрыг замбуулингийн хоёр алдарт уртын дуучин Ж.Дорждагва, Н.Норовбанзад агсан  нарын нэрэмжит болгон байгуулахаар шийдвэрлэсэн болохыг  Дээгий  дарга бидэнд ярьж байсан нь санаад тодхон.

Тэр зун Дэлгэрмаа дарга гэрэлт хөшөө, зуны театрын нээлтэд биднийг урьсан боловч би очиж амжаагүй юм. Энэ олон жилийн дараа анх удаа сая нэг юм ирэхдээ   цагийг эзэлсэн их дуучны хөшөөний нээлтэд ирэхгүй яав даа?  хэмээн харуусаж зогсов. Миний харуусалд  "Уяхан замбуу тивийн наран” уртын дууны энэ  бадаг хариу өгөх мэт

  • Жаа, үүлэн чөлөөний наран мэт
  • Өчүүхэн явах энэ насаа
  • Үнэн мөнх дор барьж
  • Үгүй муухайгаар хууртдаг
  • Жаа, биш үү та мину зээ,,,

Дээгий дарга, аймгийхантайгаа Их газрын чулуунд ээжийнхээ хөшөөг сүндэрлүүлж  ирчхээд  АЭХ-ны бид хэдтэйгээ цайлж суухдаа ,,,Ижийнхээ гэрэлт хөшөөг яг төрсөн нутагт нь босголоо. Хөшөөнөөс ээжийн маань төрсөн өвөлжөөний бууц, түүний нэрэмжит зуны задгай театр харагдаж байхаар Сонинбаяр ламтай хамт сонголоо. Та нар нээлтэд ирэхгүй дээ  хэмээж билээ.  Даргын энэ  ярианаас хойш уртын дуутай холбоотой мэдээ мэдээлэл таарвал заавал унших болж мөн  монгол түмний  зууны манлай эрэгтэй дуучин Ж.Дорждагва агсан Дундговийн Сайхан-овоо суманд зууны манлай эмэгтэй дуучин    Н.Норовбанзад агсан  Гурван сайхан суманд мэндэлж нэг аймгаас монгол тулгатаны  уртын дууны  хоёр их алдартан төржээ гэдгийг гадарлах болов.

,,, Ангийн охид хөвгүүд баясан шуугилдсаар ,,,, тэд минь сургуулиа төгсөөд 40 жил болж байгаа боловч багын хөөрхөн төрхөөрөө сэтгэлд минь  зурагдан үлджээ. Бид оройн нарны шаргал туяа тусах хөшөөний хэсэгт

  • Дээд тэнгэрээс газарт унасан эрдэнэ
  • Дэлхийд багтахгүй гэгээн аялгууг
  • Одонд хүргэсэн хатан хаан,,,,  хэмээх хайкү  дээр олуулаа, хоёроороо, гурваараа баахан сүүдэр татуулж,  бие биеэ тэвэрч тавьж, цэнгэлийн манлай эдэлж аваад  цааш хоёр алдарт дуучны нэрэмжит зуны театрыг зорив.

Энэхүү гэрэлт гурван мөрийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсан замбуу тивийн их дуучинд зориулан өргөжээ.

Үүнийг би хайкү  гэж нэрлэснийг өршөөнө үү. Учир нь хайкү цөөн үгээр ихийг илэрхийлэхийг гол зарчим болгодог нь энэ агуулгад нийцэх юм бол уу,,, гэж бодсоных,,,

АЭХ-ны ерөнхийлөгч Б.Дэлгэрмаа даргын надад үзүүлсэн нөлөө мөн төрийн ёслол хүндэтгэлийн олон сайхан арга хэмжээнд уригдаж мөн зохион байгуулалцаж явахдаа уртын дууны гайхамшгийн талаар бага сага уншиж олж мэдсэнээ дашрамд жаахан хуваалцвал Та бүхнийг чилээчихгүй байгаа.

Өвөг монголчууд нэн эртнээс энэхэн замбуулингийн амьтай бүхнийг тэтгэгч дээд хүчийг МӨНХ ТЭНГЭР хэмээн үзэж ЭЦЭГ ТЭНГЭР /тэнгэрийн ивээл соёрхол, ЭХ ЭТҮГЭН ГАЗАР /газрын ивээл соёрхол/ хэмээн сүслэн дээдэлж нар, сар, цэнхэр дэлхий, сав шимийн өгөөмөр агуу хишиг буяныг талархан хүндэлж улмаар өв соёл, уламжлалдаа дархлан мөнхөлж ирсэн байдаг. Үүний нэг жишээ болох “Уяхан замба тивийн наран” айзам уртын дуу бол наранд өргөсөн “Нарны дуулал”.

Монголчууд нарыг дээд хүч ТЭНГЭРИЙН ГАЛ хэмээн үзэж түүний илч гэрэл, хүч, эрчмийг дээдлэн шүтнэ.

Уртын дууг ая, хөгжмийнх нь талаас аялгууны уртатгал, царааг харгалзан:

  • Айзам уртын дуу
  • Суман буюу жирийн уртын дуу
  • Бэсрэг уртын дуу гэж ангилах ба агуулга талаас нь магтаал дуу, сургаал дуу, түүхэн дуу, уянгын дуу, аж байдлын дуу хэмээн ангилдаг байна.

Уртын дуу бол амьсгааны дээд урлаг. Нугалаа, айзам, цохилог, шуранхай зэргийг маш уртаар аялгуулж, чангаар дуулахдаа олон янзын эгшиг чимэглэл үүсгэн, хүнгэнүүлж, хангинуулж, цангинуулж, шуранхайлж дуулах нь дэндүү уран тансаг. Дээд өнгө, дан шуранхай, давхар шуранхай, тавилт гэх мэт хоолойны цар хүрээ, чадал шаардсан дууны том урлаг юм.

ШУРАНХАЙ-г уртын дууны ТӨГС ГОО САЙХАН гээд  товч дүгнэвэл бараг дөхөх болов уу? Шуранхай нь айзам болон суман уртын дууны өндөр өнгийн оргил хэсэгт хийгддэг аялгууны ур хийц гэнэ.

Шуранхай бол уртын дуугаар дамжин илэрхийлэгддэг монголчуудын оюун сэтгэлгээний хязгааргүй алсралыг илтгэдгээрээ хосгүй гайхалтай. Монголчууд шуранхайлж сураагүй хүнийг уртын дуучинд тооцдоггүй байжээ. Дуучин хүн чадварлаг шуранхайлах нь дууг улам цараалга, ингүүмэл өнгө аясаар баяжуулж сансар хорвоогийн цаглашгүй орон зайг санагдуулах аж.

Монгол уртын дууны шуранхайг алдарт уртын дуучин Н.Норовбанзад агсан 20-р зуунд шинэ түвшинд хөгжүүлж, царааг тэлж, шуранхайн хосгүй ид хавыг дэлхий дахинд таниулсан гэдэг.

“Уяхан замбуу тивийн наран” уртын дууг “Их замбуу тивийн наран” гэх хувилбараар мөн дуулагддаг байжээ. Боржигин нутагт “Уяхан замбуу тивийн наран” нэрээр дуулдаг байна.

Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад “Уяхан замбуу тивийн наран” дууг боржигин суурьтай аязаар тайзны уртын дуу болгон дуулжээ.

Боржигинчууд “Уяхан замбуу тивийн наран”-г өдөрт нэг л удаа дуулдаг. Олон удаа дуулах нь хүндэднэ хэмээн цээрлэдэг гэх яриа бий. Зууны манлай уртын дуучин Ж. Дорждагва агсан тус дууг ,,,Аялгуугаар зурвал дөрвөлжин маягтай гэсэн үг. Хоёр удаа хүчтэй доршоогоо суурь өнгө хутгаж авна. Мөн өндөр давхар шуранхай хийнэ,, хэмээн дүгнэсэн гэдэг.

“Уяхан замбуу тивийн наран” бол мөнх тэнгэрийн нэгэн эрхэс нарыг болон замбуулингийн хүмүүний явдал мөр, ёс суртахууныг сургамжилсан утга гүн ухаарлын дуу болох нь дараагийн бадгуудаас харагдана.

  • ,,,Жаа
  • Идэр цовоо сэргэлэн насандаа
  • Эс сурсан эрдэм буяны үйлийг
  • Өтөлж харьсан хойно
  • Эргэж сурдаг маань
  • Маш бэрх бишүү дээ
  • Та мину зээ ,,, гээд л үргэлжилнэ.

Тэнгэрийн гал нарны тухай ам нээснийх монголын хаад язгууртнуудын бэлгэдэлийн болон эдийн соёлын нэн ховор нандин өв НАРНЫ БЭЛГЭДЭЛ “БЭРС”-ийн талаар өгүүлэхгүй байж болохгүй болов уу?

Эртний Хятадын Хан улсын түүхч Сыма Цянь алдарт “Түүхэн тэмдэглэл” бүтээлдээ ,,, Хүннүгийн шаньюй өглөө наранд, орой саранд мөргөдөг,,, тухай бичиж үлдээсэн гэдэг.

Үүнийг нотлох археологийн хосгүй үнэт олдворыг хэдэн жилийн өмнө  Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Улаанбаатарын Их сургуулийн багш, профессор, археологич, Д.Эрдэнэбаатараар ахлуулсан багийнхан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын талын “Гол мод 2”- оос олсноо зарлаж олныг шуугиулж байлаа. Уг малтлагаар 2000 гаруй жилийн өмнөх Хүннүгийн хаад, язгууртнуудын ахуйн соёлдоо хэрэглэж байсан шижир алтаар урласан луу дүрст дүгрэг хэлбэрийн наран лугаа алтан чимэглэл олжээ.

Хүн нар  энэхүү дүгрэг алтан урлалыг бүтээхдээ нарны халуун цөмийн урвалыг, сүр хүчит ганц эвэртэй, архирч буй луу, ирвэсийн толгой хүзүүтэй, барсын биетэй, баруун, зүүн хаан дээрээ далавчтай нисдэг жигүүрт хүчирхэг амьтны дүрсээр илэрхийлж нарны бэлгэдлийг бүтээжээ.

Нарны гэрэл, гариг дэлхийг хормын зуурт гийгүүлэхийн адил маш холын зайнд ер бусын хурдан хүрдэг, үлэмж хүч чадалтай, ялагдашгүй, жигүүрт тэнгэрийн хий аранга амьтныг оюун санааны хийсвэрлэлээр зураглан "БЭРС" хэмээх нэрлэж нарны бэлгэдэл болгон шүтдэг байжээ. Монголчуудын нарыг шүтэн дээдлэх  хүндэтгэл шүтлэг ийн буюу,,,

Энэ удаагийн аяллаар дундаршгүй их өв соёлын өлгий дуу хуурын манлай  Дундговь аймгийн талаар багаүй зүйлийг мэдэж ирлээ. Тус аймаг нь Монгол улсынхаа төв хэсэгт тоононы нар голлох мэт орших нарлаг /жилд тохиох нартай өдрийн тоо харьцангуй олон/ буган чулуун хөшөө, хадны зураг,дөрвөлжин булш, хиргисүүрүүд, чулуун ба хүрэл зэвсгийн суурин, дарханы газар, Замбага хайрхны хүннүгийн булш, эртний бэхлэлт, цайз хэрэм, дундад зууны үеийн шаазан хотын туурь, эртний далайн үлдэц Цагаан суварга, Морин толгойн Цав, Өөш манхан гэх өвөрмөц тогтоцтой байгалийн шавар цав, элсэн манхан Их, бага газрын чулуу зэрэг боржин чулуун уул, заг, хайлаасан төгөл, Олдох, Гурван төгрөг, Эргэнэг, Хаяа, Нэмнээ, Номгон, Хайрхан, Загийн ус зэрэг үзэсгэлэнт газрууд цогцолсон цаашлаад Сайхан-Овоо сумын нутаг дах Өгөдэй хааны өвөлжөө, мөн хааны тэнгэр хальсан газар нутаг, Адаацаг сумын Сүм хөх бүрдэд их хаадын намаржаа, эртний төрт улсуудын үед холбогдох булш бунхан гээд археологийн судалгааны яндашгүй өвийг хадгалсан тоочоод баршгүй нүүдэлчдийн буурал түүх соёлын баялаг үнэт өвийг агуулсан хүннү дээдсийн алтан өлгий газрын диваажин болой.

Ийнхүү бид нарны илч ус мэт газрын хээлд шингэсэн Дунд говийнхоо уяхан замбуу тивийн наранд жаргаж, “Их газрын чулуу”-н зүмбэрт 2 өдөр мартагдашгүй тансаг дурсамжаар дүүрэн аялаад ирлээ.

  • Эгшиглэнт шүтээн “Уяхан замбуу тивийн наран”-д мөргөмүү.
  • Мөнх тэнгэрт мандах их замбуу тивийн наранд мөргөмүү.
  • Маргад тэнгэрийн чулуун зүмбэр Их газарт мөргөмүү,,,

2024.8.4-7

Дундговь, Гурвансайхан -УБ

Д.Аззаяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-21 202.9.40.255

Дандаа хэрүүл тэмцэлийн тухай уншиж байсан чинь яасан сайхан зүйл уншчихав даа. Сэтэгл тайвшраад энэ газарт очиж үзмээр санагдчихлаа. Ирэх жилийн зун заавал очноо.

Avatar

Нэргүй 2024-10-21 103.168.34.58

Охин нь ээж шигээ байж чадсангүй улс төрд орооцолдоод

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.186.41

Өндөр боловсролтой, сайн улс төрч эмэгтэй.
"Эрхэмсэг оршихуй" гэх ухагдахууныг 21-р зууны эхэн үеийн Монголын залуучуудын дунд төлөвшүүлахэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн дээ.

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.176.110

улс төр ажил мэргэжил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж